Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикт илэрсэн хүний гавлын ясан цамхаг эртний Ацтекуудын тухай ойлголтыг өөрчиллөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Саяхан Мексикийн нийслэл Мехико хотын дороос эртний Ацтекийн үеэс үлдсэн хүний гавлын ясан байгууламж олдсон нь Испаничуудад эзлэгдэхээс өмнө оршиж байсан Америкийн соёл иргэншлүүдийн талаарх ойлголтыг шинэчлэхэд хүргэжээ.

Эртний Ацтекийн нийслэл Тенохтитлан нь одоогийн Мехико хотын буурин дээр оршиж байсан юм. Тэгвэл энд хийсэн малталтын үеэр 650 орчим гавлын яс бүхий байгууламж илэрчээ. Цамхаг нь Темпло Маёр буюу Ацтекийн нийслэлийн гол сүмийн дэргэдээс олдсон байна. Испаний колоничлогч Эрнан Кортес уг хотыг эзэлснийхээ дараа асар олон хүний гавлын яснаас бүрдсэн Цомпантли хэмээж цамхагийг үзсэн тухайгаа тэмдэглэж үлдээсэн байдаг. Олдвор нь уг Цомпантли байгууламжийн хэсэг бололтой.

Гэхдээ эрдэмтэд цамхагт ашигласан гавлын ясыг дайнд ялагдсан дайчдын толгой гэж үздэг байв. Харин 2015 онд эхэлсэн малтлагын үр дүнд энэ ойлголт өөрчлөгдсөн байна. Учир нь эндээс зөвхөн дайчдын толгойн яс биш, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гавлын яс олджээ.

“Бид эхэндээ зөвхөн дайнд явсан залуу эрсийн гавлын яс байгаа гэж төсөөлж байсан бол малтлагаар урьд өмнө дурдагдаж байгаагүй цоо шинэ баримт илрүүллээ” гэж малтлагын ажилд оролцсон биологийн антропологич Родриго Боланос ярьжээ.

 
Цомпантлигийн тухай төсөөлөл загвар

Мексикийг эзлэх 1521 оны Кортесийн дайнд оролцож явсан Испани цэрэг Андрес де Тапиа хүний гавлын ясаар босгосон 6 метр орчин диаметртэй Цомпантли хэмээх байгууламжийн тухай бичиж үлдээсэн байдаг. Уг тэмдэглэлд хэдэн арван мянган гавлын яс харсан тухайгаа Тампиа өгүүлсэн байна. Тэгвэл одоогийн малтлагаар дөнгөж 676 гавлын яс гаргаад байгаа, цаашаа нэмэгдэх төлөвтэй байгааг археологичдын нэг Раул Баррера ярьжээ.

Европчуудын колоничлол эхлэхээс өмнө оршиж байсан Мезоамерикийн соёл иргэншлүүд нарны бурханд зориулж хүнээр тахил өргөдөг уламжлалтай байсныг олон түүхийн баримт баталдаг юм.

Тэгвэл энэ удаагийн нээлт нь уг зан үйл төсөөлж байснаас ямар их аймшигтай зэрлэг үйлдэл байсныг харуулж байна.

 

Эх сурвалж: Reuters