Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮН нам нэр дэвшигч С.Ганбаатарын үйлдсэн ноцтой хэргийг цагдаад шалгуулахаар хандсан байна

ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN

ХҮН нам энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг нам, нэр дэвшигчийг дэмжин оролцохгүй.

 

Монгол Улс ерөнхийлөгчөө, өөрсдийгөө төлөөлөх хүнийг сонгох хариуцлагатай ажил тул нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, ерөнхийлөгчөөр сонгогдвол ямар бодлого баримтлах, юу хийхээр төлөвлөж байгаад нь дүгнэлт хийж, ул суурьтай сонголт хийх ёстой.

Харамсалтай нь сонгуулийн сурталчилгаа бодлого, зарчим, шийдэл ярихаас илүү хувь хүнд чиглэсэн, хувийн чанартай жижиг зүйлсээр үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлгийн чанартай мэдээллээр дүүрч, иргэд сонгогчдыг залхаан, доромжилж байгаа нь харамсалтай.

Тэр дундаа гурван нэр дэвшигчтэй холбоотой ноцтой гэмээр мэдээлэл баримтууд дэлгэгдэж байна. Үнэн бол үнэхээр ноцтой хэргүүд тул ХҮН нам энэ гурван хүнийг гурвууланг нь хуулийн байгууллагад шалгуулж, үнэн мөнийг тогтоож, нотлогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтийг гаргаж байгаагаа мэдэгдэж байна.      

Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулинд заахдаа хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг ч өнөөдрийн энэ цаг үед иргэд, сонгогчид үнэн зөв мэдээллийг хүртэх ёстой. Үүний  дагуу хууль, хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэх ёстой.

Харин иргэд, сонгогчид бид худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл дагаж хошуурч, талцахын оронд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хийх зүйлсийг нь сонирхож, сонголтоо зөв хийцгээе. Нэр дэвшигчдийн штаб, нэр дэвшигчид үлдэж буй 4 хоногт гүтгэлэг, элдэв худал мэдээлэл тарааж, олон нийтийг залхаах явдлаа зогсоохыг шаардаж байна.

Энэ 4 хоногт гүтгэлэг, хэрүүл биш бодлого, мөрийн хөтөлбөрөө ярилцаж сонгогчдыг хуурмаг мэдээлэл бус ирэх 4 жилд хийх ажлаараа өрсөлдөх хэрэгтэй байна.

ХҮН намаас шалгуулахаар өгсөн нэр дэвшигчидтэй холбоотой асуудал нь: 

  1. МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар нь БНСУ-ын иргэнээс 50,000,000 вон авч байгаа бичлэг нь Сонгуулийн тухай хуулийн 49.2, 52.1.4, 52.1.9-р заалтуудыг тус тус зөрчсөн эсэх. Мөн С.Ганбаатар нь МҮЭ-ийн байгууллагын харьяа цэцэрлэгийн газрыг (Баруун 4 замын) Солонгосын шашны байгууллагад худалдсаны төлбөрт авлига авсан эсэхийг тогтоох,
  2. МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдтой холбоотой 60 тэрбумын асуудлыг шалгаж үнэн эсэхийг тогтоох, 
  3. АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгатай холбоотой 720 тэрбумын асуудлыг шалгаж, үнэн эсэхийг тогтоох зэрэг болно.   
 

 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ
2017 оны 06 сарын 21