Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны амийг хорлох оролдлого гарсан талаар мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Хойд Солонгосын төв мэдээллийн суваг удирдагч Ким Жон Уны амь насанд халдах ажиллагааг АНУ-ын Тагнуулын Төв Газар (ТТГ), Өмнөд Солонгосын тагнуулын алба хамтран явуулах гэж байсныг таслан зогсоосноо зарлажээ.

Мэдээлэлд өгүүлснээр 2014 онд Оросын Алс дорнодод ажиллаж байсан Хойд Солонгосын иргэн Ким гэгчийг ТТГ өөртөө элсүүлж, бэлтгэл хийлгэсний эцэст өнгөрсөн сарын 15-ны өдөр болсон улс орны үүсгэн байгуулагчийн 105 насны ойн парадын үеэр халдахаар төлөвлөж байжээ.

Ингэхдээ био-химийн болон цацраг идэвхит бодис ашиглах гэж байсан гэнэ. Энэхүү арга техник нь байндаа заавал хүрэх шаардлагагүй, зайнаас гүйцэтгэж болдог, 6-12 сарын дараа үхэлд хүргэх үйлчилгээтэй байсныг Хойд Солонгосын KCNA (Korea Central News Agency) агентлаг мэдээлжээ.

Мөн алуурчинд $20,000 бэлнээр, хиймэл дагуулын холбооны хэрэгсэл, хэрхэн ажиллуулах зааварчилгааг хоёр удаагийн уулзалтаар гардуулж өгсөн тухай бичсэн байна.

Өнгөрсөн сарын 15-нд Пёньянд цэргийн томоохон парад болоход Ким Жон Ун тойрон хүрээлэгсдийн хамт индэр дээрээс үзэж сонирхсон бөгөөд үүнээс 10 хоногийн дараа Ардын Армийн 85 жилийн ойн өдөр өргөн хүрээний цэргийн сургуулилалт зохион байгуулахад мөн биечлэн оролцсон юм.

“Гэмт этгээдүүд тамд очсоныхоо дараа ийм хий хоосон мөрөөдөл манай газар нутаг дээр хэзээ ч биелэхгүй болохыг ойлгох болно” хэмээн KCNA агентлагийн мэдээнд өгүүлжээ.

 

Эх сурвалж: AFP, Xinhuanews