Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр зохицуулсан бөгөөд энэхүү заалтыг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Онцгой албан татвар төлдөггүй байсан эдгээр автомашинд дээрх хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа хос тэжээлт буюу “Пруис” машины хэрэглэгч, борлуулагчдад эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна. Түүнчлэн татвар нэмэхээс өмнө захиалсан болон лизингээр авсан “Пруис” автомашины захиалсан, борлуулсан, худалдан авагч нарын дунд үл ойлголцол бий болох, гааль дээр хугацаандаа автомашинаа авч чадахгүй бөөгнөрөл үүсэх зэрэг асуудал үүссэн юм байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс