Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Путин нар Хойд Солонгос, Сирийн асуудлаар ярилцлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярилцжээ.

Дөрөвдүгээр сарын эхээр Сирийн засгийн газрын цэргийн баазад Вашингтон пуужингийн цохилт өгч, хоёр орны харилцаа муудсанаас хойш анх удаа тэд ярилцаж байгаа нь энэ юм.

Трамп, Путин нарын ярианы нэг гол сэдэв нь Солонгосын хойгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх байлаа. ОХУ нь Хойд Солонгостой хэлэлцээр хийх зургаан талт уулзалтын механизмын нэг оролцогч байсан юм. ОХУ-аас гадна АНУ, Япон, Өмнөд Солонгос, Хятад улсууд багтсан энэ уулзалтаас 2009 онд Хойд Солонгос гарснаар бүрэн зогссон байна.

Хоёр удирдагч Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж байгааг хүлээн зөвшөөрч, хэрхэн шийдвэрлэх арга замын талаар дэлгэрэнгүй ярилцсаныг Кремль болон Цагаан ордны эх сурвалжууд мэдээлжээ.

Гэвч ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой мэдээлээгүй байна. Үүнээс гадна Путин, Трамп нар Сирийн хямралын талаар ярилцжээ. Тавдугаар сарын 3, 4-нд Казахстаны нийслэл Астанад болох Сирид гал зогсоох тухай уулзалтад Вашингтон төлөөлөгчөө илгээхээр болсон байна.

Сирид жинхэнэ утгаар энх амгалан байдлыг тогтоохын төлөө талууд эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцжээ. Уг хамтын ажиллагааг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон нар гардаж удирдахаар болсон байна. Кремль удирдагч нарын яриаг “бизнес хэлбэрийн”, “бүтээлч” уур амьсгалтай болсон гэж онцолжээ.

Путин, Трамп нар ирэх долдугаар сард Германд болох Их 20-ын уулзалтын үеэр анх удаа нүүр тулж уулзахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

Зураг
14 | 18 | 19 цаг