Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Парис Жексон: Пол Маккартнид зориулж дуу бичсэн

Б.Даваахүү
2017 оны 7 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон өнгөрсөн долоо хоногт ирэх сард худалдаанд гарах “Teenvogue” сэтгүүлд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна.

-Парис,  чи энэ оныг сэтгүүлийн ковер, улаан хивсний ёслол, урлаг соёлын арга хэмжээ гээд үнэхээр гайхалтай эрч хүчтэйгээр  эхлүүлсэн шүү дээ. Надад нэг зүйл сонин байна. Урагш алхах энэ шийдвэрийг та өөрөө гаргав уу, аль эсвэл хэн нэгэн зөвлөсөн үү?

-Үнэнийг хэлэхэд, олон нийтийн анхаарлын төвд байх би дургүй. Энэ намайг айлгадаг байсан. Хүмүүс юу хийж чадахыг би харсан. Тэгээд шархалдаг байлаа. Гэхдээ удаан хугацаанд бодсоны эцэст өөрт ногдсон давуу талаа дэмий үрж суухыг хүсээгүй учраас хүмүүст нөлөөлөх ажлаа эхлүүлсэн. Маш олон хүн ийм төрлийн ажил эрхэлдэг. Тэдний дэргэд минийх өчүүхэн жижиг юм даа.

Олон хүн өнөөдөр хэн ямар гутал өмссөн, ямар машин унаж, ямар хүрэм өмссөн гэдэгт л анхаардаг болжээ. Харин би өөрийн үзэл санаагаа тэдгээрээс өөр чухал зүйлд зориулахыг хүсэж байна. Үнэндээ, өөр зүйл хийхийг хүсч байна. Одоо би жүжиглэж, бас загвар өмсдөг. Цаашдаа өөрийн дуу хоолойгоо хүргэж чадах бүхий л салбарт хүчээ сорино.

-Би чиний инстаграм хуудсаар зочлох дуртай. Учир нь тэнд байнга аливаа зүйлийн мөн чанарын тухай постолсон байдаг. Байгаль орчин, шударга ёсны чиглэл дэх таны үзэл бодлыг сонирхмоор байна?

-Баярлалаа. Би жаахан байхаасаа л байгаль орчны асуудал, амьтдад байнга л санаа тавьж ирсэн. Хүүхдэд зориулсан маш олон баримтат нэвтрүүлгийг үздэг байлаа. Аз болоход үүнийхээ ачаар улсынхаа түүх соёлын талаар сайн боловсрол эзэмшсэн гэж боддог. Хэсэг хугацаанд колончлолын талаар судалж байсан юм.

Тэгэхэд колончлолын цаадах шударга бус байдлын талаар уншаад маш их бухимдаж байснаа санаж байна. Харин том болох тусам өнөөгийн нийгэмд шударга бус байдалтай өдөр бүр л нүүр тулж байна шүү дээ. Би энэ бүхний эсрэг ямар нэг зүйл хийхийг хүсч байна.

-Олны анхаарлыг өмнөхөөсөө илүү ихээр татаж эхэлснээс хойш таны амьдралд янз бүрийн л зүйл тохиолдсон байх. Хамгийн сүүлийн жишээ дурдаач?

-Энэ хорвоогийн аливаа зүйл харагддаг шигээ байдаггүй юм гэдгийг ухаарахтайгаа болсон.  Шар хэвлэлд нийтлэгдсэн бүхий л бичвэрүүдийг хар л даа. “Мэдээ” гэсэн атлаа дандаа л олны танил хүмүүсийн талаарх хов жив. Би олны танил хүмүүсийн зовлон шаналал, оролдлого, худал хуурмагийн талаар мэдээлэх нь буруу юмаа гэдгийг ойлгуулахыг хүсэж байна. Бид хамтдаа үүнийг залруулж чадна.

-Сонирхолтой л юм. Чи ч гэсэн олны анхаарлын төвд байдаг учраас хэвлэл мэдээлэлд өөрийн гэсэн сорилттой тулгарч байсан уу?

-Мэдээж. Өмнөхөөсөө илүү их анхаарал татаж, илүү их бай нь болсон. Хүмүүс заримдаа маш хэрцгий болдог. Юу ч хийсэн бай тэд үргэлж доог тохуу мэт хүлээж авдаг гэдгийг би суралцсан. Зүрх сэтгэл минь зөв газраа байгаа  цагт, хэн нэгэн намайг үзэн ядсан ч надад хамаагүй. Тэдгээр мэдээлэл тийм ч чухал биш гэдгийг бас суралцсан. Би зөв гэж бодсон зүйлээ л хийж ирсэн. Тэр нь ч зөв байсан.

-Таны хамгийн дуртай дуу?

-Маш олон бий. Магадгүй “Wait for It”. Эсвэл  “Non-Stop”, “My Shot” байх.

-Нэг асуулт асуухгүй бол болохгүй нь. Та өөрийн гэсэн хөгжмийн карьераа хөөх болоогүй юу?

-Би бичихдээ илүү сайн.

-Таны бичихийг хүсдэг мөрөөдлийн хөгжим  тань юу вэ?

-Пол Маккартни миний хамгийн хайртай уран бүтээлч. Би аль хэдийнээ нэг дуу түүнд зориулж  бичсэн байгаа.

-Би үүнийг л сонсохыг хүсэж байлаа. Уран бүтээл нь хэзээ олон нийтэд хүрэх вэ. Эсвэл нууц юм уу?

-Хэрэв Пол дуулахыг зөвшөөрвөл, чи энэ талаар мэдсэн анхны хүн болох байх. Гэхдээ одоогоор дуугаа бичүүлэх талаар төлөвлөсөн зүйл алга байна.

Зураг