Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад “Нэг бүс, нэг зам” санаачилгад 600-800 тэрбум ам.доллар зарцуулна

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2017 оны 5 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэллээ. Тус уулзалт хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр албан ёсоор хаалтаа хийх гэнэ.

Хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нарын 29 улс орны төр, Засгийн газрын тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким нарын 70 гаруй олон улсын байгууллагын томоохон албан тушаалтнууд оролцож байгаа аж.

Үүнээс гадна 130 орны 1,500 гаруй төлөөлөгч оролцож байна. “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Си Зиньпин нээж үг хэлжээ.

Тэрбээр “Эртний торгоны замын маршрутыг энхийн цагт гаргаж байсан. Гэвч, дайн дажин үгүй болгосон байдаг. Тиймээс бид “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд энх тайван хийгээд тогтвортой хөгжлийн замыг тавих хэрэгтэй. Харилцан ашигтай хамтран ажиллах замаар олон улсын харилцааг шинэ төвшинд гаргаж, үл сөргөлдөх зарчмыг баримтлан түншүүдтэйгээ яриа хэлэлцээр хийх хэрэгтэй.

Улс орнууд харилцан бие биеийнхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам болон нийгмийн тогтолцоог хүндэтгэх хэрэгтэй. Эртний торгоны замын дагуух зарим бүс сүү, зөгийн балын нутаг байлаа. Харин өнөөдөр эдгээр газар дайн байлдаан, хямралд нэрвэгдээд байна. Бид ийм байдлыг зүгээр хараад сууж болохгүй” гэдгийг онцлон тэмдэглээд, бүх улс орныг хамарсан аюулгүй байдлын орчин нөхцөлийг бий болгох шаардлагатайг дэлхий дахинаа уриалжээ.

Мөн үргэлжлүүлэн “Бид хөгжлийн үндсэн асуудалд анхаарлаа хандуулж, бүх улс орныг хамарсан эдийн засгийн хөгжлийн замыг тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ загваруудыг бий болгож, засгийн газар, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг илүүтэй дэмжиж, төрөлжсөн санхүүгийн тогтолцоо болоод олон шатлалт хөрөнгийн зах зээлийг бий болгох хэрэгтэй” гэлээ.

Харин дэд бүтцээр холбогдох тухайд тэрбээр “Газар, далай тэнгис, агаар, кибер орон зайгаар холбогдох боломжийг эрэлхийлж, хурдны зам, төмөр зам болон далайн боомтуудын төслүүдэд анхаарлаа хандуулах”-ыг холбогдох бүх улс оронд уриалжээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин “Нэг бүс, нэг зам” санаачилгыг анх 2013 онд гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэгвэл түүнээс хойших анхны томоохон хэмжээний уулзалт нь энэ удаа болж буй гэдгээрээ онцлог юм. Уулзалтад оролцож буй зочид, төлөөлөгчид энэ өдрүүдэд “хамтран ажиллах”, “хамтдаа ашиг хүртэх” гэсэн хоёр чиглэлийн хүрээнд бодлого чиглэл, зам харилцаа, худалдаа, валют солилцоо, ард иргэдийн харилцан ойлголцлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэх ажээ.

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 60 тэрбум ам.долларыг “Нэг бүс, нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтад зарцуулсан байна. Харин ирэх таван жилд үүнийг 10 дахин нэмэгдүүлж, 600- 800 тэрбум ам.доллар буюу жилд 120-180 тэрбум ам.долларыг уг санаачилгын бүтээн байгуулалтад зарцуулна гэдгээ илэрхийлээд байна.

Тодруулбал, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооны дэд дарга Нин Жизе хоёр өдрийн турш үргэлжлэх уулзалтын үеэр олон улсын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурджээ. Тэрбээр “Нийтдээ 600-800 тэрбум ам.доллар зарцуулна. Энэ хөрөнгө оруулалт чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь байх болно” гэжээ.

2013-2016 онд Хятад компаниуд “нэг бүс, нэг зам” дагуух улс орнуудад 60 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр 180 гаруй мянган ажлын байр шинээр бий болсноос гадна орон нутгийн төсөвт 1.1 тэрбум ам.долларын татвар төлсөн байна.

Зураг