Индэр    
2024 оны 4 сарын 24
Зураг
Эдийн засагч

Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөх нийтлэлдээ манай улс хөгжсөн эсэх тухай маргааныг тодруулахаар 4D хэмжээс буюу эдийн засаг, улс төр, нийгэм, төрийн чадамжийн талаар авч үзсэн билээ. Энэ нь хэт ерөнхий ангилал санагдах ч суурь үзүүлэлтийг тодорхойлж буй чухал хэсэг юм.

Тэгвэл бид амьдрал дээр өдөр бүр байгаль орчин, агаарын бохирдол, ядуурал, хүүхдийн эндэгдэл, амьжиргаа гээд олон нарийн асуудалтай нүүр тулгарч бухимдах зүйл бишгүй. Ийм илүү деталь асуудлыг хөгжлийн хавсарга хүчин зүйл гэж эдийн засагчид тодорхойлдог. Хавсарга гэснээр ач холбогдлоор доогуур эрэмбэлэгдэнэ гэсэн үг мэдээж биш.

Хавсарга үзүүлэлтийн жишээ болгон хүүхдийн эндэгдлийн үзүүлэлтийг сонгон авч үзье. Ингээд “Та 1990 онд буюу өмнөх нийгэмд хүүхдийн эндэгдлийн түвшин өнөөдрөөс бага байсан гэж бодож байна уу” гэсэн асуултаар эхэлье. Монгол Улсын хүүхдийн эндэгдэл 1990 онд орлогын бүлэг дотроо дунджаас дээгүүр буюу 1,000 амьд төрөлтөд 71 байжээ.

ГРАФИК 1. ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ УЛСААР 1990

зураг
 

Эх сурвалж: WDI, судлаачийн тооцоолол

Харин 2020 оны байдлаар Монгол Улсын хүүхдийн эндэгдлийн түвшин бүлэг дотроо дундаж дээр ирсэн буюу 1,000 амьд төрөлтөд 13 болтлоо буурсан байна.

Эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийн цаана олон хүүхдийн амь амьдрал, олон мянган гэр бүлийн аз жаргал бий гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт 1990 онд 71 байснаа 2020 онд 13 болж цөөрснийг монгол эмч нарын мэдлэг чадвар сайжирсан, жирэмсэн эхэд хандуулах анхаарал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болно. Гэвч манай улсын эмнэлэг, эмчээс хамааралгүй хүчин зүйлс давхар багтаж буйг тооцож үзэх учиртай.

ГРАФИК 2. ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ УЛСААР 2020

зураг
 

Эх сурвалж: WDI, судлаачийн тооцоолол

Жишээлбэл, залуу хосууд хэрхэн аюулгүй төрөх талаарх мэдлэг авах боломжтой болсон, нярайн өвчлөлтэй холбоотой судалгаа ихээр хийсэн, үр дүнтэй эм гаргасан, вакцин хийдэг болсон зэрэг оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх талаар томоохон дэвшил авчирсан. Ийм ахиц дэвшил ганц эрүүл мэндийн салбараар хязгаарлагдахгүй, ерөнхий эрүүл ахуй, амьдрах орчин, иргэдийн мэдлэг гээд олон зүйлтэй бас холбоотой.

Графикууд бидэнд хоёр зүйлийг хэлж байна:

  1. Монгол Улсын хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан.
  2. Нэг хүнд ногдох ДНБ-ий түвшин буюу эдийн засгийн үзүүлэлт ахисан.

Товчхондоо, ДНБ-ий хэмжээ нэмэгдэж, эдийн засаг өсөх тусам хүүхдийн эндэгдлийн түвшин буурчээ. Суурь үзүүлэлт өсөхөөр хавсарга үзүүлэлт дагаад сайжирдаг. Зүй тогтол гэсэн үг л дээ. Лант Притчетт, Дани Родрик нарын олон улсад танигдсан эдийн засагчид улс орон суурь хүчин зүйлсээ эхэлж сайжруулбал, хавсарга хүчин зүйлс дагаж сайжирна гэж нотолдог.

Дэлхийн улс орнуудын хүүхдийн эндэгдлийн түвшин, эдийн засгийн өсөлт 1990 онд ямар байсан, 2020 онд хэрхсэнийг харьцуулан харуулъя.

ГРАФИК 3. ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ УЛСААР, 2020

зураг
 

Эх сурвалж: WDI, судлаачийн тооцоолол

Энэ график улс орнуудын эдийн засаг өсөх тусам хүүхдийн эндэгдэл нь буурсан зүй тогтлыг нотолж байна. Дээр дурдсан дотоод, гадаадад олон салбарт гарсан ахиц дэвшлийн үр дүн ч гэж дүгнэж болох юм.

Хөгжлийг хаанаас эхлүүлэх вэ?

Дээр дурдсан тоо баримтаас харсан ч, эдийн засагчдын нотолсноор ч, хөгжлийн суурь хүчин зүйлээ эн тэргүүнд анхаарах шаардлагатай гэдэг эрэмбэ тодорхой харагдаж байна. Ямар ч улсын санхүүгийн болон хүний нөөцийн хэмжээ хязгаартай ч гэлээ тулгарсан асуудлыг хамгийн чухал гэж эрэмбэлсэн бол бэрхшээлийг шийдвэрлэхэд хүрэлцэх хөрөнгө мөнгө, хүн хүч зохицуулах боломж байдаг. Улс орон санхүүгийн болон бусад нөөцөө суурь хүчин зүйлээ сайжруулахад чиглүүлбэл хавсарга хүчин зүйлс нь аяндаа дагаад сайжирна гэсэн үг.

Хэн нэг улстөрч, эсвэл удирдагч хувийн хүсэл эрмэлзлээр нэг хавсарга хүчин зүйлийг сайжруулахад гол нөөцийг чиглүүлэх тохиолдол гарч магадгүй. Улстөрч бүр тус тусдаа ингэж ажиллаад, дунд болон урт хугацаандаа суурь хүчин зүйлсээ сайжруулахгүй яваад байвал тухайн улс хөгжлийн хувьд зогсонги байдал руу шилжинэ гэсэн үг. Аливаа хавсарга хүчин зүйл дээр анхаарч, маш их зардал гаргаж сайжрууллаа гэхэд суурь хүчин зүйлс нь дээрдэхгүй бол хөгжил дунд болон урт хугацаанд эргээд л буурах эрсдэлтэй. Тиймээс Монгол Улс хязгаарлагдмал нөөцийг суурь хүчин зүйлс рүүгээ чиглүүлж, сайжруулах нь хамгаас чухал байна.

Үүнээс гадна суурь асуудлаа шийдвэрлэлээ гэхэд хөгжлийн бусад хүчин зүйлдээ хэрхэн нөлөөлөх вэ гэх мэт асуултууд ар араасаа мөн хөврөх нь дамжиггүй. Үүнийг тайлбарлахын тулд нийгмийн дэвшлийн индекс болон 4D хөгжлийн харилцан хамаарлыг та бүхэнд танилцуулъя. Нийгмийн дэвшлийн индекс гэдэг нь нийт гурван бүлэг, дотроо 60 үзүүлэлт бүхий улс орны дэвшлийг илэрхийлэгч юм. Уг индекс аливаа улс орны 60 хүчин зүйл хэр түвшинд байгааг хэмжин, үзүүлэлтийг нь тодорхойлж, дотор нь эрэмбэлдэг.

Монгол Улс энэхүү индексээр нийт 142 улсаас 82 дугаар байрт явж байгаа билээ.

ХҮСНЭГТ 1. НИЙГМИЙН ДЭВШЛИЙН ИНДЕКСИЙН БҮЛЭГЛЭЛ

зураг
 

ГРАФИК 4. СУУРЬ БОЛОН ХАВСАРГА ҮЗҮҮЛЭЛТИЙН ХАРИЛЦАН ХАМААРАЛ

зураг
 

Эх сурвалж: Lant Pritchett 2021, National Development Delivers: And How! And How?

ХҮСНЭГТ 2. МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ДЭВШИЛИЙН ИНДЕКСИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

зураг
 

Эх сурвалж: Нийгмийн дэвшлийн индексийн тайлан, 2022

Монгол Улсын Нийгмийн дэвшлийн индекс болон 4D үзүүлэлт сүүлийн 30 жилд хэрхсэн бол? Монгол Улсын 4D үзүүлэлт болоод Нийгмийн дэвшлийн индекс 1990-2020 онд ихээхэн сайжирч, хөгжлийг улс орондоо авчирсан гэж дүгнэж болно. Гэхдээ Нийгмийн дэвшлийн индексийн бүх үзүүлэлт өссөн гэсэн үг биш. Жишээлбэл, хууль дээдлэх ёс 1996-2012 онд унасан үзүүлэлттэй байна. Мэдээж хууль дээдлэх ёсыг хэмжиж буй индексийг сайн, муу гэж маргах олон зүйл бий. Гэхдээ ерөнхий хандлагыг харахад буурсан нь тодорхой. Зөвхөн Монгол Улсад ч буураад буй зүйл биш гэдгийг онцолъё. Монгол Улс 1996 онд ойролцоо түвшний орлоготой улсуудынхаа дундажтай харьцуулахад хууль дээдлэх ёсоор их өндөрт байжээ. Харин 2012 онд дундажтай нь харьцуулахад бага зэрэг өндөр байгаа ч өмнөхөөс буурсныг доорх графикаас харж болно.

ГРАФИК 5. СУУРЬ БОЛОН ХАВСАРГА ҮЗҮҮЛЭЛТИЙН ХАМААРЛЫН ТААМАГЛАЛ

зураг
 

Эх сурвалж: Lant Pritchett 2021, National Development Delivers: And How! And How?

ГРАФИК 6. ЭРХ ЗҮЙТ ЁС, ИНДЕКС

зураг
 

Эх сурвалж: WDI, Судлаачийн тооцоолол

Сүүлийн үеийн статистикаас харахад манай Нийгмийн дэвшлийн индекс сайжирсан/ буурсан байгаа. Эдгээр үзүүлэлтүүдийг богино, дунд болон урт хугацаанд сайжруулахын тулд хэрхэх талаар дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй авч үзэх болно.