Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийг нь хамгаалж байгаад Хятад улс Хойд Солонгост талархах хэрэгтэй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын төрийн мэдээллийн суваг өөрийнх нь гол дэмжигч Хятад улсын эсрэг ширүүн мэдэгдэл гаргажээ. Бээжин, Пёньян хоёр Солонгосын дайны үеэс хойш найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд Хойд Солонгосын гадаад худалдааны гол түнш нь Хятад улс юм.

Гэвч сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул, бүс нутгийн тогтворгүй байдал Бээжингийн санааг зовоох болж, харилцаа нь хөндийрөөд байгаа. Хоёрдугаар сард Хятад улс Хойд Солонгосын нүүрсний импортыг хориглосон бөгөөд цөмийн туршилт хийвэл илүү хатуу хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Лхагва гарагт Хойд Солонгосын төрийн төв хэвлэлд бичихдээ “БНАСАУ нь Хятадтай найрамдалт харилцаагаа хадгалахын тулд өөрийн амин чухал цөмийн хөтөлбөрөөс татгалзаж, хувь заяагаа эрсдэлд оруулж чадахгүй” гэжээ.

Үүнээс гадна 1950-аад оны Солонгосын дайнаас хойш Пёньян нь Бээжин-Вашингтоны хооронд жийргэвчийн үүрэг гүйцэтгэж ирсэн тул аюулгүй байдлыг нь хангаж ирсний хариуд Хятад улс БНАСАУ-д баярлаж явах хэрэгтэй гэсэн байна.

Мөн Хойд Солонгосын тэсвэр тэвчээрийн хил хязгаарыг сорих хэрэггүй гэж Хятадад анхааруулаад “хоёр улсын харилцааг муутгах алхам хийж байгаагийнхаа хариуд үүсэх хортой үр дагаварын талаар Бээжин бодох цаг нь болсон” гэжээ.

Энэ мэдэгдэл нь Хойд Солонгос-Хятадын харилцаа хэр зэрэг муудсаныг харуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон НҮБ-ын аюулгүйн зөвлөлд үг хэлэхдээ хэрвээ олон улсын хамтын нийгэмлэг, үүн дотроо гол нь Хятад улс Пёньяны цөмийн хөтөлбөрийг зогсоож чадахгүй бол “дэлхий нийтэд ноцтой аюул учирна” гэж анхааруулсан юм. Харин Хятадын гадаад хэргийн сайд Ван И үүнийг няцааж, “Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг шийдэх хариуцлагыг Хятад улс ганцаар үүрэхгүй” гэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post