Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадтай булаацалддаг арал дээр Филиппин цэргээ байрлуулж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Бээжин-Манилагийн хооронд маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгисийн арал дээр Филиппин улс цэрэг, зэвсэг байрлуулх эхэлсэн байна.

Арал дээр барилгын материалуудыг хүргэж, нисэх онгоц буух зурвас байгуулж эхэлжээ. Цэргүүд болон эхний хангамжийн материалууд Паг-аса аралд өнгөрсөн долоо хоногт хүрснийг Филиппиний армийн хошууч генерал Раул дел Росарио хэвлэлд ярьсан байна.

Нисэх зурвас, хөлөг онгоцны зогсоол байгуулахад нийт 1.6 тэрбум песо ($32 сая) засгийн газраас нь гаргажээ. Цаашдаа нарны эрчим хүчний станц, ус цэвэршүүлэх байгууламж, цэргийн хуаран, далай судлал, аялал жуулчлалын байгууламжууд нэмж барихаар төлөвлөсөн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ сарын эхээр Филиппин дэх Хятадын элчин сайд Зао Жяньхуа олон улсад Титу гэж нэрлэгддэг уг арал дээр ямар нэг бүтээн байгуулалт хийх нь хууль бус алхамд тооцогдоно гэж анхааруулж байжээ.

Мөн дээрх арал багтдаг Калаян бүлэг арлуудын агаарын бүсэд нэвтэрсэн ямар ч нисэх онгоцонд Хятадын талаас анхааруулга өгөхийг сануулсан юм. Гэвч Филиппиний эрх баригчид хариу мэдэгдэл гаргаж, тус арлуудыг өөрийн Палаван мужийн нэг хэсэг гэж үздэгээ мэдэгдсэн байна.

Паг-аса арал нь Спратли олтригийн хоёр дахь том арал. Спратлиг Хятад, Филиппинээс гадна Тайвань, Вьетнам улсууд өөрийн газар нутаг гэж маргалддаг юм.

Өнгөрсөн онд Гаагийн олон улсын шүүх Спратли олтригийг Филиппиний газар нутаг мөн гэсэн дүгнэлт гаргасан ч Бээжин эсэргүүцсээр байгаа. Өнгөрсөн сард маргаантай арал дээр Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ айлчлахаар төлөвлөж байсан ч Хятадын засгийн газрын шахалтаар төлөвлөгөөгөө цуцалсан юм.

 

Эх сурвалж: Russia Today