Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад сурахад дамждаг алхмууд

ikon.mn
2017 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Гадаад хэлийг сурч байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь тухай хэлээр ярьдаг орондоо очин сурч мэргэжил эзэмших байдаг. 

Гэхдээ энэ хүсэл санаснаар амархан бүтнэ гэдэг үгүй бөгөөд заавал тодорхой үе шатуудыг дамждаг. Ихэнхи хүмүүс эдгээр нарийн үе шатуудыг мэддэггүй бөгөөд үүнээсээ болоод цаг хугацаа цаашлаад эдийн засгийн хувьд хохиролтой үлдэх тохиолдлууд гардаг. 

Дараах бүдүүвч нь “Гадаадад сурахад дамждаг алхмууд”-ыг харуулж байна.

 

Та бүхэнд дээрх алхмуудыг нарийвчлан үзүүлье.

 

Хүмүүсийн дотор гадаадад сурна гэсэн төсөөлөл эсвэл хэзээ нэгэн цагт үүнийгээ хийнэ дээ гэсэн бодол байх нь шийдвэр гаргалт биш юм. Шийдвэр гаргалт нь хэзээ хаашаа явахаа тодорхойлсон зорилтуудаар баяжигдсан үйлдэл юм. 

Уг үйлдлийг хийхийн тулд одоогийн байгаа нөхцөл байдлаа сайтар тодорхойлж, гадаадад сурах нь өөрт нь ямар ашигтайг, ирээдүйн амьдрал, ажлын зорилгод нь хэрхэн нийцэж байгааг ихээхэн тунгаан бодож байж хийх ёстой. Мөн зөв сайн шийдвэр гаргахын тулд дараах хүмүүсээс тусламж авч болно. Үүнд: 

  • Эцэг, эх гэр бүлийнхэнтэйгээ зөвлөх: Эдгээр хүмүүс нь таньд одоо байгаа боломж бололцоогоо тодорхойлж бодитой зорилго тавихад тусладаг. Учир нь зарим хүмүүс өөрийн санхүүгийн бололцоогоо нарийн тодорхой мэдэхгүйгээс үүдэн сэтгэлийн хөөрлөөр бодит биш зорилго тодорхойлох магадлал өндөр байдаг.
  • Зөвлөх: Гадаадад сурах талаар зөвлөгөө өгч мэргэжсэн хүмүүс нь арвин туршлагатай байдаг бөгөөд таньд ямар алхмыг хаанаас нь эхлэн хийх талаарх зөвлөгөөг хэрэгцээ шаардлагад тань тулгуурлан зөвлөж чадна.
  • Гадаадад сурсан туршлагатай хүмүүс: Таны одоо давах гэж байгаа алхмыг өмнө нь хийж байсан туршлагатай хүмүүс алдаж онож олон зүйлийг сураад давсан байдаг учраас тэдгээр хүмүүстэй уулзсанаар ирээдүйд гарч болох алдаанаас сэргийлж зөв шийдвэр гаргахад тань нэмэр болно.
 

Дээр дурдсан хүчин зүйлүүдийг харгалзан шийдвэр гаргахад тус болохуйц хүмүүсийн тусламжтайгаар шийдвэр гаргасны дараа мэргэжлээ сонгох хэрэгтэй. 

Та өөрийн төрөлх бус хэл дээр тухайн мэргэжлээрээ сурах гэж байгаа учраас дургүй зүйлээрээ сурна гэдэг нь таны урам зориг, хичээл чармайлтыг багасгана. 

Мөн түүнчлэн өдөр бүр аз жаргалтайгаар дуртай зүйлээ хийх эсвэл өөрийгөө хүчлэн байж ажилдаа ирэх сонголтыг та мэргэжлээ сонгохдоо хийдэг. Мэдээж сонголтоо өөрчилж, эсвэл дахиж өөр мэргэжлээр сурч болох ч энэ бүхэн цаг, мөнгийг чинь үрнэ гэдгийг санах хэрэгтэй. Иймд мэргэжлээ сонгоход дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Өөрийгөө хэн гэдгийг мэдэх

Ямар хэмнэлд ажиллах дуртай, ямар орчин нөхцөлд байвал илүү өөрт тань үр бүтээмжтэй байдаг зэргийг нарийн таньж мэднэ гэсэн үг юм. Жишээ нь: Хурдан, хөдөлгөөнтэй хүн байнга нэг хэвийн хэмнэлд байдаг бичиг цаасны ажилд тийм ч тохиромжтой биш байдаг. 

  • Олон зүйлийг туршиж үзэх

Нэг зүйлээ л давтаж хийдэг хүн өөрийн сонирхол нь юу болохыг мэдэхэд хэцүү байдаг. Өрөөр хэлбэл өдөр болгон гурилтай шөл идээд байвал гурилтай шөл хэдий таны хамгийн дуртай хоол биш ч гэсэн идсээр байгаад дассан учраас энэ л таны хамгийн дуртай хоол гэдэгт итгэх магадлалтай байдаг. Иймд олон зүйлийг туршиж, хийж үзэж байж хамгийн дуртай зүйлээ олох хэрэгтэй.

  • Өөрийн тань зан араншинд тохирсон мэргэжлүүдийн талаар судалж үзэх 

Дээрх 2 алхмыг хийсний дараа танд тохирох боломжит мэргэжлүүдийн талаар нарийвчлан судлах хэрэгтэй. Зах зээлд хэр эрэлттэй байгаа, ямар ямар салбарт хөрвөх боломжтой эсэхийг судалж үзэх нь чухал юм.

  • Таны сонгосон мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзах

Мэдээж интернетээс олон төрлийн мэдээлэл цуглуулж болох ч тухайн мэргэжлээр яг одоо ажиллаж байгаа эсвэл ажиллаж байсан туршлагатай хүмүүсээс мэдээлэл авах нь илүү үр дүнтэй. 

 

Ямар мэргэжлээр сурахаа тодорхойлсны дараа сурах сургуулиа сонгох хэрэгтэй. Дэлхийд алдартай сургуулиуд хүртэл өөр өөрийн гэсэн сайн бэлтгэдэг мэргэжлийн чиглэлүүдтэй байдаг. Жишээ нь дараах судалгаанаас харахад  Харвардын их сургууль дэлхийн хамгийн шилдэг их сургуулийн жагсаалтыг тэргүүлсэн ч гэсэн инженерийн чиглэлээр дэлхийн шилдэг эхний 20 сургуульд орохгүй байгаа юм. Иймээс ерөнхий үзүүлэлтээр нь биш таны сонгосон мэргэжлийн үзүүлэлтэд хамаарах судалгаануудтай танилцаж сургуулиа сонгох хэрэгтэй. 

Дэлхийн шилдэг 20 их сургууль
 
Инженер, технологи болон компьютерийн шинжлэх ухааны салбарын шилдэг сургуулиуд
 

Мөн дээрх хүчин зүйлээс гадна таны хүссэн сургуульд таны эдийн засгийн байдалд хэр тохирч байгаа эсэх мөн олон улсын оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүд хэр их байдаг талаар судлах хэрэгтэй.

 

Ямар сургуульд орохоо тодорхой болгосны дараа суралцах улс тодорхой болно.

Гэхдээ зарим тохиолдолд хүмүүс суралцахыг хүссэн улсаа эхэлж сонгоод дараа нь тэр улсын шилдэг их дээд сургууль эсвэл өөрийн нөхцөл боломжинд таарах сургууль сонгох тохиолдол байдаг. 

Энэ бүгдээс хамгийн чухал нь аль сонголтыг түрүүлж хийх нь таны ирээдүйн зорилго хүсэл эрмэлзэлд нийцэж байгааг эсэх асуудал юм.  

 

Суралцах сургууль тань тодорхой болсны дараа тухайн сургуульд таны хүсч буй мэргэжлээр элсэхэд ямар шалгууруудыг давах хэрэгтэйг судлаад тухайн шалгалтуудад эртнээс бэлтгэх нь өндөр оноо авах үндсийн нэг болдог. 

Улс орон бүрийн боловсролын систем өөр учраас авдаг шалгалтууд нь ч мөн адил ялгаатай байдаг. Жишээ нь: Америкийн сургуулиудад баклаврын зэргээр сурах гэж байгаа бол дараах шалгалтууд шаардагддаг. Үүнд:

  • Scholastic Assessment Test /SAT/
  • Test of English as a Foreign Language /TOEFL/
  • American College Testing /ACT/

Магистрын зэргээр сурах гэж байгаа бол ерөнхийдөө дараах шалгалтууд байдаг. Тус шалгалтуудаас мэргэжлийнхээ чиглэлээс хамааран өгдөг. Үүнд: 

 
  • Test of English as a Foreign Language /TOEFL/
  • Graduate Record Examinations /GRE/-математик, физик, нийгмийн шинжлэх ухааны чиглэлд
  • Graduate Management Admission Test /GMAT/- бизнесийн чиглэлд
  • Law School Admission Testing Program /LSAT/-хуулийн чиглэлд
  • Medical College Admission Test /MCAT/-анагаах ухааны чиглэлд
  • Dental Admission Testing Progaram /DATP/-шүдний эмчийн чиглэлд
  • Pharmacy College Admission Test /PCAT/-эм зүйн чиглэлд
  • Optometry Admission Testing Program /OAT/-хараа зүйн чиглэлд 
 

“Аpplication” бөглөхөд зүгээр маягт бөглөхөөс гадна шалгалтын оноо олон төрлийн эссэ бичих зэрэг багтдаг. Энэ бүгдийг дараагийн дугааруудад дэлгэрэнгүй тайлбарлах болно. 

Сургууль сургуулийн элсэлтийн өргөдөл нь өөр өөрийн гэсэн шалгууруудтай байдаг ч  сургуульд элсэх өргөдөл гаргахад ерөнхий баримтлах зарчмууд гэж бий. Үүнд:

  • Өөрийгөө тэр сургуульд орох чин хүслээ илэрхийлэх ёстой. Таны орохыг хүссэн сургуульд тань шиг ижил шалгалтын оноотой, хүсэл эрмэлзэлтэй олон мянган оюутнууд байгаа. Энэ бүгдээс ялгарахын тулд өөрийн чин хүслийг зөв илэрхийлэх хэрэгтэй. 
  • Үнэн, бодитой байх хэрэгтэй. Зарим оюутнууд хэтрүүлсэн, бодит биш зүйлсийг оруулснаар сургуульдаа тэнцэж орохгүй байх тохиолдол байдаг. Учир нь ийм төрлийн мэдээллүүд нь үнэмшилгүй сонсогддог. 
  • Зохион байгуулалттай байх ёстой. Сургуулийн өргөдөл авах хугацааг тулгаж, яарч сандран мэдээллээ дутаах биш ямар зүйлийг хэзээ, хаана хийх вэ гэдгээ нарийн төлөвлөж нухацтай хийх хэрэгтэй. 
  • Олон сургуульд өргөдлөө явуулах. Ганцхан сургуульд орох хүсэлтээ илгээнэ гэдэг нь эрсдэл өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл таньд тэнцээгүй гэсэн хариу ирэхэд таны олон сарын хөдөлмөр талаар болж та дараа жилийг хүлээхээс өөр аргаггүй болно. Иймээс хэд хэдэн боломжит мөн орохыг хүссэн сургуулиуд руу хүсэлтэй илгээх хэрэгтэй. 
 

Сургуулийн элсэлтийн хороо таньтай өмнө нь уулзаж байгаагүй учраас таны хүсэл эрмэлзэл, боломж бололцооны талаар огт мэдээлэлгүй, төсөөлөлгүй байдаг. Ийм тохиолдолд CV/ Resume бол таны толь юм. Таны өмнөөс элсэлтийн хороотой ярих зүйл бол CV/ Resume юм. Иймд дараах зүйлсийг анхаарах ёстой.

  • Тань шиг олон мянган хүмүүсээс ялгарах онцлогоо багтаах хэрэгтэй
  • Хэт олон нуршуу мэдээлэл бус товч тодорхой мэдээллүүдийг багтаасан байх хэрэгтэй
  • Тань CV/ Resume-г хараад л анхаарал татахуйц цэгцтэй, нямбай байх хэрэгтэй
  • Он дарааллын хувьд хамгийн сүүлийн үйл ажиллагаанаасаа эхлэн жагсааж бичих хэрэгтэй
 

Зарим оюутнууд зорилгоо тодорхойлсон захиаг бичихдээ үүнийг өөрийнх нь талаар бусад эссэнүүдийн нэгэн адил бичиж өнгөрөөх тохиолдол байдаг. 

Жишээ нь: 

“Би тус сургуулийн инженерийн сургуульд магистрын чиглэлд суралцах хүсэлтэй байна. Учир нь миний техникийн чадвар танай сургуулийн хөтөлбөрт хамрагдсанаар ихээхэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэх мэтчилэнгээр бичдэг. Эсвэл ийм төрлийн загваруудыг хуулбарладаг. 

Үүнийн оронд хэдэн мянган оюутнууд дундаас шалгарч, онцгой санагдахаар захиа бичихийн тулд гайхалтай гэхдээ наалдацтай захиаг бичих хэрэгтэй. Яаж наалдацтай захиа бичих вэ? Чухамдаа дараах асуултуудад хариулсан захиа бичихэд хүнд сэтгэгдэл төрүүлэх магадлал өснө. Энэ тал дээр ихэнхи сургуулиудын элсэлтийн хороо санал нийлдэг. Үүнд:

  • Баклаврын зэрэг авахдаа ямар мэргэжлээр суралцмаар байна?
  • Яагаад заавал үүнийг сонгосон бэ?
  • Манай сургуулийг сонгосон шалтгаан?
  • Яагаад заавал энэ улсад суралцахаар болсон бэ?
  • Өөрийн сонгосон салбартаа сонирхолтой гэдгээ батлахын тулд хэр их зүйл хийсэн бэ?
  • Энэ туршлагуудаас гадна өөр ямар зүйлс хийж нэмэлт туршлага хуримтлуулах төлөвлөгөөтэй байна вэ?
  • Сургуулиа төгссөнийхөө дараа эзэмшсэн мэргэжлээрээ ямар зорилго тавин ажиллах хүсэлтэй байна вэ?
  • Сургуулиа төгсөөд ажиллах хүсэлтэй байна уу? Эсвэл үргэлжлүүлэн судалгааны ажил хийх сонирхолтой байна уу? 
  • Хэрэв тийм бол ямар багшийн чиглэл дор тус судалгааны ажлаа хийх хүсэлтэй байна вэ? Яагаад?
  • Манай сургуулийг төгссөнөөрөө манай сургуульд ямар давуу талыг бий болгоно гэж бодож байна вэ?
  • Эдгээр туршлагуудаас гадна таны сонирхол, хийх дуртай зүйлс юу вэ?
  • Хувь хүнийхээ хувьд өөрийгөө тодорхойлвол?
  • Яагаад манай сургуульд тэнцэнэ гэж бодож байна вэ?
  • Таны талаарх бидний мэдэх хэрэгтэй онцгой зүйл, давуу тал юу вэ?
  • Яагаад энэ давуу тал тань бидэнд болон ирээдүйн нэг ангийханд тань хамааралтай чухал шинж чанар гэж үзэж байна вэ?
 

“Recommodation letter” буюу таныг тодорхойлох захиа нь гадаадын их сургуулиудад элсэхэд ихээхэн чухал нөлөлөөтэй байдаг. Монголын нөхцөлд багш нар эсвэл өөрийг тань тодорхойлох хүмүүтэй өөрсдийн бичсэн захиагаа өгөөд гарын үсэг зориулах тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь төдийлөн зөв бодитой болж чаддаггүй. Таныг өөр өнцгөөр харж, хараагүй давуу талыг тань тодорхойлж чадах таныг сайн мэддэг хүмүүсийг сонгож ямар захиа бичүүлэх хүсэлтэй байгаагаа эртнээс хэлж тус төрлийн захиаг бэлдүүлэх хэрэгтэй.

 

Сургуульд орох өргөдөл гаргах үед хийдэг алхмуудын нэг нь эссэ бичих юм. Энэ хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд өргөдлийн бусад хэсгүүдэд ороогүй боловч таныг илэрхийлэх чухал зүйлсийг багтаах боломж юм.

Сургуулиудын элсэлтийн хорооны хүмүүсийн ихэнхи хэсэг нь өөрийнхөөрөө бай, эрт эхлүүл гэсэн зөвлөгөөг өгдөг. 

Өөрөөр хэлбэл таны талаарх эссэ учраас өөрийгөө зөвөөр илэрхийлэх талаарх л бодох нь зөв болохоос сайн чанартай болсон загвар эссэнүүдийг дуурайх нь оновчтой арга биш. 

Мөн өөрийгөө ердөө 1,000 орчим үгэнд багтааж илэрхийлэнэ гэдэг маш их ажиллагаа шаардсан учир аль болох эртнээс эссэгээ олон төрлөөр бичиж үзэх хэрэгтэй. Дээрх 2 зөвлөгөөнөөс гадна дараах чухал хэсгүүдийг анхаарах хэрэгтэй. 

 

Үүнд:

  1. Таны онцлогийг тодруулж чадах сэдвийг сонгох хэрэгтэй  Тухайн сургуулийнхаа давуу тал, таныг доктор болоход чинь яаж чухал нөлөө үзүүлж чадах, та ахлах сургуульд байхдаа хэдэн төрлийн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдсан талаараа дурьдахаас зайлсхий. Үүний оронд өргөдлийн бусад хэсэгт тусгаагүй боловч анхаарал татахуйц шинэлэг зүйлсийн талаар бич.
  2. Нарийвчилсан тодорхой мэдээллүүдийг тусгах Олон төрлийн мэдээлэл багтаах гэж хичээх хэрэггүй. Яагаад гэвэл эссэ CV эсвэл Resume биш юм. Үүний оронд уншигч эхлэлээс авахуулаад төгсгөл хүртэл уншаад таны талаарх нарийвчилсан мэдээлэл авч болохуйц байдлаар бич.
  3. Битгий хэл, үүний оронд батал Би тийм төрлийн ийм ажиллагаануудад оролцсон гэж дурьдахын оронд тодорхой нэг жишээг бичээд уг үйл явдлаас ямар чухал зүйл сурсан, таньд ямар үр нөлөө үзүүлсэн зэргийг багтаасан бүтээлч өнцгөөс бичих хэрэгтэй.
  4. Өөрийн дуу хоолойг хүргэ Бүх хүмүүсийн мэддэг, түгээмэл ишлэл үгийг хэрэглэхийн оронд тухайн асуудлын талаар таны өнцөг, үзэл бодол юу болох талаар тусгах
  5. Хүмүүсээр хянуулах Эссэгээ туршлага бүхий хүмүүсээр хянуулан уншуулахаас нааш хэзээ ч битгий илгээ. Яагаад гэвэл таны анзаараагүй жижиг үг үсгийн алдаа хүртэл байх магадлалтай. 
 

Дээрх бүх материалуудыг бүрдүүлж өргөдлөө явуулсаны дараа зарим сургуулиуд таныг ярилцлаганд урьдаг. Ихэнхи тохиолдолд олон улсын өргөдөл гаргагчдтай skype-р ярилцлага хийдэг. Гэхдээ дийлэнхи сургуулиуд өргөдөлд багтсан материалуудыг харгалзан тэнцсэн эсэхийг нь тогтоодог. 

Хэрвээ ярилцлага өгөх болвол интернетийнхээ хүчин чадал болон бусад техник хангамжуудыг сайтар шалгаж туршиж үзэх хэрэгтэй. Ярилцлагын үеэр яриа тань тасалдах нь ярилцлага авагчдийг залхаах, таныг сандраах, улмаар өөрийн санаагаа бүрэн зөвөөр илэрхийлж чадахгүйд хүргэх магадлалтай. 

Нөгөөтэйгүүр ярилцлагын асуултуудад хэтэрхий нуршуу эсвэл хэтэрхий богино биш, өөрийн бодол санаагаа зөв, тодорхойгоор илэрхийлсэн, ярилцлага авагчдад таныг сургуульдаа элсүүлэн авах хэрэгтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр хариулах хэрэгтэй. 

 

Хэрвээ та ярилцлагаа дамжсан бол таны дараагийн хийх алхам бол виз хүсэх юм. Сургуульд элсэх үйл явц ихээхэн ажиллагаатай байдаг ч үүний дараагаар виз хүсэх нь тийм ч хялбар асуудал биш юм. Иймд та тухайн улсын элчин сайдын яамнаас гаргасан виз хүсэгчдэд зориулсан мэдээллийг сайтар нягтлан үзэж шаардлагатай материалуудыг үнэн зөв, бүрэн бүтнээр нэг бүрчлэн бэлтгэх хэрэгтэй. 

Хэрвээ Элчин сайдын яам нь Монголд байдаггүй эсвэл виз авах ярилцлаганд Монголд орох боломжгүй улсад суралцах гэж байгаа бол виз хүссэн өргөдлийн хариу хэзээ ирдэг эсэх талаар нарийвчлан судлан эртнээс бэлтгэлээ хангах нь эрсдэл багатай юм. 

 

Материалуудаа бүрдүүлсний дараа ярилцалганд орох нь дараагийн нэг чухал алхам юм. 

  • Хэрвээ ярилцлага өгөх бол ярилцлаганд ирдэг түгээмэл асуултуудыг судлах
  • Тухайн улсын виз хүсч байсан хүмүүсээс зөвлөгөө авах
  • Ярилцлаганд орохын өмнө бүрдүүлсэн бичиг баримтын тань талаар хаанаас ч асуусан бүгдийг нь тодорхой мэддэг байх
  • Ярилцлагын үеэр бүрдүүлж өгсөн материалаасаа зөрсөн зүйл огт дурдахгүй байх
  • Өөртэй итгэлтэй айж сандрах зүйлгүйгээр чөлөөтэй ярьж товч болоод тодорхой хариулт өгөх хэрэгтэй. 
 

Таны виз гараад та сургуульдаа хүлээн зөвшөөрөгдсөн ч гэсэн таны хийх ажил хараахан дуусаагүй байгаа гэдгийг санаарай. Өөрийн сургуулийнхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нарийвчлан судалж, очих орон, хотынхоо цаг агаарын талаар судлан авч авах ачаагаа бэлтгэх хэрэгтэй. 

Энэ бүх материаллаг хэрэгцээгээ хангахаас гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Өмнө нь гэр бүл, нутгаасаа хол байж үзээгүй бол сургуульдаа очиход эхний 1-6 сар соёлын шоконд орох нь тодорхой гэдгийг санаж энэ нь хэвийн үзэгдэл гэдэг сэтгэлийн бэлтгэлийг өөртөө суулгах нь чухал байдаг. 

Өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд биднээс байнга хүчин чармайлт гарч байдаг. Хэдийгээр аливаа алхамыг хийхэд тухайн үедээ олон саад бэрхшээлтэй тулгардаг ч бид тэдгээрийг амжилттай давах тусам улам илүү хүчирхэгжиж байдаг. Таны зорилго бүхэн биелэх болтугай. 

 

Та бүхэнд ЖЭТ Англи хэлний сургуулийн Гадаад харилцааны албанаас бэлтгэн хүргэлээ.

Фэйсбүүк хаяг:  https://www.facebook.com/InstituteJet/
 
Холбогдох утас: 77118899, 99097610

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.