Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад үйлдвэрлэсэн анхны том оврын зорчигч тээврийн онгоц хөөрлөө

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагт Хятад улс анх удаагаа өөрийн үйлдвэрлэсэн том оврын зорчигч тээврийн нисэх онгоцоо хөөргөлөө.

C919 нэртэй энэ онгоц нь Барууныхны ноёлдог зорчигч тээврийн нисэх онгоцны зах зээлд цахиур хагалах Бээжингийн хэтийн зорилгын эхлэл болж байна.

Шинэ нисэх онгоцыг Шанхай хотын Пудон Олон Улсын Нисэх Буудлаас хөөргөж, Хятадын төв телевизээр шууд дамжуулсан байна. Газраас хөөрсөн C919 онгоц удалгүй умар зүгээс өнөөдөр ирж байгаа элсэн шуурганд үзэгдэхгүй болжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр өнөөдөр Хятад улс том оврын нисэх онгоцны дөрөв дэхь үйлдвэрлэгч орон болж, АНУ, Европ, ОХУ-ын дараа нэмэгдэж байгаа гэнэ. C919-ийн гол өрсөлдөгчид нь Airbus A320, Boeing 737 юм байна.

Анх 2014 онд анхны нислэгээ хийхээр төлөвлөж байсан ч үйлдвэрлэлийн асуудлаас болоод хойшилж байв. Өнөөдөр анхны нислэгээ хийсэн ч 2019 оноос өмнө зорчигч тээвэрлэх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Учир нь Хятадын өөрийн болон гадаадын зохицуулах байгууллагуудаас үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад багагүй хугацаа орох юм байна.

Онгоцыг үйлдвэрлэсэн COMAC компанийн мэдээлснээр нийт 570 онгоцны захиалга урьдчилж авсны дийлэнх нь Хятадын төрийн өмчит авиа компаниуд байгаа ажээ.

Цөөн тооны гадаад захиалагч байгаагийн дотор GE Capital Aviation Services болон Тайландын City Airways байгаа гэнэ.

C919 онгоцыг зохион бүтээх ажилд Хятадын 200 гаруй компани, 36 их сургууль оролцсон байна. Шинэ нисэх онгоц Хятадыг хямд ажиллах хүчний үйлдвэрлэлээс өндөр технологийн үйлдвэрлэлд шилжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг болж байгаа ажээ.

Эх сурвалж: Associated Press