Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хашмаргад: Автомашинаар 2-3 хоног явж түймрийн голомтод хүрч байна

Г.Лхамрагчаа
2017 оны 6 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргадтай ярилцлаа.

-Улсын хэмжээнд гал түймэр нэлээд гарч байна. Хан Хэнтийн дархан цаазат газрын хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Өнгөрсөн өвөл цас бага унаж, хавар эрт дулаарсан учраас хуурайшилт ихтэй байгаа. Уулсаас эх авч буй зарим голууд тасрах төвшинд хүртлээ хатсан. Хан Хэнтийн хувьд гурван газар түймэр асаж байгаа. Арцатын түймэр өнгөрсөн тавдугаар сарын 17-ноос хойш гарсан. Нийт 60 гаруй хүн бүтэн хоёр cap гаруйн хугацаанд унтраах арга хэмжээ авсны үндсэн дээр цурамд нь орууллаа.

Дээр нь Өмнөдэлгэрт гарсан түймрийг унтрааж чадаагүй. Одоо Онцгой байдлын ерөнхий газраас нэмэлт хүч гарган ажиллаж эхлээд байна. Харин Мөнгөнморьтод гарсан ил түймрийг унтраасан боловч хөрсөн дор үндсээрээ уугьсаар байгаа. Эргэн асах тохиолдол гарах болсон. Тиймээс дархан цаазат газар болон онцгой байдлын албан хаагчид тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар 16 шоо км газар түймэрт сүйдсэн.

-Хоёр сарын хугацаанд түймрийг унтраахаар ажиллаж байна гэлээ. Нөхцөл байдал хүндэрсэн гэсэн үг үү?

-Хүндхэн байна. Наад зах нь түймрийн голомтод хоол хүнс, тусламж хүргэхийн тулд 2-3 хоног автомашинаар явдаг. Зам нь “Зил-131 ” -ээс өөр автомашин хүрэх боломжгүй бартаа, саадтай. Төсөв мөнгөний хувьд ч хүндрэл гарах болсон. Тухай бүрд Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Онцгой байдлын газрууд, орон нутгаас шийдвэрлэж байна. Cap гаруй түймэр дээр ажилласан албан хаагчид ядарсан ч хүн хүчний дутагдлаас болоод сэлгэх боломжгүй байгаа.

-Дулааны улирал эхэлсэн нь гал гарах шалтгаан болж байна уу. Эсвэл өөр хүчин зүйлс нөлөөлөв үү?

-Хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан зүйл бий. Хуулиар хуш модны самар бэлтгэхийг гуравдугаар сарын 15-наас хойш хориглосон байдаг. Гэвч борлуулах, худалдан авахыг нь зохицуулаагүй байдаг учраас галт түймэр гарах эрсдэлийг нэмж байна. Тэгэхээр үүнтэй холбоотой зохицуулалт хийх шаардлагатай. Мөн байгалийн хүчин зүйлс нөлөөлж байгаа. Тухайлбал, Өмнөдэлгэрт гарсан түймэр аянга буусны улмаас гарсан байх магадлал маш өндөр.

-Танай газраас хэдэн га газрыг хариуцаж хамгаалдаг вэ?

-Хан Хэнтийн дархан цаазат газар нийт 1.7 сая гаруй га талбайг хариуцаж хамгаалдаг. Гэхдээ нэг байгаль хамгаалагч ойролцоогоор 60 мянган га газрыг хамгаалж байна. Өөрөөр хэлбэл, гурван Богд уулыг нэг хүн хамгаална гэсэн үг. Тэгэхээр хүн хүчний хүрэлцээний асуудал хүндрэлтэй байгаа юм. Тиймээс гал түймрийн эрсдэл өндөртэй үед салбар яамнууд хамтран цэргийн анги нэгтгэлүүд, тэдгээрийн хүн хүч, техник хэрэгслийг дайчилбал илүү хурдан хүндрэл бага гарна шүү дээ.

Зураг