Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дөрөв дэх иргэн Хойд Солонгост баривчлагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Төрийн эсрэг хэрэг үйлдсэн шалтгаанаар АНУ-ын иргэнийг өнгөрсөн Бямба гарагт Хойд Солонгост баривчилсныг Ройтерс мэдээлжээ.

Пёньяны Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуульд багшилдаг Ким Хак Соныг баривчлагдсаныг АНУ-ын төрийн департмент мөн баталсан байна.

Хойд Солонгостой дипломат харилцаагүй Америкчууд ийм хэрэг гарах тохиолдолд Пёньян дахь Шведийн элчин сайдын яамаар дамжуулж, иргэнээ хамгаалахаар хөөцөлддөг. Тэгвэл энэ удаа мөн Шведийн элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа тухайгаа төрийн департмент мэдээлсэн байна.

Өнгөрсөн сард Хойд Солонгос АНУ-ын иргэн Ким Сан Докыг мөн ижил шалтгаанаар баривчилсан юм. 50 гаруй насны Ким Сан Докыг Пёньянаас нисэх гэж байхад нь саатуулсан байна.

Дээрх хоёр хүн хоёул Хойд Солонгосын нэг их сургуульд багшилдаг хүмүүс юм. Ингэснээр Хойд Солонгост баривчлагдсан АНУ-ын иргэний тоо дөрөв боллоо.

Сүүлийн хоёр удаагийн баривчилгаа нь Хойд Солонгос-АНУ-ын харилцаа хурцадмал байдалтай болсон үед тохиож байгаагаараа онцлог юм.

Одоогоор Солонгосын хойг манай дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг болж, АНУ, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Орос улсуудын цэрэг зэвсэг төвлөрөөд байна.

 

Эх сурвалж: Russia Today