Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн офшорийн асуудал дэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Марин Ле Пэн, Эммануэл Макрон нар

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд өрсөлдөж байгаа Эммануэл Макрон өөртэй нь холбоотой офшор дансны тухай тарсан мэдээллийг шалгуулахаар шүүхэд ханджээ.

Ням гарагт болох сонгуулиас хэдхэн хоногийн өмнө түүний өрсөлдөгч Марин Ле Пэн энэ асуудлыг сөхөж гаргасан юм. Макрон түүнийг “хуурамч мэдээлэл” ашиглан нэр хүндийг нь унагах сүүлийн боломжоо ашиглаж байна гэж буруутгажээ. Парисын прокурор Макроны гомдолд хэн нэгнийг нэр зааж буруутгаагүй, зөвхөн худлаа мэдээлэл анх гарсан эх сурвалжийг олж тогтоохыг хүссэн тухай мэдээлсэн байна.

Пүрэв гарагт телевизийн мэтгэлцээний үеэр ярихдаа Ле Пэн өрсөлдөгчөөсөө Багамын арлуудад офшор данстай тухай мэдээлэл гарсныг лавлаж асуужээ. Харин түүнд өөрт нь нотолгоо байхгүйг хүлээн зөвшөөрсөн байна.

Хатагтай Ле Пэн өөрийгөө буруу зүйл хийгээгүй гээд “Би зүгээр л түүнээс үнэн эсэхийг асуусан. Хэрвээ надад нотолгоо байсан бол шууд ил гаргах байсан юм” гэжээ.

Макрон тухайн үед уг мэдээллийг няцааж, Багамын арлууд болон өөр хаана ч түүнд нууц данс байхгүй гэсэн юм. Дараа нь тэр Ле Пэнийг зориудаар худлаа мэдээллийг тараасан гэж буруутгасан байна.

Ийм мэдээлэл гарах болсон шалтгааныг зарим ажиглагчид Оросын эрх баригчдын явууллага гэж үзэж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Кремль Хиллари Клинтоныг унагасан шиг хуурамч мэдээлэл тараах ажиллагааг Францын сонгуульд ашиглаж байж магадгүй гэсэн сэжиг байгаа юм.

Ням гарагт хоёр нэр дэвшигчийн хэн нь Францын ерөнхийлөгчөөр сонгогдох нь шийдэгдэнэ. Сүүлийн тандалт судалгаагаар төв үзэлтэй улс төрч Эммануэл Макрон 61 хувьтай иргэдийн саналыг тэргүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Independent