Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцныхан хоногт 200 литр, гэр хорооллынхон хоногт 8 литр УС ХЭРЭГЛЭДЭГ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 3 сарын 22
iKon.MN
 

1993 оноос эхлэн ЮНЕСКО гишүүн орнууд жил бүр 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан. Энэ жил “Ус ба ажлын байр” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Дэлхийн усны өдөр”-ийг Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хот, суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн ахуй үйлчилгээний усны газар, Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Нэг өдөр, нэг цагт, нэг зэрэг” гэсэн уриатайгаар Ерөнхий боловсролын сургуулийн 120 сургуульд усны нөөц, эрүүл мэндийн ач холбогдлын талаар дээрхи байгууллагууд хамтран хичээл зааж байгаа юм байна. Түүнчлэн  усны зохистой хэрэглээний талаар мэдээлэл түгээх, олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр “Ус ба ажлын байр” сэдэвтэй фото зургийн уралдаан зарлаж, сэдэвтэй уялдсан агуулгатай зургийг шалгаруулах аж.
 

Улаанбаатарын ундны ус 

Ундны усны аюулгүй байдлын томоохон эрсдэл бүхий цэг нь хэрэглэгчдийн ус хэрэглэх, хадгалахтай холбоотой асуудал байдаг.

Усны эх үүсвэрээс гадна хэрэглэгчийн түвшинд буюу өрх гэрийн нөхцөлд хадгалан хэрэглэж буй ундны усанд чанар аюулгүй байдлыг өвчлөлтэй харьцуулсан судалгааны дүнгээр усны нянгийн болон шим бохирдолтын түвшин нь эх үүсвэрийн устай харьцуулахад гэрийн нөхцөлд ихэссэн бөгөөд энэ нь суулгалт халдварын өвчлөлтэй хамааралтай  байна.

Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн тогтолцооны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх үе шатуудад эрсдлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр Усны эх үүсвэрийн орчим эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын дэглэм алдагдаж, бохирдуулагч эх үүсвэрүүд бий болох, тохижилт, ариутгал цэвэрлэгээ хангалтгүй байгаа нь ус бохирдох, улмаар хүн амын дунд халдварт өвчин гарах эрсдэл үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа нь тогтоогджээ.

Өрхийн ус хадгалах, зөөвөрлөх саван дахь усны гэдэсний бүлгийн нянгийн бохирдол нь ундны усны эх үүсвэрийн усанд агуулагдаж буй гэдэсний бүлгийн нянгийн бохирдлоос их байгаа нь гэрийн нөхцөлд ус их бохирдож байгаа.

 

Аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн усны бохирдлын үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа боловч усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчиж барилга байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх зөрчил илэрч, аймгуудын усны халдваргүйжүүлэлт болон дотоодын хяналт хангалтгүй байгаа нь ус бохирдох, хомсдох нөхцлийг бүрдүүлдэг.

МХЕГ-ын 2015 он хийсэн хяналт шалгалтын дүнгээс харахад нийслэлийн ундны усны 7 эх үүсвэрийн худаг, өргөх, дамжуулах, халдваргүйжүүлэх станцууд, төвлөрсөн шугамд холбогдсон УТБ-ны уснаас авсан нян судлалын шинжилгээгээр “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага. Түүнд тавих хяналт” MNS 0900:2005  стандартын шаардлагад нийцэж байна. Зөөврийн ус түгээх байрны усны нянгийн бохирдол өмнөх оныхоос 2.8 %-иар буурчээ.

Харин нян судлалын үзүүлэлтээр төвлөрсөн эх үүсвэрийн 12.8%, төвлөрсөн бус эх үүсвэрийн 28.1% нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа ба төвлөрсөн бус эх үүсвэрийн усны нянгийн бохирдолт нь төвлөрсөн эх үүсвэрээс 2.2 дахин илүү бохирдолттой.

Монгол Улсын хэмжээнд усны ашиглалт
Зориулалт Хэмжээ
Аялал жуулчлалд 1%
Хөнгөн үйлдвэрүүдэд 8%
Усалгаатай газар тариалан 12%
Мал аж ахуйд 16%
Унд, ахуйд 16%
Уул уурхайд  22%
Эрчим хүчинд 25%
Барилгын салбарт 0,00002%
Ногоон байгууламжид 0,00001%
Автозамд 0,00001%

Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах Газар /УСУГ/ хоногт дунджаар  158,000 м3 ус олборлон ус ашиглагч, хэрэглэгчдэд түгээдэг ба усны нөөцийнхөө 54 хувийг нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээнд ашиглаж байна.

УСНЫ ХЭРЭГЛЭЭний хувьд орон сууцанд амьдардаг иргэд хоногт 200 литр, гэр хороололд амьдардаг иргэд хоногт 8 литр ус хэрэглэдэг.



Өнөөдөр дэлхий дээр ажил эрхэлж буй хүн амын тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг бөгөөд тэдгээрт чанартай, аюулгүй усан хангамжийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.

Дэлхийн хэмжээнд  ус ашиглалт
Зориулалт Хэмжээ
Уул уурхайд  2%
Үйлдвэрлэлд  4%
Эрчим хүчинд  7%
Бусад усан хангамжинд  8%
Унд, ахуйд  9%
Хөдөө аж ахуйд  67%

 

2015 оны ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээгээр 663 сая хүн сайжруулсан ундны усны эх үүсвэрээр хангагдаж чадахгүй байна. 2011-2050 оны хооронд дэлхийн хүн ам 7-9.3 тэрбум болж 33 хувиар нэмэгдэхийн зэрэгцээ хоол, усны хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.

 

Дэлхий дээр жил бүр 1.7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр эрүүл ахуйн асуудалтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг. гэж Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгээс мэдээллээ.

Гэрэл зургийг mpa.mn