Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг АНУ-ын ерөнхийлөгч болохоор бэлдэж эхлэв үү?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Марк Зукербергийг АНУ-ын ерөнхийлөгч болох санаатай байж магадгүй гэсэн яриа гарах боллоо. Түүний фэйсбүүк хуудсандаа оруулж байгаа мэдээллүүд нь технологийн компанийн гүйцэтгэх захирал гэхээсээ илүүтэй Цагаан ордонд суухаар бэлдэж буй хүнтэй адилхан байгаа нь ийм таамаг гаргахад хүргэсэн бололтой.

Энэ оны эхээр тэр 2017 оны хувийн зорилтоо тодорхойлохдоо АНУ-ын бүх мужуудаар аялж, энгийн иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсоно гэсэн юм. Хоёрдугаар сард тэр бас ерөнхийлөгчийн ард иргэдэд хандаж хэлдэг үгийг санагдуулам 5,700 гаруй үгтэй Фэйсбүүкийн ирээдүйн тухай өгүүлэл бичсэнээ нийтэлж байв. Дараа нь бас өөрийгөө шашингүй үзэлтэн биш гэж үздэг болсон тухай мэдээлж байжээ.

Ингээд Маркийн Америк даяар хийх аялал эхэлж, энгийн хүмүүсийн амьдралтай танилцаж эхэлсэн юм. Түүний ажилчидтай ярилцаж суугаа, трактор жолоодож яваа, тугал тэжээж байгаа, энгийн айлд хоол зооглож байгаа зургууд хөврөх болов.

 
 
 

Барак Обамагийн үед Зукербергийг ерөнхийлөгч болох хүсэлтэй байгаа тухай яриа гарвал хүмүүсийн инээдийг хүргэхээр байсан. Харин өнөөдөр реалити шоуны од Цагаан ордонд сууж байгаа тохиолдолд энэ бол гайхаад байх зүйл биш болжээ.

Марк Зукерберг өөрөө энэ сэжгийг хэд хэдэн удаа няцааж байсан. Гэвч ажиглагчид түүний ерөнхийлөгч болох магадлалыг өндөр гэж үзэж байна. Бүр зарим нь Маркийг АНУ-ын ерөнхийлөгч болох нь тушаал буурсантай адил гэж дүгнэжээ. Учир нь 1.8 тэрбум хэрэглэгчтэй сүлжээг удирдана гэдэг бол Марк Зукерберг аль хэдийнээ чөлөөт ертөнцийн хамгийн том лидер болсон гэсэн үг гэнэ.

Гэвч өөр нэг хэсэг нь энэ бол Фэйсбүүкийн төлөө хийж байгаа ажил, хэрэглэгчгүй бол Фэйсбүүк юу ч биш болно гэж дүгнэж байгаа юм. Хэрвээ тэр үнэхээр Цагаан ордонд суухыг хүсэж байгаа бол 2020, 2024 онуудын аль нэгэнд сонгуульд өрсөлдөж магадгүй болжээ.

 

Эх сурвалж: The Guardian