Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ikon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Мэдээллийн үеэр О.Магнай нь, Засгийн газар 7 концессын гэрээ шинээр байгуулсан, сайд нартаа хувааж өгсөн мэтээр илт ташаа мэдээлэл түгээж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан хууль, дүрмийн хүрээнд ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар, зарим хувь хүний нэр хүндэд халдлаа. 

Бодит байдал дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар нь барих-шилжүүлэх төрлийн нийт 7 Концессын гэрээг  байгуулж, төрийн бодлогыг үргэжлүүлсэн бөгөөд үүний 6 нь  өмнөх Засгийн газруудын тогтоол, шийдвэрээр эрх олгож, Концессын жагсаалтад багтсан, урьд өмнө ажлаа эхлүүлчихсэн төслүүд  юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлж байсан тухайн үеийн Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж, эдгээр гэрээг байгуулахдаа Концесс эзэмшигчийг огт солиогүй, бүх гэрээний үнийн дүнг нэг ч төгрөгөөр өсгөөгүй. Харин Концессын эргэн төлөх хугацааг хойшлуулж, 3 Концессын төслийн анхны өртгийг бууруулж, улсын төсөвт ирэх дарамтыг бууруулсан болно.

Иймд улс төрийн явцуу эрх ашгийн төлөө улс орны бүтээн байгуулалтыг хойш татах гэсэн, Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар, зарим хувь хүний нэр хүндэд улс төрийн зорилгоор санаатай халдаж буй удаа дараагийн үйлдлээ зогсоож, уучлалт гуйхыг АН, түүний удирдлагуудаас шаардаж байна. 

Зарим Концесст эрх олгосон, жагсаалтад багтаасан, гэрээг байгуулсан цаг хугацааны товчоо:

Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл:

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн  213 дугаар тогтоолоор тус төсөлд Концессын гэрээ байгуулах эрх олгосон.  Ажил нь 70 хувийн гүйцэтгэлтэй учир уг тогтоолыг хэрэгжүүлж, Концесс эзэмшигчтэй нь гэрээ байгуулж, эргэн төлөх хугацааг 2018 он байсныг 2020 оноос төлж эхлэхээр гэрээлсэн.

Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөл: 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  тогтоолоор Концессын гэрээ байгуулах эрх олгосон. Төслийн нийт өртөг анх 39 сая ам доллартай тэнцэх төгрөг байсныг 35,9 сая ам доллартай тэнцэх төгрөг болгон бууруулж, эргэн төлөлтийг 2020 болгож хойшлуулсан.

Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын төсөл

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын 296 дугаар тогтоолоор Концессын эрх олгож, гэрээг байгуулсан байсан. Концессын эзэмшигчийн хүсэлтээр өмнө байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Анхны чиглэлээс 33.4 км автозамыг хасч  Дархан-Эрдэнэтийн чиглэлийн авто замаас Сант, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын төсөл болгон өөрчилсөн. Замын урт хасагдсантай холбогдуулан анх батлагдсан 75.6 тэрбум төгрөгийн төсвийг 26.4 тэрбум төгрөг болгож бууруулсан. 

Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл

2010 оны 7 дугаар сарын 21- ний өдрийн 198 тоот тогтоолоор Чойр-Цагаан суваргын чиглэлд 220 кВ-ын хоёр хэлхээ шугам барих шийдвэр гаргаж, концесс олгох уралдаант шалгаруулалт зарласан ч нэг ч компани санал ирүүлээгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 онд шугамын чиглэлийг Оюутолгой-Цагаан сурварга болгон өөрчилж, 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын  Засгийн газрын 87 дугаар тогтоолоор Оюутолгой-Цагаан суваргын чиглэлд эрчим хүч татах ажлыг  Концессын шууд гэрээгээр хийхээр шийдвэрлэж, МАК ХХК-д санал хүргүүлж хэлэлцээг эхлүүлсэн байдаг. МАК-д Концессын  эрх олгосон шийдвэр бол  дээр өгүүлсэн Засгийн газрын 2010, 2013, 2015 онуудын тогтоолуудын үргэлжлэл юм.

Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл төсөл

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор  уг төслийг Концесоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 2014 оны 6 дугаар сарын 13-нд концесс олгох уралдаант шалгаруулалт зарлаж 3 компани шалгарсан ба, 2 компани нь Засгийн газраас баталгаа шаардсан учир тухайн үеийн Хөрөнгө оруулалтын газраас тэдгээр компанийг хасч, Засгийн газраас баталгаа шаардаагүй, уралдаант шалгаруулалтад тэнцсэн “Алтай трест” ХХК-тай Концессын гэрээний хэлэлцээг эхлүүлсэн. Хэлэлцээ дууссан тул Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдийн тогтоолыг хэрэгжүүлж гэрээг нь байгуулсан. 

Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, дэд бүтэц барих төсөл

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор уг төслийг Концесоор хэрэгжүүлэхээр эрх олгосон. Улмаар концесс олгох уралдаант шалгаруулалтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газраас УИХ-ын сонгуулийн өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 12-нд зарлаж, шалгаруулалтад тэнцсэн компанитай Концессын гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан. 

Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх сумдыг холбосон хатуу хучилттай авто замын төсөл

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань уулын ордыг эзэмшигч “Засагт чандмань майнз” ХХК-иас Засгийн газарт хандан Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон хатуу хучилттай авто замыг Концессоор хэрэгжүүлэх санал тавьсан. Энэ нь улсаас хөрөнгө мөнгө шаардахгүйгээр, 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж улсад хүлээлгэн өгөх, улсын төсвөөс эргэн төлөлт авахгүйгээр 2020-2026 онд компанийн үйл ажиллагааны ашгаас улсад төлөх татварын тодорхой хувийг суутгах замаар барагдуулах төсөл юм.

Одоогийн байдлаар 80 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй уг төсөл нь жилдээ экспортын орлогоор 240 орчим тэрбум төгрөг, рояалти болон орлогын албан татварт жилд 38-50 орчим тэрбум төгрөгийг 15-25 жилийн турш улсад төлж, тухайн бүс нутагтаа 300 гаруй баталгаат ажлын байрыг шинээр бий болгох, нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. 
 

Үндэсний хөгжлийн газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.