Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

О.Сэлэнгэ: Бид барилгаа барья, Хотын дарга та газар өгнө үү

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчдад тулгамдаж буй асуудлаар болон Хотын дарга С.Батболдод хандаж өнөөдөр “Гэгээ-9” Сууц Өмчлөгчдийн Холбооноос мэдээлэл хийлээ.

Энэхүү орон сууц нь анх 1946 онд баригдсан, тус байранд нийт 309 айл өрх амьдарч байна. Эдгээр айл өрх шинэ байрандаа орж чадахгүй байгаа ба “Гэгээ-9” СӨХ-ны эзэмшлийн газарт орон сууц барих асуудлыг эрх баригчид дэмжихгүй байгаа аж.

“Гэгээ-9” СӨХ-ны захирал О.Сэлэнгэ “Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нийтийн эзэмшлийн талбайд “Гэзэгийн худаг” компани барилга барихаар төсөл санаачлан, шинээр хороолол босгохоор ажил явагдаж байсан. Гэтэл энэ хооронд хотын шат шатны удирдлагууд газрыг тасдаж өөрсдийн газар болгож авсанаар газрын хэмжээ багасаж, тухайн компанийн хөрөнгө оруулалт буцсан байдаг.

Одоо нийтийн эзэмшлийн талбайд орон сууц барих асуудал нь Нийслэлийн Засаг даргын мэдэлд байгаа. “Гэгээ-9” СӨХ-ны мэдэлд нийтийн эзэмшлийн талбай байдаг. Энэхүү талбайд орон сууц барьж 309 айл байранд орох бүрэн боломжтой байтал дээд албан тушаалтнууд дэмжихгүй байна.

Хөрөнгийг нь 100 айлын төсөлд олоод ирсэн байхад үүнийг дэмжихгүй, эрх мэдэлтэй дарга нар өөрсдөө газрыг нь авч барилгаа босгоод байна. Боломжтой төслүүдийг бүх шатны дарга нар дэмжээгүй.

Тиймээс одоо Хотын дарга та шударгаар, хуулийн дагуу энэ газрыг бидэнд өгөхийг хүсэж байна. Бид барилгаа барья, хотын дарга та газраа өгөөд, хяналтаа тавиад ажиллаач ээ.

2018 оны хавар барилгын ажлыг эхлүүлбэл, өвөл арванхоёрдугаар сараас өмнө дуусах бүрэн боломжтой байна" гэв.

Мөн энэ үеэр 100 айлын нийтийн цагаан байрны дийлэнх нь амьдрах аргагүйд хүрч, байрнаасаа гарч, бусдын гэрт амьдарч байгааг "Гэгээ-9" СӨХ-оос хэлж байлаа.