Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол тулгатны 100 эрхмийн нэгийг Украин улс “үндэсний аюулгүй байдлын дайсан”-аар зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Украины Аюулгүй Байдлын Алба АНУ-ын тулаант киноны од Стивен Сигалыг тус улсад нэвтрэх эрхийг 5 жилээр хориглож, үндэсний аюулгүй байдалд дайсагнагч гэж үзээд хар жагсаалтад оруулжээ.

Тус байгууллагын мэдэгдэлд “Тухайн хүн хаана байгаагаасаа үл хамааран улс орны ашиг сонирхол, аюулгүй байдалд хортой үйл ажиллагаа явуулсан нь хангалттай мэдээллээр батлагдсан бол Украинд нэвтрэхийг хориглох арга хэмжээ авдаг” гээд илүү нарийн учир шалтгаан дурдаагүй байна.

2015 оны долдугаар сард Украины Соёлын Яам мөн Сигалыг бусад 600 хүний хамт Украинд хүлээж авах боломжгүй (persona non grata) хүмүүсийн тоонд оруулж байсан юм. 2014 оны наймдугаар сард Сигал Оросод эзлэгдсэн Крымийн Севастополь хотод орос байкеруудын “Шөнийн чононууд” клубын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсоноос болж ийм арга хэмжээ авхуулсан гэж үздэг.

Мөн Стивен Сигал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд ОХУ-ын иргэн болж, иргэний үнэмлэхийг нь ерөнхийлөгч Владимир Путин жүжигчинд гардуулан өгч байв.

Стивен Сигалаас гадна 2015 онд Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускониг Украинчууд гурван жил улсдаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байжээ. Мөн Францын жүжигчин Жерар Депардье, АНУ-ын боксын аварга Рой Жонс нарыг хар жагсаалтад оруулж байв.

Нэг үгээр хэлбэл ОХУ-ын иргэншил авсан болон Орос улсад талтай ханддаг барууны иргэдийг Украин улс үндэсний аюулгүй байдлын дайсан гэж үздэг аж.

 

Эх сурвалж: Russia Today