Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын говиос гаралтай элсэн шуурга Өмнөд Солонгосыг бүрхжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монголын говиос гаралтай гэгдэж байгаа элсэн шуурга Бямба гарагт Солонгосын хойгийг бүрхсэн тул Өмнөд Солонгосын эрх баригчид иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргажээ.

Өмнөд Солонгосын Байгаль Орчны Судалгааны Үндэсний Хүрээлэн өчигдөр өглөө 7:30 цагт тус улсын 12 хотод сэрэмжлүүлэг гаргасны дотор нийслэл Сөүл хот болон түүний орчмын бүс нутаг багтсан байна.

Солонгосын Цаг Уурын Газар элсэн шуурганы гамшгийг Ням гарагт үргэлжилнэ гэж мэдээлжээ. Сэрэмжлүүлэгт агаар дахь тоосонцрын хэмжээ шоо метр тутамд 300 микрограм хүрч, энэ байдал нь хоёроос дээш цаг үргэлжилж болзошгүйг анхааруулсан байна. Энэ үзүүлэлт 150 микрограм хүрэхэд аюултай түвшин гэж тооцдог ажээ.

Сэрэмжлүүлэгт иргэдийг шаардлагагүй бол гадаа гарахгүй байх, хүүхэд, хөгшдийг амралтын өдрүүдийн турш гэртээ байхыг зөвлөсөн байна.

Монголын говиос гаралтай элсэн шуурга Пүрэв гарагаас эхлэн дэгдэж хойд Хятадын ихэнх бүс нутгийг хамарсны дотор Бээжин, Шанхай хотуудад хүрсэн юм.

2015 оны тавдугаар сараас 2016 оны арванхоёрдугаар сарыг хамарсан агаарын тоосжилтын судалгааг өнгөрсөн Пүрэв гарагт танилцуулсан. Ингэхэд нийслэл Сөүл хотын агаар дахь тоосны 55 хувь нь хилийн чанадаас ирдэг нь тогтоогдсон юм. Энэ хэмжээ 2011 оноос хойш 49 хувь өссөн байна.

Өмнөд Солонгост Хүүхдийн баяр тэмдэглэж, Баасан гарагаас эхлэн гурав хоногийн амралт үргэлжилж байгаа ч иргэдийн ихэнх нь гэрээс гаралгүй байж, олон нийтийн газрууд харьцангүй хоосон байсныг хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Korea Times, Yonhap News