Индэр    
2024 оны 5 сарын 1
Зураг
Эдийн засагч, шинжээч

Амлалт хаана байна?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үнэг, шаазгайн үлгэр дээр ингэж гардаг даа.

  • Алсын газраас тоос гаргадаг туурай чинь хаана байна?
  • Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь хаана байна?
  • Арвагар өдийг минь зулгаах сарвуу чинь хаана вэ?

Сонгууль дөхлөө. Нэр дэвшигчид тойргоо усалж эхэллээ. Тэднээс үлгэр шиг ХААНА БАЙНА? гэж асуугаад үзье. Нэг эгч сошиал дээр ХААНА БАЙНА? гээд амлалтуудыг нь нэхэж байна билээ. Маш зөв шүү дээ. Зальт үнэг ирэхэд шаазгай болсон бид юу нэхэх ёстой вэ?

  • Улаанбаатар хөлдлөө. Тог тасарлаа. ТЭЦ-5 чинь хаана байна?
  • Тэтгэврийн шинэчлэл хийнэ гэсэн. Тэр чинь хаана байна?
  • Ядуурал 2 дахин бууруулна гэсэн. Тэр чинь хаана байна?
  • Шатахууны үнэ хямдарч, газрын тосны үйлдвэртэй болно гэсэн. Тэр чинь хаана байна?
  • Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна гэсэн. Тэр чинь хаана байна?
  • Түгжрэлгүй, цэлгэр сайхан хот болгоно гэсэн. Тэр чинь хаана байна?
  • Эрхтэн шилжүүлэх мэс заслын төвтэй болно гэсэн. Тэр чинь хаана байна?

Хаана байна? хаана байна? хаана байна? хаана ч байхгүй.

Энэ мэтээр өнгөрсөн найман жилийг нь сануулцгаая. Үндсэндээ үлгэрээс халиад домог болчихсон ч сэдвүүд бий. Хот метротой болно гэх домгийг үе удмаараа бид сонсож байгаа билээ.

Нэмж бид юу шаардах ёстой вэ?

  • Нүүрс, Хөгжлийн Банк, КОВИД-ын үеийн авлигын хариуцлага
  • Тэтгэврийн реформ, НДШ-ээс тодорхой хувийг нэрийн данс
  • Дэлхийд хорт хавдраар тэргүүлдэг улс, эрүүл мэндийн систем
  • Цээжлэлт суурьтай боловсролын систем, боловсролын сан
  • Дэлхийд өндөр зээлийн хүүг бууруулах стратеги
  • Түгжрэл, утааны асуудал

Бидэнд системийн шинэчлэл хэрэгтэй. Систем бол дундаж Монгол хүн аз жаргалтай болох түлхүүр юм. Нэг хэсэг биш. Нэг сегмент биш. Нийт систем, стандартаар хөгжил ирнэ.