Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Энэтхэг-Хятадын армийнхан телевизээр хэрэлдсэн нь

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн сар гаруй хугацаанд Энэтхэг-Хятад улсуудын хооронд Хималайн уулс дээр үүссэн хилийн зөрчил эрчимжээд байгаа билээ. Бутантай хил залгаа Докламын өндөрлөгт Хятадын арми автозам тавьж эхэлснийг Энэтхэгийн хилийн цэргүүд зогсоох оролдлого хийснээр Азийн хоёр том гүрний харилцаа муудаад байна.

Тэгвэл энэхүү маргаан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлжилсэн явдал болжээ. Хятадын төв телевиз CCTV хоёр талын цэргийн мэргэжилтнүүдийг оролцуулсан шууд ярилцлага зохион байгуулсан юм.

Энэтхэгийн талаас чөлөөндөө гарсан хошууч генерал Ашок Мехта оролцсон бол Хятадын талаас батлан хамгаалах яамыг төлөөлж, хурандаа Жоу Бо оролцжээ.

Эхлээд Мехта генерал хоёр талын харилцааг хүндрүүлэх ажлыг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийж байгааг шүүмжлэн удаан нуршуу яриа эхэлсэн байна. Гэвч Жоу хурандаа сонсож тэвчилгүй ахмад генералын үгийг тасалж “Гол нь та нар Хятадын нутаг дэвсгэрт орж ирээд байна. Генералаа, та хэт их ярьж байна, ингэвэл ярилцлага зөв явагдахгүй” гээд “Би хэдхэн секундэд үгээ хэлье. Та нар Хятадын газар нутаг дээр байна. Тиймээс та нар дайныг хүсээгүй л бол явах хэрэгтэй!” гэж хэлсний дараа удалгүй ярилцлага дууссан байна.

Үнэндээ Докламын өндөрлөгийг Бутан, Хятад улсууд булаацалддаг, олон арван жил хилийн маргаантай байгаа газар юм. Хятадын тал энд зам тавьж эхлэхэд, Бутан өөрийн өмөг түшиг болсон Энэтхэгээс тусламж гуйснаар тэмцэл эхэлжээ.

Өчигдөр буюу Лхагва гарагт Хятадын гадаад хэргийн яам Энэтхэгийн 400 цэргээс 40 нь үлдэж, байдал намжиж байгааг мэдээлсэн юм. Харин үүний дараа Энэтхэгийн тал ганц ч цэрэг хилээс татаагүй хэмээн дээрх мэдээллийг няцаажээ.

Эх сурвалж: CCTV