Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчирхийлэгч нь хохирогчтойгоо гэрлэвэл ялаас мултардаг хуулийн заалтаа Иордан улс цуцаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хүчирхийлэгч нь хохирогчтойгоо гэрлэвэл ял шийтгэлээс зайлсхийж болдог эрүүгийн хуулийн заалтаа Ойрх Дорнодын Иордан улсын парламент хүчингүй болгожээ.

Уг заалтыг өөрчлөх, хэвээр үлдээх боломж байсан ч парламент бүхэлд нь хуулиас хасаж, гэмт этгээдүүдэд бултах цоорхой үлдээхгүй байхаар Мягмар гарагт шийдсэн байна. Шийдвэрийг парламентын дээд танхим удахгүй хэлэлцэж, дэмжсэний дараа Иорданы хаан Абдулла II батлах юм.

Шинэ хуулийн заалтаар 15 хүртэл насны хохирогчтой хүчингийн хэрэг үйлдэгчдэд долоо хүртэл жилийн хорих ял онооно. Өмнөх заалтын дагуу бол гэмт этгээд хохирогчтой гэрлэж, доод тал нь гурван жил хамт амьдарсан тохиолдолд ял шийтгэл амсдаггүй байжээ.

Ойрх Дорнод, Арабын ертөнцийн хүний эрхийн төлөө тэмцэгчид дээрх шийдвэрийг түүхэн үйл явдал хэмээн тэмдэглэж байна. Зөвхөн Иордан биш, нийт бүс нутгийн хүний эрхийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж тэд үзэж байгаа юм.

Иорданы хууль зүйн яамны тоо баримтад дурдсанаар 2010-2013 онуудад жил бүр дунджаар 300 орчим хүчингийн хэрэг бүртгэгдсэний 159 нь ийм шалтгаанаар ял шийтгэлгүй өнгөрч байсан гэнэ. Гэхдээ хүний эрхийн байгууллагууд уг тоог нэлээд дарсан дүн гэж үзэж байгаа ажээ.

Учир нь зарим тохиолдолд хүчингийн хэргийн хохирогч болсноо мэдээлсэн эмэгтэйчүүд “нэр төрийн аллага”-ын бай болдог гэнэ.

Сүүлийн жилүүдэд Арабын ертөнцөд байдал сайжирч, Мороко, Тунис, Египет зэрэг орнууд дээрхтэй ижил төстэй хуулийн заалтуудаа цуцалсан бол Ливан, Бахрейнд өөрчлөх тухай хэлэлцэгдэж байгаа юм.

“Өөрийг нь хүчиндэгчтэй гэрлэх”-ийг дэмждэг ийм хууль өнөөдөр Латин Америкийн хэд хэдэн орон, Филиппин, Тажикистанд бас хэрэгждэг гэнэ. Өнөөдөр дэлхий даяар нийт нэг тэрбум орчим эмэгтэй амьдралынхаа туршид бэлгийн хүчирхийллийн хохирогч болдог гэсэн НҮБ-ын тоо баримт байдаг ажээ.

 

Эх сурвалж: Independent

 

Зураг
13 | 11 | 10 цаг