Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сөргөлдөөнөө зогсоохыг Хойд Солонгосоос Өмнөд Солонгост уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг хоногийн өмнө буюу өнөөдөр хоёр Солонгосын түүхэн сөргөлдөөнийг эцэслэхийг уриалсан нийтлэлийг Хойд Солонгосын эрх баригч намын төв хэвлэл Родон Синмун сонин тэргүүн нүүрэндээ гаргажээ.

Сонинд өгүүлэхдээ “Өнөөдрийн Хойд-Өмнөд Солонгосын эмгэнэлт харилцааг сүүлийн 10 жилийн турш төр барьсан консерватив бүлэглэлүүд бий болгосон ба нэг үндэс угсаатнуудын дунд улс төр, цэрэг зэвсгийн сөргөлдөөнийг эрчимжүүлсэн юм” гэсэн байна.

Маргааш буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын иргэд албан тушаалаасаа огцорсон экс ерөнхийлөгч Пак Гын Хэг залгамжлах шинэ ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа юм.

Хамгийн сүүлийн судалгаагаар Ардчилсан Намын нэр дэвшигч Мүүн Жэ Ин бусдаасаа хол илүү тэргүүлж байгаа нь харагдаж байгаа. Хэрвээ Мүүн Жэ Ин сонгогдвол тэрээр Хойд Солонгостой аядуу, зөвшилцөх бодлого барьж, консерватив Ли Мюн Бакаас эхлэн Пак Гын Хэг хүртэл үргэлжилсэн хатуу бодлогыг зогсооно гэсэн хүлээлт бий.

“Манай ард түмний энх тайвныг хүсэх сэтгэлийг консерватив бүлэглэлүүд, дайны хэнээтнүүд хайр найргүй гишгичсээр ирсэн юм” гээд “Консервативуудын өдөөж ирсэн хоёр Солонгосын сөргөлдөөний түүх төгсгөл болж, нэг үндэс угсаатны нэгдэн нийлэх шинэ эрин эхлэх ёстой. Ингэхийн тулд консервативуудын засгийн эрхэнд дахин гарах арга замыг бүрмөсөн нураах хэрэгтэй” гэж тус нийтлэлд өгүүлжээ.

Эндээс харвал Пёньян Өмнөд Солонгосын засгийн эрхэнд консерватив хүч дахин гарахаас болгоомжилж, маргааш болох ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг хичээж байгаа нь харагдаж байна.

 

Эх сурвалж: Korea Times