Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд Саран дээр амьдрах бэлтгэлээ хийж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн дагуулыг эзэмших хэтийн төлөвлөгөөний хүрээнд Хятадын оюутнууд саран дээрх орчинтой ижил нөхцөл бүрдүүлсэн лабораторид 200 хоног амьдрахаар болжээ.

Бээжингийн Бэйхан их сургуулийн сансар судлалын ангийг төгсөж байгаа дөрвөн оюутан Лхагва гарагт 160 метр.кв талбайтай Юүэгон-1 (Сарны ордон) гэх нэртэй лабораторид орж, амьдарч эхэлсэн байна.

Сайн дураараа туршилтад оролцож байгаа оюутнууд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдах гэнэ. Тэд өөрсдийн ялгадсаа био-ферментийн аргаар задалж, тэнд ургуулж байгаа үр тариа, хүнсний ногоонд ашиглах юм. Өөрөөр хэлбэл гаднаас ямар ч хангамж авахгүйгээр бүгдийг дотроосоо хангана.

Хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй оюутан эхний ээлжинд 60 хоног байрлана. Дараа нь дахин дөрвөн хүн тэдний орыг эзэлж, 200 хоног болох ажээ.

Юүэгон-1-ийг дэлхийн гурав дахь био аргаар өөрийн амьдралыг бүрэн тэтгэдэг лаборатори гэж үзэж байгаа ба Хятадын хувьд анхных нь юм. Үүнээс өмнө 2014 онд 105 хоногийн туршилт амжилттай хэрэгжиж байжээ.

Хятад улс сансрын гүрэн болохоор АНУ, ОХУ, Европын араас эрчимтэй ажиллаж, олон тэрбумын хөрөнгө цутгаж байгаа. Өнгөрсөн сард Хятадын анхны ачааны хөлөг Тяньжоу-1 сансарт хөөрч, тойрог зам дахь лабораторид амжилттай залгагдсан юм.

 

Эх сурвалж: Japan Times