Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын "ЦАХИУРЫН ХӨНДИЙ"-гөөр аялсан нь...

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
 
Тархинд мэс засал хийх төхөөрөмж Жунь Гуань Цунь үндэсний инновацийн үзэсгэлэнгийн төв.

“Энэ бол хүний тархи, мэдрэлийн системд хагалгаа хийх сүүлийн үеийн технологи. Уг төхөөрөмж нь хүний тархины зургийг авч, хаана ямар гэмтэл, доголдол байгааг шууд тодорхойлсны дараагаар 2 мм-ийн хэмжээнд хагалж, 30 минутын дотор хагалгааг амжилттай гүйцэтгэж дуусгана.

Ингээд хагалгаа хийлгэснээс хойш 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарч болно доо” хэмээн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Жунь Гуань Цунь үндэсний инновацийн үзэсгэлэнгийн төвийнхөн тайлбарлав.

Бүхэл бүтэн тархины хүнд мэс ажилбарт орсон хүн ердөө гурав хоногийн дараа эрүүл чийрэг болж, эмнэлгээс гарна гэхэд бид гайхан дуу алдаж байлаа.

Тус төхөөрөмжийг Бээжин хотын олон эмнэлэгт ашиглаж байгааг тэд яриандаа дурдсан юм.

Бидний урд хөрш “Эрүүл чийрэг Хятад улс” гэсэн уриан дор инновацийн бүхий л ажлыг өрнүүлж, гаднын үнэтэй тоног төхөөрөмжийг худалдан авч, дотооддоо оруулж ирэхийн оронд өөрсдөө бий болгож, бүтээн байгуулахыг зорьж байгаа аж.

Хятад улсын нийслэл Бээжин хотын инновацийг хөгжүүлэх шинэ хөтөлбөрийг 2005 оноос хойш хэрэгжүүлсэн нь өнөөдрийн шинжлэх ухаан, технологийн салбарын өндөр хөгжилд хүрэхэд нөлөө үзүүлж чаджээ.

График 1. Бээжин дэх инновацийн хөгжил

2005 оны байдлыг 2015 онтой харьцуулахад инновацийн хөгжил 40 хувийн өсөлттэй байсан талаарх тоог дээрх графикаас харж болно.

Харин 30 гаруй жилийн өмнө нүүдэллэн аж төрж, загасчлан амин зуулгаа залгуулж байсан Шэнь Жэн хот өнөөдөр Хятадаар зогсохгүй дэлхий дахинд технологийн хөгжлөөрөө түүчээлж байна.

Ердөө 30 жилийн дотор хүн ам нь 30 дахин, газар нутаг нь 600 дахин өссөн үзүүлэлттэй.

Дэлхийн ухаалаг гар утасны 70, суурин компютерийн 90, агааржуулагчийн 80 хувь нь энэ хотод үйлдвэрлэгддэг гэсэн тоо мэдээлэл манай хотын хөгжлийг тод томруун харуулна хэмээн албаныхан ярьсан юм.

1979 оны байдлаар 300,000 орчим хүн амтай байсан хот өнөөдөр хөгжлийн хэрээр газар нутаг нь улам тэлж, 10,000,000 гаруй хүний аж амьдралыг цэцэглүүлэх даацтай хот болон хөгжжээ.

График 2. Шэнь Жэн хотын хөгжил

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2014 онд Монгол улсад айлчах үеэрээ 250 сэтгүүлчийг Хятад улсад айлчлахыг урьсан.

Энэ жил гурав дахь айлчлалын баг “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдвийн хүрээнд тус улсын гурван хот, 10 орчим байгууллагаар зочилж, технологийн хөгжил дэвшилтэй танилцан мэдээлэл авч, туршлага судалсан юм.

Шинэ санаа санаачилгыг баялаг болгож, бүтээхийн нэрийдэл “инноваци” хэмээх нь Монголчууд бидний хувьд одоогоор “шинэ үг”-ийн санд хамаарах байх.

Дөнгөж хөгжиж эхэлж буй залуу салбарыг судалж сонирхохоор явсан нь бидний хувьд цаашид зөв замаар энэ салбарыг хөгжүүлэх боломж бололцоог нээн илрүүлж болохуйц олзуурхууштай явдал байлаа.

Нэг. Хятадын инновацийн хөгжлийн нууцаас...
 
Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Шэнь Жэн хот

Бээжин хотын хувьд дотооддоо инноваци, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны идэвх, шинэ санаачилга, бүтээгдэхүүн гэсэн дөрвөн зүйлээр тэргүүлдэг, бүх Хятадын судалгааны төв нь болдог.

“Бид сансарын пуужин, хиймэл дагуул, газрын гүн, далайн ёроолыг судлах шумбагч онгоц зэрэг шинэ технологийн ололтод суурилсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Үүнээс гадна газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжлийг нэвтрүүлж, бүх Хятадад 16 инновацийн паркийг нээн ажиллуулж байгаа. 

Цаашлаад бид ойрын хугацаанд инновацийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орон болохыг зорьж байна” хэмээн Хятад улсын Инновацийн хороон дарга Зан Шин хэлж байв.

Хятад улс 2016 онд нийтдээ нэг их наяд, 550 тэрбум юанийн санхүүлжитийг инновацийн судалгаанд зарцуулсан бөгөөд энэ нь дэлхийд II-т эрэмбэлэгдэх хөрөнгө оруулалт юм.

График 3. Хятад Улсын Шинжлэх Ухаан, технологийн салбарт зарцуулж байгаа зардал

 

Тэдний төрөөс гарах санхүүжилтийн ихэнх хувь нь шинжлэх ухааны суурь судалгаанд зарцуулагддаг аж.

Зан Шиний хэлснээр Хятадын Шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн бодлогод зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг аж ахуй эрхлэгч, 22 хувийг төр, үлдсэн 8 хувийг бусад эх сурвалжаас санхүүжүүлэх байдлаар зохицуулж иржээ.  

Хоёр. Гадаадад суралцсан залуусыг татахын тулд бүх талаар нь маш сайн дэмждэг
 
Шэнь Жэн хотын Инновацийн шинэчлэлийн хорооны Төрийн бодлогын дарга Рао Мин Хуй

Бидний зочилсон шинжлэх ухаан, технологийн байгууллагууд дахь ажилчдын ихэнх хувь нь гадаадад суралцаж, мэргэжил эзэмшсэн, мэргэжлээ дээшлүүлсэн байлаа.

Тухайлбал, Шэнь Жэн хотын "Да Жян шинэ технологи"-ийн компанид бидэнд үйл ажиллагаагаа танилцуулан зочилж байсан судлаач залуугаас энэ тухай асуухад Францын Үндэсний Политехникийн Институдэд докторын зэрэг хамгаалсан гэв.

Шэнь Жэн хотын Инновацийн шинэчлэлийн хорооны Төрийн бодлогын дарга Рао Мин Хуй “Бид гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо эргүүлэн татах тусгайлсан бодлого баримталж ажилладаг. 

Сайн боловсон хүчин улс орны хөгжлийн нууц гэх зарчмыг баримталж, залуусын суурь судалгааны зардал, амьдрах орчин, ажлын байр, хангамжийг маш сайн дэмжиж өгдөг.

Иймээс манай хот цагаачдын хот гэж нэрлэгдэж 30 гаруй жилийн дотор хүн ам хурдацтай өссөн байна” хэмээн тайлбарласан юм.

Манай улсын хувьд дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг Их, Дээд сургуулиудад суралцсан, суралцаж байгаа, суралцахаар явах гэж байгаа залуус маш олон бий.

Тэд эх орноо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байдаг ч эх орондоо эргэн ирж, ажиллаж, амьдрах нь бага байдаг. Гэтэл Хятад улсыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гол хөдөлгөгч хүчин нь гадаадад боловсрол эзэмшсэн залуус байна.

Гурав. Монгол Улстай олон чиглэлд хамтарч ажиллах боломж нээлттэй
 
Бээжин хотын Шинжлэх ухаан, Технологийн Хороо

Ши Жиньпин “Нэг бүс-Нэг зам”-ыг бүтээн байгуулалт, инноваци шинэчлэлт, найрамдал, хамтын хүчээр хөгжих арга зам юм" гэж тодорхойлжээ. Иймээс манай улстай хөрш орны хувьд инновацийн хөгжилд хэрхэн хамтран ажиллах тухай бодлого гарган ажиллаж байгаа тухай Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хорооны дарга Вэй Жиа Мин уулзалтын үеэр дурдсан юм.

Тэдний төлөвлөж буйгаар Хятад улс Монгол Улстай нэгдүгээрт, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, өндөр технологи бүхий үйлдвэрүүдэд мэргэжилтэн солилцох,

хоёрдугаарт, хоёр орны аж ахуйн нэгжүүд хамтарсан лаборатори байгуулах замаар мэргэжилтэн бэлтгэх, гуравдугаарт, сургуулиудын хамтын судалгааны чиглэлээр,

  • байгаль орчин,
  • мал аж ахуй,
  • газар тариалан,
  • хот төлөвлөлт,
  • хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж, туршлагаасаа хуваалцах боломж нээлттэй байгаа ажээ.

Үүнээс гадна бусад бүхий л салбарын хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд хамгийн гол судалгаа, шинжилгээний ажил ямар түвшинд явж байгаа тухай бодит мэдээлэл хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.

Инновацийн технологиудаас


Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнайн хэлсэнчлэн Хятад улс өнөөдөр “инноваци” хэмээх үгийг бодит ажил болгож чадаж байна.  

“Хэрэв чи хэн нэгнийг үзэн ядаж байвал түүнд удирдуулж байна гэсэн үг” гэж үг бий. Хятад улс бидэнд үлгэр болох олон зүйлийг үлдээн ирээдүй рүү хол тасран алхаж явна. Харин бид өнөөдөр удирдуулаад суухын оронд сэрж, суралцаж, хийж бүтээж, хөдөлмөрлөж эхлэх цаг нэгэнт иржээ.

Өнөөдөр утас зүү сүвлээд нэг ч болов оёдол хатгах, алх бариад нэг ч болов хадаас хадсаны үр дүнд маргааш бид ямар сэтгэл өег суух бол.