Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ник Ван Бенштон: Стандарт нь аливаа зүйлийн баталгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 5 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

“Авлигын эсрэг хамтын ажиллагааг Монгол Улсад идэвхжүүлэх нь” сэдэвт сургалтын үеэр сургагч багш, Их Британийн банкнуудын холбооны санхүүгийн гэмт хэрэг бодлогын захирал, авлигын эсрэг бие даасан зөвлөх Ник Ван Бенштонтой ярилцлаа.

-Авлигатай тэмцэхийн тулд стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэйг та сургалтын явцдаа нэлээд давтаж хэлсэн. Тэгэхээр ямар стандартын тухай ярьж байна вэ?

-Авлигатай тэмцэх ISO-37001 стандарт өнгөрсөн жил батлагдсан. Энэ нь системийнх гэж ойлгож болно. Нэг талаар уг стандарт мэдээжийн зүйлийг хэлж байгаа мэт боловч маш ойлгомжтойгоор системийг хэрхэн ашиглах вэ гэдгийг зааж өгсөн юм. Ингэснээр хяналт тавьж, шалгахад илүү хялбар болгож байна гэсэн үг. Харин бизнесийнхний хувьд өмнө нь нэг, нэгээр нь хийдэг байсан зүйлийг гуравдагч талаар хийлгэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, жишиг бий болсноор бусдаар гүйцэтгүүлэх боломжийг бий болгосон хэрэг юм.

Ер нь стандарт гэдэг нь эрүүл өрсөлдөөнийг бий болгож, үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Тиймээс энэ стандартыг суурьшуулснаар бүхий л зүйлийг сайхан болно гэж болохгүй. Аливаа зүйлийг сайжруулахын тулд зүтгэх хэрэгтэй, анхаарлаа хандуулж, идэвхжүүлэх нь чухал юм. Гэхдээ авлигын стандартыг ягштал мөрдсөнөөр амжилтад хүрч, авлигагүй болно гэдэг баталгаа биш. Учир нь маш олон Засгийн газар үүнийг хэрэгжүүлснээр авлигаас ангижрах нотолгоо мэтээр ташаа ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ стандартыг нутагшуулж, дагаж мөрдөх нь асуудлыг цэгцлэхээр хичээж байгаа нэгэн хэлбэр юм.

-Авлига, хээл хахууль гэж хэлэх боломжгүй зүйлийг саарал асуудал гэж тодорхойлсон байсан. Үүнийг тодруулаач?

-Саарал асуудал гэхээр дотоодын хууль тогтоомжийг хэлж болно. Жишээлбэл, авлигатай тэмцэх талаар олон улсад тодорхой болсон хууль бий. Тухайлбал, Англи, Америкийн хуулийг нэрлэж болно. Тус хуульд зааварчилгаа болохуйц тодорхой заалтууд бий. Үүнийг бусад улс орнуудтай харьцуулахад арай өөр байгаа нь саарал асуудал үүсэх алхам болдог.

Тэгэхээр нэг орны хүсэж байгаа зүйлийг нөгөө улсад нь тулгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, дотоодын хууль тогтоомжтой уялдах эсэхээс хамааран үйл ажиллагаа эрхлэх болдог. Үүний тулд ямар зүйлийг хийж болох, юуг нь хийж болохгүй вэ гэдгийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Магадгүй гаднын хөрөнгө оруулагч зам барихаар төлөвлөсөн байж болно. Гэхдээ тухайн улсын хуульд юу гэж заасан бэ гэдгийг мэдэхгүй учраас судлах учиртай. Энэ тохиолдолд зөрчилтэй асуудал тулгарч болно.

Гэтэл тухайн улсын хуульд энэ талаарх заалт байхгүй бол саарал асуудалд оруулахаас аргагүйд хүрдэг. Энэ мэтчилэн олон жишээ байж болно. Эцсийн дүндээ тодорхой бус зүйлийг л хэлж байгааг ойлгох хэрэгтэй.

-Манай улсын хувьд авлига ихтэй орны тоонд ордог. Гаднын экспертийн хувьд үүнд нөлөөлсөн хүчин зүйлийг та юу гэж дүгнэж байна. Ер нь авлигыг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Улс орны нөхцөл байдал ямар байгаа талаар судалгаатай ярих ёстой. Миний хувьд Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэхүй” судалгаанаас харж байхад Монгол Улс зарим талаараа сайн байгаа хэдий ч зарим талдаа гайхширмаар муу байна. Жишээлбэл, гэрээг дээдлэх, гэрээний хэрэгжилт, өмчийн эрхийг хангах талаар авч байгаа үнэлгээ хэт доогуур байна. Мөн шүүх эрх мэдлийн хараат байдал бас маш муу оноог авдаг.

Эдгээр нь бүхий л зүйлийн амин чухал үзүүлэлт юм шүү дээ. Тиймээс үүнийг зайлшгүй анхаарах ёстой. Монгол Улсыг бүхэлд нь харвал, маш амжилттай яваа сурагч шиг байдаг. Гэвч нөгөө талаас зарим нэг зүйл нь гайхширахуйц байна.

Түүнчлэн ОУВС-гийн хөтөлбөр хойшилсон энэ үеийг боломж болгож ашиглах цонх үе гэж болох юм. Өөрөөр хэлбэл, муу үнэлгээтэй байгаа голлох үзүүлэлтээ сайжруулах, залруулах боломж гэж харж ажиллах нь зүйтэй гэж бодож байна.

Зураг