Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

XX зууны Тахиа жилүүдэд Монголын ТҮҮХЭНД ямар үйл явдал өрнөв?

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN

Алтан унжлагат хэмээх гал Тахиа жил мориллоо. Тахиа жилд Монголын түүхэнд тэмдэглэгдсэн олон чухал үйл явдлууд болж байжээ.

Бид ОНЦЛОХ таван үйл явдлыг нэрлэж байна.

Манжийн дарлалаас гарах эхлэл тавигдав

1911 он бол Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдаж, манжийн дарлалаас гарсан түүхэн баярт үйл явдал болсон жил.

Тэгвэл үүний өмнө VIII Богд Жавзандамба 1909 оны тахиа жил Монголын ноёдтой уулзаж өөрийн санаагаа илэрхийлснээр манжийн дарлалаас гарах хувьсгалын эхлэлийг манлайлан тавьжээ.

Тухайн үед Богд хаан Монголчуудын дунд нэр хүнд ихтэй байсан бөгөөд өөрийн нэр хүндийг хувьсгалын үйл хэрэгт ашиглаж чадсан гэж үздэг.

1909 оны Тахиа жил
Ардын хувьсгал ялав

1921 оны тахиа жилд Ардын хувьсгал ялж, харийн түрэмгийлэчдийг хөөн гаргаж, бүрэн эрхт Монгол Улсыг байгуулсан билээ.

Ингэснээр туурга тусгаар Монгол Улс байгуулагдаж цаашид хөгжих замаа олсон гэж үздэг. Энэ онд болсон гурван чухал үйл явдал:

  • 1921 оны гуравдугаар сард  Монгол Ардын Нам, Түр засгийн газар албан ёсоор байгуулагдсан. Намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатарыг томилов.
  • 1921 оны 3-р сарын 18-нд Жанжин Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохиж Хиагтийг эзлэн авсан нь Монгол цэргийн түүхэн дэх гарамгай ялалт байлаа.
  • 1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба тав хоногийн дараа буюу 11-нд Ардын хувьсгал ялсныг зарлан тунхаглажээ.
 
1921 оны тахиа жил
Хил хамгаалах байгууллага үүсэв

Монгол улсын гадаад, дотоод байдал гучаад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд 1933 онд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж хилийн отряд, комендатуруудыг байгуулж эхэлжээ. 

Ингэснээр орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн юм.

 

 

1933 оны Тахиа жил
Тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгөв

Манай өмнөд хөрш Хятад улс 1945 оныг хүртэл Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. Хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бүх ард түмний санал хураалт явуулах шаардлага тавьжээ.

1945 оны 10 дугаар сарын 20-нд Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө бүх нийтийн санал асуулгад 98.6 хувийн ирцтэй оролцсон байдаг.

Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт бий. Харин санал өгөөгүй үлдсэн 6,791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг шалтгааны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. 

1945 оны Тахиа жил
Монгол хүн сансарт нисэв

1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол хүн анх сансарт нисэв. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь одоогоор сансарт ниссэн Монголын хамгийн анхны бөгөөд цорын ганц хүн хэвээрээ байгаа юм.

Тэрбээр тухайн үеийн ЗХУ-ын сансрын нисэгч Жанибековын хамт  сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газарджээ.

Энэ үйл явдал Монгол хүн бүрийн сэтгэлд тодоор тэмдэглэгдэн үлдсэн билээ. 

1981 оны тахиа жил