Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дүн өвлөөр ШИНЭ УРГАЦЫН НОГОО хэрэглэдэг боллоо

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 8
iKon.MN

-"Green city garden" компанийн "Мөнх зун" хүлэмжинд хэдийн зун болж, ургац хураалт ид үргэлжилж байна-

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Мөнх зун" хүлэмжинд энэ жилийн анхны ургац хураалт хэдийнээ эхэлжээ.

Нэгдүгээр сарын 4, 5-наас үрсэлгээгээ суулгасан хүлэмжийн  өргөст хэмх хоёр сар хүрэхгүй хугацаанд бүрэн боловсорч, хоёрдугаар сарын сүүлээр анхны ургацаа авчээ. Харин улаан лоолийн болц хараахан гүйцээгүй байгаа аж.

Монголын анхны бүрэн автомат өвлийн хүлэмж гэдгээрээ онцлогтой "Мөнх зун" хүлэмжинд ороод хүлэмжийн талаар төсөөлөл маань орвонгоороо эргэлээ. Хөрс шороо үнэртсэн, халуун чийгтэй орчин төсөөлж байсан юм. Гэтэл бетонон шалтай, нэг ч сул шороогүй цэвэр цэмцгэр орчин угтсан юм. 

 Ингээд хүлэмж рүү ороход ариутгасан нөмрөг, гутлын улавч өмсгөлөө. Мөн хүлэмжин дотор уурлаж болохгүй, муухай үг хэлэхгүй, хэрүүл хийхгүй байхыг анхаарууллаа. Учир нь ургамал амьд бөгөөд элдэв муу энергийг мэдэрч ургах явцад нь сөрөг нөлөөлдөг аж. 

Голландаас ариутгасан битүүмжлэлтэй ирдэг үрээ, Шри Ланкаас авчирсан зориулалтын хөрсөнд суулгадаг учраас ургамлаа элдэв өвчлөл, хортон шавьжаас хамгаалахын тулд эрүүл ахуйдаа их анхаардаг бөгөөд хүлэмж рүү гадны хүн хамаагүй орохыг хориглодог юм байна. 

"Манай ургамлууд нь их эмзэг. Арчилдаг хүн нь солигдоход л гандаж, гунддаг" хэмээн "Green city garden" компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрхэмбаяр хэлж байсан юм.

Түүнтэй хүлэмжийн аж ахуйн талаар ярилцлаа.

 

- Хүлэмжийн бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхэлсэн бэ?

- Өвлийн хүлэмж төслийн судалгааны ажил 2014 оноос эхэлсэн. Манайх шиг эрс тэс хүйтэн уур амьсгалтай оронд ямар хүлэмж илүү тохиромжтой байхыг судалж, хүлэмжийн аж ахуй өндөр хөгжсөн Израйл, Голланд зэрэг улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, цаг уур, хөрсөө судалсан.

Монгол орны хөрс өвлийн ид хүйтэн үед 1.6-3 метр хүртэл хөлддөг юм билээ. Манай хүлэмж голын эрэг дагуу байрлалтай болохоор газар илүү гүн хөлддөг бөгөөд хөрсний гадаргаас доош 2.6-3 метр хүртэл хөлддөг. Тийм болохоор дороосоо дулаан алдахгүй байхын тулд хүлэмжийн суурийн ажилд их анхаарал хандуулж ажилласан.

2015 оны долоодугаар сараас эхэлсэн суурийн ажил хоёр сар гаруй үргэлжилж, есдүгээр сард хүлэмжийн тоног төхөөрөмж орж ирсэн. Хүлэмжийн төмөр каргазаас авхуулаад нарийн тоног төхөөрөмж хүртэл бүгд нийлээд 40 тоннын 15 чингэлэг ачаа болсон. Угсралтын ажил бас хоёр сар үргэлжилсэн бөгөөд давхар дэд бүтцийн ажил үргэлжилж, төвийн дулаан, цахилгааны холболтоо хийж арваннэгдүгээр сар гэхэд хүлэмж маань бэлэн болсон.

- Энэ том хүлэмжинд 3-4 хүн л ажиллаж харагдлаа. Бүрэн автомат учраас хүний оролцоо бага байдаг бололтой?

- Тийм ээ. Өргөст хэмх, улаан лоолийн хоёр хүлэмжид дөрвөн хүн ажиллаж, зөвхөн ургамлаа арчилж, торддог.

Ургамлын усалгаа, тасалгааны хэм, чийгшил, гэрэлтүүлэг гээд бүгдийг нь автоматаар компьютер тооцоолж гаргаж байгаа. Гадаа температураас үл хамааран ургамал ургах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг.

- Өвлийн улиралд нар орой мандаж, эрт жаргана тэгэхээр ургамалд шаардлагатай гэрлийг хэрхэн зохицуулдаг вэ?

- Өвлийн хүлэмж маш их дулаан, цахилгаан хангамж шаардаж байгаа. Анх хүлэмжээ хангалттай гэрэлтэй байлгахад цахилгааны хүчдэл маань хүрэхгүй байсан учраас шугамаа өргөтгөж авсан. 

Гэрэлтүүлэг нар хангалттай үед автоматаар унтарч, бүрхэг үед нарны гэрлийг орлох зарчмаар асаж ажилладаг. 

Мөн дулаан хангамждаа их анхаарсан. Хүлэмж маань дотроо таван түвшний дулаан хангамжийн системтэй.

- Шинэ ургац гараад сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм байна. Хэрхэн худалдаалж байгаа вэ?

- Долоо хоногт хоёр удаа хураалт хийж байгаа бөгөөд нэг хураахдаа 200 орчим кг өргөст хэмх хурааж байна. Улаан лоолийн болц хараахан гүйцээгүй байгаа. 

Дэлгүүрүүд болон хэрэглэгчдэд хүргэлтээр үйлчилж байна.

Бидний зүгээс ургацаа аль болох ченжийн гараар дамжуулахгүй хүлэмжнээс хэрэглэгчийн гарт шуурхай, аль болох хямд үнээр хүргэхийг зорин ажиллаж байгаа. Одоохондоо дэлгүүрүүд болон хэрэглэгчдэд хүргэлтээр үйлчилж байна. Хэд хэдэн сүлжээ дэлгүүртэй гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа.

Шинэ ургацын өргөст хэмхийг 1 кг-ийг нь 7,000 төгрөгөөр худалдаалж байгаа. 

Мэдээж хэрэг зуны цагт дулаан, гэрэлтүүлгийн зардал бараг гарахгүй учраас үнэ хямдарна. Эргээд өвөл үнэ нь нэмэгдэнэ. Цаашдаа өвөл нэг тогтсон үнээр, зун нэг тогтсон үнээр худалдаалахаар төлөвлөж байгаа. Ер нь бид жилээс жилд туршлагажина. Авах ургац маань нэмэгдэнэ. Тэгэхээр боломжоороо үнээ хямдруулна.

- Жилд хэр хэмжээний ургац авахаар төлөвлөсөн бэ, төлөвлөсөн хэмжээндээ хүрч байгаа юу?

- Анхны туршилтын ургац хураалт үргэлжилж байна. Одоогийн байдлаар яг төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа ч цаашид боломжтой юм байна гэж харж байгаа. 

Нэг ишнээс жилд дунджаар 20-30 кг өргөст хэмх хураана гэсэн тооцоотой. Одоогийн байдлаар 4,700 орчим ишнээс ургац авч байна. 

- Хүлэмжийн бүтээн байгуулалтын ажилд нийтдээ хэчнээн төгрөгийн хөрөнгө орсон бэ, цаашид ямар бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Дэлхийн бусад оронтой харьцуулахад Монголд өвлийн хүлэмж барихад харьцангуй өндөр өртгөөр боссон. Хүйтэн өвөлтэй учраас дулаан хангамжид их хөрөнгө зарцуулсан. Дээрээс нь дэд бүтэц, цахилгааны зардлууд өндөр.

Бид анх хоёр тэрбум орчим төгрөгөөр хүлэмж босох нь гэж тооцоолж байсан ч 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон

Эхний ээлжинд 3,000 метр квадрат талбай бүхий хүлэмжээ ашиглалтад орууллаа. Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас хүйтэн байсан хэдий ч амжилттай ургацаа хурааж байна. Туршилт амжилттай болсон.

Тиймээс дахиад хоёр га талбайд нэмж хүлэмж барихаар төлөвлөж байгаа.


"Мөнх зун" хүлэмжинд тарьж байгаа өргөст хэмхийн нэг иш 6-8 сар ургац өгөх боломжтой. Улаан лоолийн иш арай урт наслалттай ажээ. Нэгдүгээр сард тарьсан ишээ долоодугаар сард хүртэл ургуулаад, дахиад шинэ үрсэлгээ суулган, ес, аравдугаар сард шинэ ургацаа хураах юм байна.  

Тасралтгүй шинэ үрсэлгээ суулгаад явах учраас жилийн дөрвөн улиралд ургац гарч, хэрэглэгчид өвөлжингөө шинэ ургацын өргөст хэмх, улаан лооль хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэх аж.

"Green city garden" компанийн зүгээс импортоос шууд хараат байдаг өвлийн саруудад хэрэглэгчдээ дотоодын шинэ ургацаар хангахыг зорьж байгаагаа хэлж байсан юм.

"Мөнх зун" хүлэмжийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл  @MunkhZun твиттер хаяг болон 99901665, 99908904 утсаар холбогдоорой.

Фото сурвалжлага
 
 
 
 
 
 
Өргөст хэмхийн хүлэмж
 
 
 
 
 
 
 
 
Улаан лоолийн хүлэмж