Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ёс зүйн алдаа гаргасан ЗУРГААН САЙТ уучлал гуйв

Ч.Болортуяа
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монголын Хэвлэлийн Зөвлөл иргэд, уншигч, үзэгчдээс хэвлэл мэдээллийн ёс зүйтэй холбоотой гомдлыг хүлээн авч хэрэв тухайн редакц ёс зүйн алдаа гаргасан бол зөвлөмж гаргаж, улмаар сэтгүүлчийг шүүх, хуулийн байгууллагын үүд татахаас сэргийлж, уншигч, хэвлэл хоёрын харилцааг эвлэрүүлэх үүргийг гүйцэтгэж байна.

Харин иргэдээс ирсэн гомдол нь ямар нэгэн үндэслэлгүй, тухайн хэвлэл мэлээллийн хэрэгсэл ёс зүйн алдаа гаргаагүй бол түүнийг нь хариу болгон явуулж байна. 

Монголын Хэвлэлийн Зөвлөлийн гол зорилго иргэдийн мэдэх үндсэн эрхийг тулгуур болгож улмаар хэвлэл мэдээллийн салбартаа мэргэжлийн ёс зүйгээ баримтлах, хэвшүүлэх зорилготой бөгөөд салбарын өөрийн зохицуулалтын байгууллага гэдэг утгаараа хүлээн авагчдыг ч, сэтгүүлчдийг ч хууль, шүүхийн хаалга татахгүй байгаасай гэсэн эрмэлзлэлтэй ажиллаж байгаа юм. 

Хэвлэлийн Зөвлөл нь үндсэн хоёр ёс зүйн хороотой. Үүнд:

  • Радио, Телевизийн Ёс зүйн хороо
  • Сонин, Сэтгүүл, Сайтын Ёс зүйн хороо ажиллаж улирал бүр иргэдээс ирсэн гомдлыг хүлээн авч хэлэлцэж байна. 

Хамгийн сүүлд гэхэд  Сонин, Сэтгүүл, Сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр болж, шинээр ирсэн хоёр гомдол, хэлэлцэхийг хойшлуулсан байсан нэг өргөдлийг тус тус хэлэлцэж шийдвэрлээд байна. Энэ хуралдааны талаарх мэдээллийг  Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэнээр та бүхэнд танилцуулж байна. 


Нэг дэх гомдол: 

Хербалайф монголиа ХХК-аас “Oдоо цаг” сонины 2017 оны 3 дугаар сарын № 03 дугаарт нийтлэгдсэн “G-time-аас ч хортой “Herbalife” гэх сүлжээний бохир бизнесийг Америкийн тусгай албад шалгаж эхэллээ” гэсэн нийтлэл нь Хербалайф компанийн нэр хүндэд ноцтойгоор халдсан, тус компани болон компанийн бүтээгдэхүүний талаар гүтгэлэг, явуулгын чанартай, үндэслэлгүй сөрөг мэдээлэл тараасан хэмээн үзэж гомдол гаргажээ.  Гомдолдоо мөн няцаалт өгөх, залруулга болгохоор өөрсдийн мэдээллээ нийтлүүлэх тухай Хербалайф компанийн төлөөллийн хүсэлтэнд “Одоо цаг” эрс татгалзсан хариу өгсөн гэжээ. 

Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд “Одоо цаг” сонин дээрх нийтлэлээрээ олон нийтийн сонирхолд байгаа сэдвийг хөндөж бичсэн хэдий ч уг нийтлэлд дурьдагдсан “Хербалайф сүлжээний бүтээгдэхүүнд кокайн агуулагдсан” гэснийг эх сурвалжаар баталгаажуулаагүй, тус компанийн бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн талаарх мэдээлэл нь ам дамжсан таамаг ярианд үндэслэн бичигдсэн байна гэж дүгнэлээ. 

Тиймээс тус сонины редакцийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1 дэх заалтад “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2 дахь заалтад “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.6 дахь заалтад “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэснийг, 1.8 дахь заалтад “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнээд “Одоо цаг” сонины нэрийг дурьдаж, зөрчлийг олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргав. 

Хоёр дахь гомдол: 

Иргэн Ж.С нь вolod.mn, zaluu.com, shuurhai.mn, jirgee.mn, ugluu.mn, tsag.mn зэрэг мэдээллийн сайтуудад хаяглан гомдол ирүүлэхдээ эдгээр сайт “Үндэсний шуудан” сонины 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 092 дугаарт хэвлэгдсэн “Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул дураараа дургиж эхлэв үү!!!” нийтлэлийг өөрсдийн сайтдаа нийтлэхдээ зургийг нь өөрчилж, миний охин С.Эрдэнэтуулын (өөр хамааралгүй нэр нэгтэй хүний зураг) зургийг тавьсан нь алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг санаатайгаар гутаасан үйлдэл хэмээн үзжээ. 

Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд дээрх нэр бүхий мэдээллийн сайтууд нь Хэвлэл мэдээлийн ёс зүйн зарчмын 1.3 дахь заалтад “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ. 

Вolod.mn, zaluu.com, shuurhai.mn, jirgee.mn, ugluu.mn, tsag.mn сайтуудаас Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн хариу тайлбартаа алдаагаа бүгд хүлээн зөвшөөрч, ёс зүйн хорооны хурлаас өмнө залруулга хийж, иргэн Сэрээтэрийн Эрдэнэтуулаас хүлцэл өчсөн байна. 

Дээрх сайтуудын редакц нь алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйж байгаа нь уншигчдынхаа өмнө хариуцлагаа хүлээж чаддаг хэвлэл мэдээллийн байгууллага гэдгээ нотлон харуулах соёл юм гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэж, ёс зүйн хорооны шийдвэрийг өөрсдийн сайтуудад хэвлэн нийтэлж, иргэн С.Эрдэнэтуул, түүний гэр бүлээс албан ёсоор уучлал хүсэх нь зохистой гэсэн зөвлөмжийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хүргүүлэв. 

Иргэн Ц.Оюундариас МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны “Цагийн хүрд” нэвтрүүлэгт хаяглан Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн гомдлыг хэлэлцээд гаргасан Радио, телевизийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/02 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, дээрх гомдлыг дахин хэлэлцэж өгөхийг хүссэн өргөдлийг иргэн Ч.Батцэнгэлээс гаргасан. 

Хариуцагч хэвлэл мэдээллийн байгууллагаас гомдлыг дахин хэлэлцэж өгөх албан ёсны хүсэлт ирүүлээгүй бөгөөд иргэн Ч.Батцэнгэлийг МҮОНРТ-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзэж уг хүсэлтийг Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзлээ.
 

Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба


 

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.