Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нинжагийн үе дамжиж ирсэн сурах бичгийг эрдэмтэд олж судалжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Феодалын нийгмийн үеийн Японы хөлсний дайчид болох нинжагийн нууц арга техникийг тайлбарласан сурах бичиг үе дамжин өвлөгдөж ирснийг эрдэмтэд олж судалснаа танилцуулжээ.

2000 онд Японы баруун хэсгийн Шига мужийн Кока хотоос олдсон эдгээр сурах бичигт тагнуул, хорлон сүйтгэх, аллагын ажиллагаануудыг хэрхэн зохион байгуулах талаар дэлгэрэнгүй тайлбарласан байсныг судалж дууссан байна. Кока ба Ига хотууд нь Японы түүхэнд нинжагийн хоёр том овгийн төв байсан гэдгээрээ алдартай. Нинжүцү хэмээх нууц эрдэмд мэргэшсэн хүмүүс Эдогийн үед буюу 1603-1868 оны хооронд аажмаар устаж үгүй болсон юм.

 

79 настай Тошинобу Ватанабэгийн гэрээс олдсон 150 орчим бичиг баримт дотроос зөвхөн 17 сурах бичигт нь хор бэлдэх арга технологи, шөнийн довтолгоог хэрхэн зохион байгуулах заавар байсныг судалж тогтоосон байна. Эдгээр 17 бичвэрийн дөрөв нь 1670-1680 оны хооронд бичигдсэн байжээ. Сурах бичигт гүрвэл болон нэг төрлийн цох хорхойг шатаан хордуулагч нунтаг гаргаж авах арга, мөн шавьжнаас гаргаж авсан нунтгийг шатаан утаагаар нь хүнийг хэрхэн гүн нойронд автуулах зэргийг заасан байгааг судлаачид өгүүлсэн байна.

Ватанабэгийн гэрт хадгалагдаж байсан бусад ном сударт зэвсэг хэрэглэх, морь унах, илбэдэж хуурах арга техникүүдийг заажээ.

 

Мөн эдгээр баримтууд дотор 1700-1829 оны хооронд орон нутгийн эзэн ноёнд илгээсэн 10 ширхэг амлалт бичиг байсан гэнэ. Уг амлалтад өөрийгөө нинжа гэдгийг бусдаас, тэр дотроо гэр бүлээсээ бүрэн нууцалж, зөвхөн хэрэг болсон үед эзэн ноёнд үйлчлэх амлалт бичиг байжээ. Үүнээс үзвэл Ватанабэгийн өвөг дээдэс нь тариачид байсан хэдий ч нууцаар нинжагийн эрдмээрээ орон нутгийн ноёнд үйлчилдэг байсан аж. Ватанабэгийн удмынхнаас гадна өөр дөрвөн нинжагийн гэр бүлтэй ийм нууц гэрээ хийсэн байсныг судлаачид олж тогтоосон байна.

Энх цагт эдгээр нууц нинжа нар өнөөгийн Айчи мужийн төвд жилд нэг удаа ирж, цэргийн сургуулилтанд суудаг байсан нь өнгөлөн далдлалт төдий арга хэмжээ байжээ.

Баримт бичгийг судалсан Мие Их сургуулийн түүхийн ухааны профессор Южи Ямада эдгээр ховор материалыг цаг хугацааны хувьд түүхэн үйл явдлуудтай бүрэн таарсан, үе дамжин хадгалагдаж ирсэн үнэт өв болохыг онцолсон байна.

 

Эх сурвалж: Kyodo News