Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Украин дахь ялагдлын буруутнаар ОХУ-ын батлан хамгаалахын сайдыг тодруулж байна

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Украины арми эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх сөрөг довтолгоог эрчимтэй явуулж, Оросын цэргүүд ухарсаар байгаа тухай мэдээ тасрахгүй байна.

Үүссэн нөхцөл байдлыг ил тод шүүмжлэх, хэлэлцэх явдал Оросын хэвлэл мэдээлэл болон удирдлагын хүрээнд улам бүр нэмэгджээ.

Энэ бүгдээс харвал Украин дахь ялагдлын гол буруутнаар ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тодрох төлөвтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, Путиний ойрын хүрээний олигархи Евгений Пригожин нар Оросын генералуудыг олон нийтийн өмнө хүчтэй шүүмжилж байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт Украины Херсон мужийн Москвагаас томилогдсон захирагч Кирилл Стремоусов бас батлан хамгаалахын сайдыг хатуу шүүмжилжээ.

“Ийм байдалд хүргэсэн батлан хамгаалахын сайд офицер хүнийхээ хувьд өөрийгөө буудвал таарна гэж олон хүн ярьж байна” гэж Стремоусов видео мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Тэр ингэхдээ тулаанд баатарлагаар амь үрэгдэж буй жирийн цэргүүдийн гавьяаг магтахаа мартаагүй юм.

“Батлан хамгаалах яам нь зөвхөн сайд, генерал, авлигач дээрэмчид, бусад хог шааруудаас бүрддэггүй. Бас Оросыг хамгаалахын төлөө амиа өгсөн баатруудаас бүрддэг” гэж тэр хэлжээ.

Стремоусов мөн Чеченийн Кадыровтай үзэл бодол нэг байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

Сергей Шойгу нь 2012 онд ОХУ-ын батлан хамгаалахын сайдаар томилогдож байв. Тэрбээр ерөнхийлөгч Владимир Путиний ойр шадар хүмүүсийн нэг бөгөөд тэд Шойгугийн төрсөн нутаг Тувагийн хөвч тайгад жил бүр хамт амарч, зугаалдаг уламжлалтай.

Сүүлийн үед Украинд гаргасан Оросын генералуудын алдааны талаар нуулгүй, нээлттэй хэлэлцэх чиглэлийг Кремлиэс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Ням гарагт RT (Russia Today) суртал нэвтрүүлгийн сувгийн эрхлэгч  Маргарита Симоньян телевизээр ярихдаа “Энэ бүх эмх замбараагүй байдал, цэргийн дайчилгаа, Лиман, Балаклеяд болсон явдлын талаар ярихад нэг л асуулт гарч ирж байна. Манай ерөнхий командлагч энэ талаар мэдэж байгаа юу? Владимир Владимирович энэ талаар мэдэж байгаа юу? Миний бодлоор тэр маш сайн мэдэж, ойлгож байгаа байх” гэжээ.

Дараа нь Лхагва гарагт төв телевизээр цацагддаг ярилцлагын шоуныхаа үеэр Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн нэг Ольга Скабеева “Өчигдөр бид Херсон мужийн 16 сууриныг алдлаа. Өнөөдөр бас юугаа алдах бол?” хэмээн армийн удирдлагуудыг эрс хатуу шүүмжилсэн юм.

 

Эх сурвалж: Aljazeera, Bloomberg