Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тодорхойгүй шалтгаанаар Энэтхэг-Хятадын хил дээрх зөрчил хурцадлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Харьцангуй нам гүм байж ирсэн Энэтхэг, Хятад улсуудыг заагладаг Хималайн хил дээр болж буй үйл явдал өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Маргаантайд тооцогддог Сикким, Төвд, Бутаны уулзвар хил дээр одоо хоёр тал тус бүрээс 3,000 орчим цэрэг бөөгнөрөөд байна. Сүүлийн жилүүдэд Дока Ла гэгддэг Хятадын талын нутагт томоохон замын төсөл хэрэгжиж байсан нь сүүлдээ цэргийн томоохон тулгаралтын зурвас болж хувирсан юм.

Дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр гүрний хооронд газар нутгийн шийдэгдээгүй асуудлууд бий. Хагас зууны турш үргэлжилж байгаа маргаан 1960-аад оны үед цуст мөргөлдөөн болон хурцдаж байсан түүхтэй. Харин сүүлийн хэдэн өдөрт болсон үйл явдал яг ямар шалтгаантайг талуудын хэн нь ч тодорхой мэдээлэхгүй байгаа юм.

Тэд зөвхөн харилцан бие биеийн нутаг дэвсгэрийн хилийг зөрчсөн гэж нэгнээ буруутгасан мэдэгдлүүдийг хийж байгаа.

Сүүлд Бээжин 2015 онд нээсэн Нату Ла хилийн боомтыг хааж байгаагаа зарлаад байна. Энэ боомтыг Буддын болон Хиндус шашинтнуудын аль алины хувьд ариун газарт тооцогддог Төвдийн Кайлаш уул, Маносавар нуур зэрэгт зорчих Энэтхэгийн мөргөлчдөд зориулж нээсэн юм.

Далайн түвшнээс 4,300 метрийн өндөрт орших энэхүү боомтыг 2006 онд анх Энэтхэг-Хятадын хоорондын гурав дахь хилийн худалдааны боомт болгон нээж байжээ.

Хилийн зөрчил нь Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг Вашингтонд айлчлахын өмнөхөн болсон нь сонирхол татаж байгаа юм. Өмнө нь хоёр гүрний хооронд харилцан өндөр түвшний айлчлал болоход иймэрхүү явдлууд давхцдаг байсан бол Энэтхэгийн төрийн тэргүүн АНУ-ыг зорихтой давхцаж байгаа нь анхны тохиолдол ажээ.

1975 онд Сикким нь ард иргэдийн санал асуулгаар Энэтхэгт нэгдсэнийг Хятадын ерөнхий сайд асан Вэн Жябао 2005 онд Энэтхэгт айлчлахдаа албан ёсоор хүлээн зөвшөөрч байв. 4,000 орчим километр үргэлжилдэг хоёр орны хилийн зурвасын 200 км нь Сикким-Төвдийн хэсэг юм.

Харин хилийн жинхэнэ маргаан Хятад-Бутаны хооронд байдаг. Өнгөрсөн Лхагва гарагт Бутаны засгийн газар хил зөрчсөн шалтгаанаар Хятадын талд эсэргүүцлээ илэрхийлсэн бол Хятад улс Энэтхэгийг Бутаны дотоод асуудалд оролцлоо хэмээн буруутгажээ.

Бутан бол Хятадтай хилийн маргаантай хөрш орнуудын нэг бөгөөд сүүлийн 30 орчим жил 24 удаагийн яриа хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй байгаа юм.

Төвдийн Ядон хошуунд багтдаг Донланы бүс нутгийг Бутан өөрийн газар нутаг гэж үздэг ажээ. Хятадтай дипломат харилцаагүй Бутан улс Энэтхэгийн өмгөөлөл дор оршдог нь Азийн хоёр их гүрнийг шууд сөргөөцөлдөхөд хүргээд байна.

Бээжин Пүрэв гарагт Бутанд хариу мэдэгдэл хийхдээ өөрсдийгөө хууль бус зүйл хийгээгүй, өөрийн газар нутагт үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

Хятадын тал Бутаныг Энэтхэгээс хамааралгүй бие даасан бодлого явуулж, хилийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Харин энэ бүс нутгийн стратегийн ач холбогдол нь Бутаныхаас илүү байгаа Энэтхэг улс үүнийг хүсэхгүй байгаа юм.

Лхагва гарагт Хятадын Коммунист Намын Global Times сонинд Бээжинг Энэтхэгийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалжээ. Нийтлэлд “Энэ удаа Энэтхэгийн талд дүрэм журам гэж юу байдгийг ойлгуулан, ийм өдөөн хатгалга ямар үнэтэй байдгийг мэдрүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

Мөн хилийн мөргөлдөөнд Энэтхэг улс Хятадыг дийлэхгүй, Энэтхэгийн эдийн засаг Хятадын дөрөвний нэгтэй, батлан хамгаалах зардал нь Хятадын гуравны нэгтэй тэнцэнэ гэх зэргээр тоо баримтуудыг дурдан Энэтхэгийн сул доройг өгүүлжээ.

Өнгөрсөн сард Энэтхэгийн арми Бенгалын буланд АНУ, Японы тэнгисийн хүчтэй хамтарсан сургуулилалт явуулсан. Мөн Хятадын хэрэгжүүлж байгаа “Нэг бүс, Нэг зам” төслийн тавдугаар сард болсон дээд хэмжээний чуулга уулзалтыг Дели бойкот хийсэн юм. Харин НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох, Цөмийн Ханган Нийлүүлэгчдийн бүлэгт элсэх Энэтхэгийн оролдлогуудыг Хятад улс удаа дараа няцаагаад байна.

Ийнхүү Азийн хамгийн том хоёр гүрний хоорондын сөргөлдөөн эргэн эрчимжихэд ойрхон болжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post