Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ

ikon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Татварын Ерөнхий Газрын дарга Лувсандашийн Зориг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад өвчний улмаас зуурдаар таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамтран зүтгэгчид, хамт олон бидэндээ төдийгүй Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбар, татварын албанд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Л.Зориг 1957 онд Улаанбаатар хотод төрсөн, 1976-1981 онд Донецкийн Улсын Их сургуульд суралцаж эдийн засагч-кибернетикч мэргэжлээр дүүргэж, 1999-2000 онд МУИС-д суралцаж эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан.

Л.Зориг 1981-1988 онд Үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, секторын эрхлэгч, хэлтсийн дарга зэрэг албыг хашиж ажилласнаас эхлэн Монгол Улсын эдийн засгийн төв байгууллагуудад хэлтэс, газрын дарга, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх, УИХ-ын Тамгын газарт ахлах зөвлөх, Татварын Ерөнхий Газрын дарга зэрэг хариуцлагатай ажлыг 36 жил тасралтгүй хашиж иржээ.
Л.Зориг төрийн захиргааны төв болон санхүү, эдийн засгийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн албаны чиг үүргээ үнэнч шударга, идэвхи санаачилга, үр бүтээлтэй зохион байгуулж гүйцэтгэдэг төрийн захиргааны тэргүүний удирдах ажилтан байлаа. Тэрбээр 2000-2008 он болон 2016 оноос өнөөг хүртэл Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллахдаа татварын хуулиудыг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээ, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх үндсэн дээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх ажилд хамт олноо чадварлаг зохион байгуулж удирдан ажилласны үр дүнд татварын орлогын төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж ажилласан юм.

Л.Зориг татварын хуулиудыг шинэчлэн батлуулж хэрэгжүүлэх, татварын албадын материаллаг баазыг бэхжүүлэх, хамт олны нийгмийн асуудлыг шийдэх, татварын байцаагчдын мэргэшлийг дээшлүүлэх зэрэг олон чухал асуудалд ихээхэн анхаарал хандуулж үр дүнд хүргэсэн билээ. Тэрбээр ажилсаг зарчимч, ухаалаг, хүнлэг, төлөв даруу, нөхөрсөг зантай хамт олны хүндэтгэлийг хүлээсэн удирдагч, хамтран зүтгэгч байсан нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Л.Зоригийн төрд ажилласан хөдөлмөр зүтгэлийг өндөрөөр үнэлж төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас одон” медалиудаар шагнагдаж байжээ.

Монгол төрийн шилдэг түшээ, чадварлаг удирдах ажилтан бид бүхний хамтран зүтгэгч Л.Зориг таалал төгсөж хамт олноо орхин одсонд Монголын татварын алба гүнээ ЭМГЭНЭН гашуудаж байна.

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЛБА

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.