Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн өөрчлөлт “ӨДӨЛЖ” амжих уу?!

А.Алиман
2017 оны 8 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, энэ хүрээнд аль хэдийнээ хийгдээд эхэлсэн ажил, алхмын талаар танилцуулсан ажлын хэсгийн гишүүдэд Ерөнхийлөгчөөс гадна Ардчилсан намыг тэргүүлж явсан хоёр ч том улстөрч болох З.Энхболд, Н.Алтанхуяг нар нэлээн хатуу байр суурийг илэрхийлсэн нь анхаарал татаж байна- 

Монгол Улс нийгэм, эдийн засгийн тогтолцоогоо үндсээр нь өөрчилсний дараа 1992 онд өнөөгийн шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталж байв. Үүнээс хойш 1999 онд буюу Ардчилсан хүчнийхэн парламентад олонх байх үедээ арванхоёрдугаар сарын 23-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж, үүнийг нь ердөө маргааш өдөр чуулганаар хэлэлцэн баталж байсан түүх бий.

Гэвч Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж иргэн С.Нарангэрэл нарын иргэд Цэцэд гомдол гаргаж, Үндсэн хуулийн цэцээс 2000 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот дүгнэлт, 2000 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 2 тоот тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болгож байжээ.

Харин уг маргааны дараа тэр үеийн МАХН буюу одоогийн МАН парламентад олонх байх үед 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулж байсан юм. Энэ дашрамд, заавал дурдах ёстой нэг зүйл бол 2012-2016 оны парламент буюу Ардчилсан нам арай олон суудалтай байх үед Үндсэн хуулиар оролдох асуудал нэлээн хүчтэй босож ирсэн ч боломж бүрдээгүй явдал.

МАН олонх үед Үндсэн хуулийг өөрчилж байсан түүх давтагдах уу?

Дээр дурдсан он цагийн дээрх товчоог анзаарвал өнөөгийн Үндсэн хуулийг анх батлах үед ч, дараа нь нэмэлт, өөрчлөлт оруулах үед ч МАХН буюу МАН хууль тогтоох байгууллагад олонх байжээ. Тэгэхээр түүх эргэнэ гэдэг шиг өнөөдөр МАН олонх байх үедээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санаачилгыг аван шамдаж байна. Сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс хойш Монголын парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тэрчлэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэдэг хоёр ч шинэ хуулийг батлан гаргажээ.

Энэ утгаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүрвэл өмнөхийн адил МАН парламентад олонх байгаа ч өмнөхөөс ялгаатай нөхцөл гэвэл хоёр ч “босго” шинээр нэмэгдсэн мэт. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өмнөх шиг парламент дахь олонхоор хүч түрэх биш журмын тухай хуулиар зохицуулна, тэрчлэн Зөвлөлдөх санал асуулгын хуулийн дагуу Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтыг хөндөхдөө хүрвэл заавал иргэдийн санал асуулгыг явуулна гэсэн хоёр ч хамгаалалт.

УИХ-ын 76 гишүүний 57 нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн тохиолдолд тухайн хууль хүчин төгөлдөр батлагдсанд тооцогдох журамтай. Өнөөдөр УИХ-ын 76-гийн 65 суудал нь нэг намын гарт байгаа тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ногоон гэрлээр баталж, түүхийг давтах нөхцөл нэгэнт бүрджээ. Тэрчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 5 зүйл 22 заалт бүхий төслийг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд эрх баригчид аль хэдийнээ иргэдээс хэлэлцүүлээд эхэлсэн билээ.

Энэ явцын талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өчигдөр танилцуулжээ. Уг уулзалтад Ерөнхийлөгчөөс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар байлцсан байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, энэ хүрээнд аль хэдийнээ хийгдээд эхэлсэн ажил, алхмын талаар танилцуулсан ажлын хэсгийн гишүүдэд Ерөнхийлөгчөөс гадна Ардчилсан намыг тэргүүлж явсан хоёр ч том улстөрч болох З.Энхболд, Н.Алтанхуяг нар нэлээн хатуу байр суурийг илэрхийлсэн нь анхаарал татна.

Тэдгээрийн тус тусдаа илэрхийлсэн байр суурийг нэгтгэн харвал энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй нь тодорхой болж байна. Бүрэн эрхийн хугацаа нь дөнгөж эхэлж буй Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихаар байгаа нь эрх ашгийг нь хөндөж буй нь гарцаагүй ч төслийг эсэргүүцэх өөр үндэслэл, болгоомжлолуудыг ч бас дурджээ. 

Ерөнхийлөгчийн байр суурь ба ард нийтийн санал асуулга

Ерөнхийлөгчийн саналыг сонсохоор танилцуулсан асуудал, тэр тусмаа ийм “том асуудлын хариу тэр дороо ойлгомжтой болж байсан түүх ховор байх. Танилцуулсан асуудлаар хэдэн өдрийн дараа хариу нь бичгээр хүргэгддэг, тэр нь нэлээн хэдэн өдрийн дараа ил болдог нь бараг жишиг байх. Харин энэ удаад Ерөнхийлөгч болон түүний дэргэдэх хоёр том улстөрчийн байр суурь ил тод, илэн далангүй байснаараа онцлог гэмээр.

Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа. Нэгд, та нар ингэж шууруулж болохгүй. Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэг хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн олон нийтэд хэрэгцээтэй зүйл байвал ярьж болох талтай. Гэтэл салбар хуулиудаараа Үндсэн хуулийг “будаа болтол” шүршээд юу ч биш болгочихлоо шүү дээ” гэсэн бол З.Энхболдын зүгээс “60 тэрбумын асуудлыг шийдсэний дараа энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих ёстой. 60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг урьдчилан зарсан асуудалтай холбоотойгоор бүрдсэн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс МАН-ын олонх бүхий өнөөгийн УИХ-ыг 60 тэрбумын гэх асуудлаар ороож “хууль ёсны” эсэхийг нь хөндсөн хоёр дахь сануулга энэ болов.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар нэгэнт хэлэлцээд эхэлбэл дундуур нь хэлэлцүүлгийг завсарлаж, өөр асуудал хэлэлцэх нь хуулиар хориотой тул ган, гачиг, өвөлжилт гээд цаг хэцүү үед бусад асуудлыг яах талаар бодолцох ёстойг Ерөнхийлөгч мөн сануулсан байна. 

Харин судлаачдын хувьд нэг асуудал эмзэг байгаа нь “Ард нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уг хууль батлагдсанд тооцно. Санал асуулгаар батлагдсан хуульд УИХ ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхийг хориглоно гэж заасан” байдаг явдал.

Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болгох эсэх, Засгийн газарт чиглэл өгөх гэх мэт эрх байх эсэхийг ард түмнээр шийдүүлэхээр санал асуулга явуулж байгаа талаар” дурджээ. Тэгэхээр ард түмний санал асуулгаар шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр уг хууль батлагдах магадлал ч байгаа бололтой.

Зураг