Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Хятадын тэнгист АНУ, Хятадын хөлгүүд тулгарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө АНУ-ын байлдааны хөлөг Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын ойролцоо хүрсэн нь Бээжингийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Трампын үед хэрэгжиж байгаа “freedom of navigation” ажиллагааны хоёр дахь хэсэг болгож, эргүүл хийх зорилгоор Японы Ёкосука боомтод байрладаг USS Stethem байлдааны хөлгийг өчигдөр өглөө Парасел бүлэг арлуудын Тритон аралд 22 км ойртуулаад  юм.

Бээжингийн мэдэгдэлд “Freedom of navigation нэрийн дор АНУ байлдааны хөлгөө Шиша арлуудын орчмын усанд дахин илгээсэн нь Хятадын болон олон улсын хууль дүрмийг зөрчиж, Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан явдал боллоо” гэжээ.

Өмнө нь 2016 оны нэгдүгээр сард Барак Обамагийн засаг захиргаа анхны эргүүлийн ажиллагааг энд явуулж байв. АНУ-ын энэ удаагийн ажиллагаа нь Хойд Солонгосын асуудлыг зохицуулахад үр дүн гаргаагүй Хятадын талд дарамт шахалт үзүүлсэн хэрэг гэж ажиглагчид үзэж байна.

Мөн үүнээс гадна Вашингтон Хойд Солонгостой холбоотой гэх Хятадын хоёр банканд хориг арга хэмжээ авч, Тайваньд $1.4 тэрбумын зэвсэг нийлүүлэхээр болоод байгаа нь бүгд дээрх шалтгаантай холбоотой гэгдэж байгаа юм.

Тэгвэл Хятадын тал зөвхөн мэдэгдэл хийгээд зогссонгүй, Америкийн талд сануулга өгөх зорилгоор байлдааны хөлөг онгоц, сөнөөгч нисэх онгоцнуудыг маргаантай арлуудын усанд илгээжээ.

Худалдааны чухал усан замд тооцогддог Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг Хятад улс өөрийн газар нутаг гэж зарлан хиймэл арал байгуулж, цэрэг зэвсэг төвлөрүүлээд байгаа. Хятадаас гадна Тайвань, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней улсууд мөн энэ бүс нутгийн хэсгүүдийг өөрийн газар нутаг гэж үздэг юм.

Ийнхүү Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын дараа сайжирсан АНУ-Хятадын харилцаа сүүлийн долоо хоног орчим хугацаанд эргэн муудлаа.

 

Эх сурвалж: Japan Times, Russia Today