Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дундад зууны Монгол харваачийн булшийг Горно-Алтайгаас олжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Кокоря тосгоны ойролцоо нутгийн хоёр иргэн санамсаргүйгээр дундад зууны үеийн нэгэн баатрын булш олжээ. Булшнаас одоогоор насанд хүрсэн эр хүний яс, нумны саадаг, сумнууд, сумны зэвнүүд, модны үндсээр хийсэн сав суулга, торгоны тасархай зэргийг олсон байгаа гэнэ.

 

Түүнийг 13-15 дугаар зууны үед амьдарч байсан гэж үзэж байна. Нарийн хийцтэй саадаг, түүн дээрх гоёл чимэглэл, оршуулсан байдлаар нь алдартай мэргэн харваач, дайчин эр байсан гэж таамаглаж байгаа аж.

Саадагт нь өөр өөр сумны зэв хийх тасалгаанууд байсан нь сонирхол татаж байна. Мөн ясаар урласан хээ угалзтай хоёр хавтан олдсон нь саадагны чимэглэл байж болзошгүй байгаа ажээ.

Одоогоор археологичид булшийг цааш ухаж үзэх эрх аваагүй байгаа гэнэ.

Хэрвээ ухаж үзвэл нум нь ч олдож магадгүй байгаа аж.

 
 
 
 

Горно-Алтайскийн Улсын Их сургуулийн музейн захирал доктор Никита Константинов “одоогоор бид саадаг, чимэглэл бүхий хоёр ясан хавтан, төмөр зэвнүүд, модон сумнууд, саадагны чимэглэл байж магадгүй торгон тууз, арьсан оосор зэргийг олоод байна” гэжээ.

Булшны эзэн Монгол хүн байх магадлалтай гэсэн байна. Учир нь Алтайгаас өмнө нь ийм саадаг олдож байгаагүй гэжээ.

Тус БНУ-д археологийн малтлагыг дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд явуулахыг зөвшөөрдөг юм байна. Тиймээс археологичид ирэх зун хүртэл булшийг хамгаалж, хадгалаад дараа нь малтлага хийхээр төлөвлөжээ.

Монголчууд 12 дугаар зуунаас 15 дугаар зуун хүртэл Алтай нутгийг захирч байсан. Түүнээс өмнөх Түрэг соёл нь мартагдаж Монгол ахуйд ууссан. Гэхдээ одоог болтол Монголын үеийн олдвор ховор олддог тул уг нээлтийг маш чухал гэж үзэж байгаагаа орон нутгийн эрдэмтэд өгүүлжээ.

Цаг уурын хахир хүйтэн нөхцөл нь булшийг сайтар хадгалагдан үлдэхэд тусалсан байгааг тэд ярьсан байна.

 

Эх сурвалж: SiberianTimes