Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн цөмийн хаягдал хадгалдаг хонгил нурж, түгшүүр зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Вашингтон муж улсад байрладаг цөмийн хаягдал агуулах хонгил нурж, олон зуун ажилчны амь нас эрсдэлд орсон байна.

Мягмар гарагийн өглөө болсон энэ ослын дараа ажилчдын зарим хэсгийг нүүлгэн шилжүүлж, заримыг нь хоргодох байранд хориод байгаа ажээ. Осол болсон Ханфордын Цөмийн Хадгалах газарт плутон үйлдвэрлэлтээс гарсан цацраг идэвхит хаягдлыг булсан байдаг юм. Цагаан ордонд энэ талаар мэдээлж, холбооны онцгой байдлын мэргэжилтнүүд ослын газар ажиллаж эхэлжээ.

Байгууламжийг шалгаж явсан ажилчид хонгил цөмөрч нурсан байхыг анх илрүүлсэн байна. Одоогоор хэр хэмжээний цацраг алдагдсан, хэчнээн ажилчин өртсөн нь тодорхойгүй байгаа гэнэ.

 

Ханфорд хотод байрлах энэ байгууламж нь 70 жилийн өмнөөс Америкийн цөмийн зэвсэгт зориулсан плутоны үйлдвэр байжээ. Одоо газар дор 177 контайнер хаягдал хадгалагддаг. АНУ-ын эрчим хүчний департмент саяхан хувийн компанитай $110 тэрбумын төсөл эхлүүлж, агуулахыг цэвэрлэх ажиллагааг эхэлсэн юм байна.

Ослоос өмнө эндээс хортой бодис ялгарч байсан ба өнгөрсөн жил гэхэд 61 ажилтан хордсон байна. Энэ байгууламжийг мэргэжилтнүүд “Америкийн хамгийн хортой газар”, “дэлбэрэхээ хүлээж буй газар доорх Чернобыль” зэргээр нэрлэдэг ажээ.

Олон жилийн турш холбооны засгийн газар энэ байгууламжийг аюулгүй болгохоор анхаарлын төвдөө байлгаж байв. 1980 оноос хойш плутоны үйлдвэрлэл энд явуулаагүй ба 1989 оноос цэвэрлэх ажиллагаа эхэлсэн гэдэг.

Ханфорд бол Вашингтон мужийн өмнөд хэсэгт, Сиэтл хотоос 320 орчим километр зайнд байрладаг хөдөө аж ахуйн жижиг хот юм.

 

Эх сурвалж: Independent