Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт шинэ вирусны халдлагын эсрэг яаралтай арга хэмжээ авлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт дэлхий нийтийг хамарсан компьютерийн вирусны халдлага гарсны дараа Майкрософт компани яаралтай арга хэмжээ авсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй ховор үйл явдал боллоо.

Учир нь Майкрософт дэмжлэг үзүүлэхээ зогсоод удаж байгаа Windows-ийн хувилбарууддаа зориулж аюулгүй байдлын нөхөөс гаргасан байна. Өмнө нь ийм алхам хийж байсан түүх байхгүй юм.

Тухайлбал Windows XP системийн дэмжлэгийг Майкрософт гурван жилийн өмнөөс зогсоосон бол өчигдөр шинэ нөхөөс програмын шинэчлэл гаргажээ. Энэ нь WannaCry гэгдэх дэлхий даяар 100,000 гаруй компьютерийг хамраад байгаа мэдээлэл барьцаалж мөнгө нэхдэг вирусны эсрэг авсан арга хэмжээ юм.

Malware Tech байгууллагын сүүлд мэдээлснээр дэлхий даяар 124,000 компьютер энэхүү вирусны халдлагад өртөөд байна. Майкрософт XP-ээс гадна Windows 8, Windows Server 2003 зэрэг хуучин системүүддээ зориулж аюулаас хамгаалах нөхөөс гаргажээ.

Энэ оны эхээр Майкрософт вирусны эсрэг хамгаалалтын нөхөөс гаргасан ч хуучин, дэмжлэг өгөхөө зогсоосон системүүдийг хамруулаагүй байсан юм.

Сүүлд авсан мэдээллээр Баасан гарагийн халдлагад өртөж барьцааны мөнгийг хамгийн ихээр төлсөн улс орнуудад ОХУ, Өмнөд Солонгос орж байгаа гэнэ.

Шинэ вирус нь тухайн компьютерийн мэдээллийг кодлон түгжиж, $300-ыг биткоин дижитал валютаар өгөгдсөн хугацааны дотор төлсөн тохиолдолд буцааж сэргээж өгдөг юм.

Британий эрүүл мэндийн байгууллагуудын бүх мэдээллийг барьцаалаад байгаа вирусны тараагчийг илрүүлэхээр Европын Кибер гэмт хэргийн төв ажиллаж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today