Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Лхагвасүрэн: Хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлснээр нийгмийн ялгарал арилна

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 5 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

“Leaderships forum” булангийн зочноор эдийн засагч, доктор Д.Лхагвасүрэнг урилаа.

БЛИЦ

  • АНУ-д Рочестерийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
  • МУИС, Канадын Конкордиа их сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшилж байсан.
  • Канадын Конкордиа их сургуулийн Ассошэт профессор цол хүртсэн.
  • Норвестернийн их сургуулийн Санхүүгийн тэнхимд ахлах судлаач.

ДНБ-ИЙ НЭГ ХҮНД НОГДОХ ХЭМЖЭЭ ДӨНГӨЖ 22 ХУВЬ

Монгол Улсын хөгжил ямар төвшинд байх вэ гэдэг нь ихэнх хүмүүст ойлгомжтой зүйл. Манай улсын хувьд авлигын асуудал нэн тулгамдсан. Төсөв, мөнгөний зарцуулалтын үр өгөөж оновчтой эсэх нь маш чухал. Эдгээр асуудлыг шийдсэний дараа хөгжлийн тухай ярих нь зүйтэй. Цаашид бид хөгжих эсэхээ тодорхойлохдоо урт хугацаанд ажлын байрыг тогтвортой хадгалах, хүмүүсийг ажилтай, орлоготой болгосны дараа хэрхэн хөгжих вэ гэдгээ ярих хэрэгтэй.

Мөн хүмүүсийн нийгмийн асуудал, тав тухыг хангасны дараа л хөгжинө. Ард түмнээ хөгжүүлэхгүйгээр зөвхөн уул уурхай, том төслүүдийн талаар ярьснаар хөгжихгүй гэдгийг сүүлийн 20 гаруй жилийн түүх харууллаа. Энэ хугацаанд мөнгө яаж олох вэ, ам.долларын ханш хэд хүрч байна, улсын төсвийн орлого, зарлага, банкны систем гэх мэтийг ярьж ирсэн. Харамсалтай нь үүнийг бий болгох ажиллах хүчнийхээ тухай огт ярьж байгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу.

АНУ, Европ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд хөдөлмөрийн орлого нь ДНБ-нийхээ 60-70 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Япон улс 100 иений бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүний 70 нь хөдөлмөрийн орлого болж өрхүүддээ хүрдэг. Миний тооцоолсноор 2014 оны байдлаар манай үндэсний нийт бүтээгдэхүүний дөнгөж 22 хувь нь цалин хөлс байсан. Хэрэв өрхийн үйлдвэр үйлчилгээнээс олох орлогыг хөдөлмөрийн орлогод оруулаад хүчээр тооцвол энэ тоо дөнгөж 33 хувьд хүрнэ. Энэ тохиолдолд улс орныг хөгжүүлнэ гэдэг хэт өрөөсгөл ойлголт. Ихэнх оронд хөдөлмөрийн зах зээлдээ анхаарлаа хандуулснаар хөгжсөн байдаг.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХӨГЖҮҮЛ

Хөдөлмөрийн зах зээлийг ажилгүй хүмүүсийн талбар мэтээр ойлгож байгаа нь харамсалтай. Зүй нь энэ зах зээл нь ажилтай, ажилгүй хүмүүсийн асуудал багтана. Ажилгүй хүнээ хэрхэн ажилтай болгох вэ. Ажилтайгийнх нь бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг ярих учиртай. Ингэхдээ өрхөд ногдох орлогыг нэмэгдүүлэх, ирээдүйд оруулах хөрөнгө их байх тухай асуудал бий.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд 0-5 настайд нь хөрөнгө оруулах нь хамгийн их эдийн засгийн үр өгөөжтэй болохыг эдийн засагч Хэкман тогтоосон байдаг. Тиймээс залуу эцэг эхчүүдийн хөдөлмөрийн орлогод бид онцгой анхаарах ёстой. Улс нь баян хэр нь, дийлэнх иргэд нь ядуу улсыг хөгжилтэй гэхгүй. Түүнтэй адил, цөөн хэдэн өрх нь маш өндөр орлоготой, бусад нь ядуу улсыг хөгжилтэйд тооцохгүй шүү дээ. Ямар нэг улс орны хэмжээнд хөдөлмөрийн бус орлого их байж болох ч дийлэнх өрхүүдийн орлого нь ажил эрхлэлтээс л хамаарна. Сүүлийн үед дэлхий нийтийг зовоож буй нэг асуудал бол залуучуудын ажилгүйдэл юм.

Манай ажилгүй иргэдийн 61 хувь нь 15-34 насны залуус, 82 хувь нь 45-аас доош насныхан байна. Айл өрхүүдийн амьдрал тухайн улсын хөгжлийн толь юм. Чинээлэг өрхийн орлого нэг сая төгрөгөөр өсөх, эсвэл дундаж орлоготой 10 өрх тус бүрийн орлого 100 мянгаар өсөх нь нягтлан бодох бүртгэлийн талаасаа адилхан боловч, эдийн засгийн хувьд ихээхэн ялгаатай. Нэг чинээлэг айлын нэмэлт орлого нь гадаадын тансаг барааны эрэлтийг нэмэгдүүлж байхад, дундаж орлоготой арван өрхийн нэмэлт орлого дотоодын эдийн засагт илүү эерэг нөлөөтэй байдаг. Энэ л улсын хөгжилд нөлөөлөх хүчин зүйл юм.

АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Монголын эдийн засгийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай. 2013 оны ажиллах хүчний судалгаа ашиглан хийсэн миний тооцоогоор Монголд өрх толгойлсон эхчүүдийн цалин хүүхдийн тооноос хамаарч байгаа нь анзаарагдсан. Жишээлбэл, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эх, нэг хүүхэдтэй өрх толгойлсон эхээс дунджаар 17 хувь бага цалин авч байгаа юм. Эндээс үзэхэд манай улсын олон хүүхэдтэй өрхүүд үнэхээр бага орлоготой гэдэг нь харагдана. Тиймээс, хүүхэд бүрт жигд мөнгө өгөх бус, харин олон хүүхэдтэй өрхүүдэд илүү мөнгө өгөх нь илүү үр ашигтай хөрөнгө оруулалт болно.

Түүнчлэн ажил эрхлэлтийг сайжруулах нь зүйтэй. Ингэхдээ хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулна гэсэн үг. Үүнийг нэг хүчин, нэг хүн, нэг Засгийн газар шийдэх зүйл биш. Олон арван жилийн туршид уялдаатай бодлогын үр дүнгээр бий болох юм. Бид байгалийн баялгаас мөнгө олж сайхан амьдарна гэж үздэг. Огт боломжгүй зүйл биш боловч хүмүүст хэр хүртээмжтэй, өгөөжтэй байна вэ гэдгээс хамаарна.

Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаас олсон орлогыг нийтэд хүртээснээр тэрхүү мөнгөний зарцуулалт олон нийтэд нээлттэй болох юм. Гэтэл манай улс хөдөлмөрийн зах зээлийн бодлогодоо маш бага мөнгө зардаг. Улс орнуудын хувьд, хөдөлмөрийн зах зээлийн бодлогодоо зардаг үндсэн чиглэл нь ажилгүйдлийн даатгал юм. Ажилгүйдлийн даатгалдаа улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-3 хувийг зарцуулдаг байна. Гэтэл энэ тоо манайд 0.08 хувьд ч хүрдэггүй гэж болно. Тэгэхээр, эдийн засгийн бодлого талаасаа, бидэнд хөдөлмөриин зах зээл дээр хийх ажил их байгаа юм. Xөдөлмөрийн зах зээлээ илүү хүчирхэгжүүлэх естой. Ингэснээр улс орон хөгжинө, авлига хээл хахууль ч буурах юм.

АЖИЛГҮЙДЭЛ БҮТЭЭМЖИЙГ БУУРУУЛДАГ

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн бодлого гагцхүү ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл рүүгээ чиглэдэг. Олон улсын хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрэнд ч гэсэн ажил эрхлэлтийг онцолдог. Монголд эдийн засгийн сэдвээр олон асуудал ярьдаг боловч яг эдийн засгийн бодлогын түгээмэл асуудлыг хөндсөн яриа хэлэлцээр бага байдаг. Орчин үеийн макро эдийн засгийн үндсэн асуудал капитал, мөнгөн хөрөнгөөсөө илүүтэй хөдөлмөрийн зах зээл дээрээ төвлөрөх болсон. Мөнгө, капиталыг улс орнуудын хил хязгаар үл хамааран шилжүүлж болох ч, харин ажил эрхлэлт, хөдөлмөрийн орлогыг улс орнуудын хооронд шилжүүлэх боломжгүй. Тиймээс энэ асуудалд эдийн засагчид хамгийн их анхаарал хандуулдаг.

Ажилтай байсан хүмүүс ажилгүй болчихвол хуримтлуулсан туршлагынхаа ихэнх хэсгийг алдах болно. Хүн ажилгүй удах тусам тэр хэмжээгээр өмнө сурснаа алдана. Тиймээс ажилгүйдэл их байх тусам нийт ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмж буурч, ажилгүйдлийг цаашид улам ихээр өсдөг. Ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа нь заримдаа хөдөлмөрийн зах зээлийн шинж төрхийг ажилгүйдлээс илүү илэрхийлдэг.

Хоёр хотын ажилгүйдэл адилхан долоон хувь, харин ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа “А” хотод дөрвөн сар, “Б”-д найман сар байвал ажилгүй хүн А хотыг сонгох нь лавтай. Монгол Улсын ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 14 сар буюу жил гаруй байна гэсэн судалгаа бий. Тиймээс бид ажилгүйдлийн төвшин бууруулахад анхаарах цаг болсон.

АВЛИГА БУУРВАЛ УЛС ХӨГЖИНӨ

Ер нь хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлснээр эдийн засгийн эрүүл уур амьсгал ноёлдог. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан хоёрын дундаас илүүчлэн мөнгө гаргах боломж огт байхгүй. Тиймээс хөдөлмөрийн зах зээлээ хөгжүүлсэн улс орны хөрөнгө мөнгөний зарцуулалт ил тод байдаг. Ингэснээр улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг юм шүү дээ.

Цаашилбал, энэ зах зээл томрох хэрээр авлига буурч өрхийн орлого нэмэгдэн, эдийн засаг сэргэдэг. Хэрэв дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувь нь цалинд зарцуулагдвал авлигагүй болж байна гэж болох юм. Харин манай улс шиг дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь нь цалингийн бус орлого болж байгаа нь авлигын индексээр сүүл мушгих төвшин юм шүү дээ.

Улс орнуудын хөгжлийн төвшин дийлэнх өрхүүдийн хөдөлмөрийн орлогоор тодорхойлогддог. Хөдөлмөрийн орлогоо сайжруулаагүй тохиолдолд бусад асуудлуудыг дэмжих боломжгүй. Энэ бол энгийн боловч чухал ойлголт. Хөдөлмөрийн орлого өссөнөөр тэтгэвэр, өрхийн орлого өсөж, ядуурал буурна. Мөн, залуу өрхийн орлогоор дамжин хүүхдүүдийн хүмүүжилд илүү их хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Хөдөлмөрийн зах зээлийн асуудлаа ярихгүйгээр, ядуурлын тухай, нийгмийн халамжийн тухай, гэмт хэрэгтэй тэмцэх тухай ярих нь зохимжгүй. Тэгэхээр улс төрийн хүчнүүд, төрийн албаныхан хөдөлмөрийн зах зээлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх нь чухал.

ЗАЛГАМЖ ХАЛАА БА НИЙГМИЙН ЯЛГАРАЛ

Сүүлийн үед баян хоосны ялгааг их ярих болжээ. Энэ бол улсын хөгжлийг боомилдог зүйл. Амьдралын ялгаатай төвшнийг арилгах боломж нь өнөөх л хөдөлмөрийн зах зээл. Хувь хүн ямар гаралтай байгаагаас үл хамааран хөдөлмөрийн орлогоороо ахиж дэвших боломж бий. Гэвч сүүлийн 25 жил энэ зах зээлийн хөгжлийн орхигдуулснаар нийгмийн хэт ялгарлыг бий болгож байна.

Өнгөрсөн нийгмийн үед малчин ардын хүүхэд төрийн түшээ болж байсан түүх бий. Бид мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талд хойрго хандаж ирсэн. Энэ нь сайн ажилтны залгамж халааг үгүй хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогийн 30 настай хүн ажлын туршлагагүй байгаа нь хөдөлмөрлөж орлого олох боломжийг боомилно. Үүнийг залруулах хэрэгтэй. Бид залуу хойч үеэ ажиллах чадварт сургаж, бэлтгэх учиртай. Мөн багш нарынхаа цагийг үнэлэхгүйгээр боловсролын салбараа олигтой өөд татах боломжгүй гэж би хувьдаа үздэг.

Одоо ажиллаж байгаа багш нарын цагийг ариг гамтай ашиглах, мөн шинээр орж ирэх багш нарын эгнээг илүү чадварлаг хүмүүсээс бүрдүүлэхийн тулд багш нарын цалинг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой.Түүнээс гадна манай улсын татварын бодлого дундаж давхаргад халтай. Өөрөөр хэлбэл, энэ давхаргынхан ачааллыг илүү үүрч байгаа гэсэн үг. Харин эдийн засагт оролцож буй өөр субъектүүд татварт төвлөрүүлэх мөнгөний хэмжээ бага байдаг. Учир нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цалингаасаа шууд татвараа төлнө. Тиймээс үүнийг ч анхаарах учиртай юм.

Зураг
Зураг
2 | 50 минут