Индэр    
2024 оны 4 сарын 30
Зураг
Эдийн засагч, шинжээч

Бодлого, хөтөлбөр яриач ээ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгууль дөхлөө. Сошиал сувгаар багш, хувь хүний зөвлөх, сайхан сэтгэлтэн дүүрлээ. Эд магад хоёр дахь удаагаа амьдарч буй байх. Учир нь анх удаа амьдарч байгаа бидэнд яаж амьдрахыг заасаар л байх. Шалтгаан бол энгийн. Наадам дөхөхөд уяа сойлгоо тааруулж буй.

Энэ уралдаан уг нь оюун санааны уралдаан болохоос орон байр, бай шагналынх биш. Амьхандаа хов жив бус тоо, судалгаа яриасай. Хувь хүнийг бус улс орны хөгжил ярилцаасай. Гэхдээ тэд тэгэхгүй. Нийгэм юунд анхаарч байна түүнийг л тэд ярина. Тэгэхээр бидний байгаа царай энэ.

Та бидэнд ер нь юу хамаатай юм бэ? Энэ хүмүүс биеийнхээ бузар, булхайг дэлгэх нь хамаатай юу? Эцэстээ та бид нохойд барьдаг мод нь болж дуусдаг. Бидэнд юу хамаатай юм бэ? Түүндээ төвлөрчих. Тэгвэл тэд бодож, судалж, ярьж эхэлнэ.

  • Энэ ядуурал газар авлаа. Бараг хоёр хүний нэг нь ядууралд орлоо. Ядуурал өөрөө тэмбүү шиг үе удам дамждаг. Ужгирсан ядуурал нь эргээд архидалт, хүчирхийллийг өрдсөөр байдаг. Үүнийг хэн ч ярихгүй байна.

 

  • Ахмадууд тэтгэврээ цалингийн 80 хувиар авдаг тэтгэврийн реформ яримаар байна. Улс орондоо олон жил ажилласан ахмадуудыг маань хотны банхар шиг үүдэндээ уячихлаа. Сонгууль дөхөхөөр хоолыг нь ахиухан өгч цатгаж аваад сайн эзэн гэж бодогдуулдаг. Сонгууль дуусахаар хоол байтугай угаадас ч өгөхгүй, өлсгөж сойдог. Ахмадуудыг саналын хэрэгсэл болгон ашиглаж байна.

 

  • Дэд бүтэц яримаар байна. Цементэн ширэнгэ болсон Улаанбаатар энэ өвлийг арай гэж л давлаа. Хэдэн үйлдвэрийнхээ тог таслан байж өвөлжлөө. Өнөөх төмөр зам нь яав, Хятадын хил ширтээд говийн наранд элэгдэн хэвтэнэ. Дарханы замд давагдашгүй байсан гээд дархан аварга цол өг. Яг үнэндээ бид бүтээмжийн асар том хямралд өртсөн. Гол гарцуудын нэг нь дэд бүтэц юм.

 

  • Гадаад бодлого яримаар байна. Манайхан үүнийг Хятадын эрлийз, Оросын "орк" төдийхнөөр харж, үзэн ядаад байх юм. Дэлхий тэр чигээрээ хүйтэн дайны нөхцөлд шилжчихлээ. Зэсийн үнэ 10 мянган ам.доллар давж байгааг харж байна уу. Тэдний ярьдаг глобалчлал замхран одож амь амиа аргацаах тухай бодож байна. Гуравдагч ертөнцийн орнууд(Монгол) илүү ухаан зарахаас өөр аргагүй.

Энэ мэтчилэн маш олон суурь сэдэв байна. Сонгууль бүрээр арван таван толгойтой атгаалжин хар мангас бүтээж, ярьдаг. Ийм жишгийг нь зогсооё. Тэднийг бүү сэв. Сэтгэгдэл хэсэг дээр нь бодлого, хөтөлбөр яриач ээ гэж бичье.