Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Муаммар Гаддафигийн алдагдсан хөрөнгө Африк даяар таржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2011 онд суудлаасаа зайлуулагдаж, эмгэнэлтэйгээр алагдсан Ливийн удирдагч Муаммар Гаддафигийн нууц эрдэнэс, хөрөнгө орон орны ангуучдын сонирхлыг татах болсон юм.

Тэгвэл саяхан гарсан НҮБ-ын тайланд уг алдагдсан эрдэнэс Африк даяар тархсан байгаа гэж дүгнэжээ. Энэ сарын эхээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн томилсон шинжээчид Гаддафигийн дараах Ливийн нөхцөл байдлыг дүгнэсэн 299 хуудас тайлан гаргаж танилцуулсан байна.

Уг бичиг баримтад Гаддафигийн үлдээсэн их хэмжээний өв хөрөнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.

Олон тэрбум доллар, доод тал нь зургаан сая каратын алмааз эрдэнэ, тодорхойгүй тооны алтан гулдмай Өмнөд Африкт нуугдаж байгаа гэсэн цуу яриа сүүлийн хэдэн жил яригдсан. Нийтдээ $20 тэрбумын бэлэн мөнгө дөрвөн банканд хуваагдаж байгаа бол бусад үнэт зүйлс нь Претори, Иоханнесбургийн хаа нэгтээ нууц газарт хадгалагдаж байгаа гэгддэг юм.

2013 онд Өмнөд Африкийн засгийн газар Ливийн шинэ засгийн газарт НҮБ-ын дүрмийн дагуу уг мөнгөнөөс $780 сая орчмыг буцаан өгөхөөр болсон ч бусад эрдэнэсийн талаар огт дурдаагүй.

Тэгвэл сүүлийн тайланд өгүүлснээр үүнээс ч илүү мөнгө Өмнөд Африкийн банк санхүүгийн сүлжээнд эргэлдэж байж болзошгүй гэжээ.

Зөвхөн ил гарсан мэдээллээр бол 2016 онд Өмнөд Африкийн Стандарт Банкнаас $8 тэрбум Кенийн Станбик банканд шилжсэн байгаа гэнэ. Уг гүйлгээг Гаддафигийн хувийн банкир асан Башир Салех аль Шркави хийсэн байжээ.

Үүнээс гадна өөр их хэмжээний бэлэн мөнгө баруун Африкийн банкуудад нэрээ нууцалсан хувь хүмүүсийн дансанд хадгалагдаж байна. Тэдний зургаа нь мөнгөө Ливи руу буцааж шилжүүлэх гэж оролдсоныг шинжээчид баталжээ. Зөвхөн нэг жишээ дурдахад Буркина Фасо улсын Угадугоу хотын хаа нэгтээ төмөр хайрцганд 100-тын дэвсгэртээс бүрдсэн $560 саяын бэлэн мөнгө хадгалагдаж байгаа гэсэн мэдээллийг шинжээчид олж авсан байна.

Уг мөнгийг Ливи руу буцаах тохиромжтой цагийг хүлээн хадгалж байгаа гэнэ. Хадгалж байгаа Societe Transport Convoi International компани нь үүнийхээ төлөө 10-35 хувийн шимтгэл авах тохиролцоотойг бас мэдээлжээ.

Гэвч Буркино Фасогийн засгийн газар ийм компани бүртгэлд байхгүй хэмээн няцааж байгаа гэнэ.

Мөн өөр нэг их хэмжээний бэлэн мөнгө Гана улсын нийслэл Аккрагийн орчим ийм байдалтай хадгалагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Шинжээчид Ганы цагдаа болон бусад байгууллагуудаас мэдээлэл хүссэн ч хариу өгөөгүй гэнэ.

Сүүлд энэ мөнгийг өөр улс руу шилжүүлж байрлуулсан гэх мэдээлэл 2016 оны хоёрдугаар сард илэрсэн байна. Шалгалтаар зарим мөнгийг Гаддафид үнэнч Ливийн босогчид зэр зэвсэг худалдан авахад ашиглаж байгаа гэх мэдээлэл олджээ.

Гаддафигийн алдагдсан хөрөнгийн тухай мэдээллийг НҮБ-ын шинжээчид өнгөрсөн онд алдагдсан Панамын офшор бичиг баримтуудаас ухаж илрүүлсэн юм байна. Тэд уг баримтаас хуучин Гаддафигийн үед ажиллаж байсан, газрын тосны орлогоос санхүүждэг Ливи Африкийн Хөрөнгө оруулалтын сангийн их хэмжээний мөнгөний мэдээллийг олж, мөрдөн шалгажээ. Засгийн газрын мэдэлд байсан уг сан үнэндээ Гаддафигийн гэр бүлд үйлчилдэг байсан гэгддэг юм.

 

Эх сурвалж: Quartz