Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай урлаачдын хийсэн МӨСӨН БАРИМЛУУД үнэхээр гайхамшигтай байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 3 сарын 4
iKon.MN
 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалд тосгонд өчигдөр болсон “Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. 

Төрийн тэргүүн урчуудын гараар сүндэрлэсэн мөсөн баримлууд болон нутгийн иргэдийн урлаж бүтээсэн гар урлалын зүйлсийн үзэсгэлэнг үзэж сонирхов.  Монгол орны хамгийн гүн, цэнгэг Хөвсгөл нуурын өвлийн гайхамшигт үзэмжийг олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг мөсний баярыг 17 дахь жилдээ  аймгийн ЗДТГ, аялал жуулчлал эрхлэгчид, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байгаа юм байна. Мөсний баярт гадаадын зочид гийчид олноороо ирж, олон улсын шинж чанартай арга хэмжээ болж чаджээ.

“Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ажиллагаан дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ "Хөвсгөлийн мөсний баяр жилээс жилд улам өргөн дэлгэр сайхан болох болтугай. Хөвсгөлийн мөсний баярт ирэх хүмүүс улам олуулаа болох болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Энэ жил Монгол Улс Их Монгол Улсаа байгуулсны 810 жилийн тэгш ойг улс орон даяараа тэмдэглэнэ. Хөвсгөл нутаг руу олон хүн ирэх байх аа гэж бодож байна. Хөвсгөлчүүд энэ жил их хийморьтой байгаа. Цагаан сарын барилдаанд Хөвсгөл нутгийн хүү Содномдорж түрүүлсэн. Хөвсгөл нутгаас Монгол Улсын алдарт, манлай уяачид төрсөн. Их сайхан байгаа гэдгийг энд хэлье.

Хөвсгөлд зохиогдож байгаа мөсний баяр маань зөвхөн Хөвсгөлийн брэнд биш, Монголын брэнд болох болтугай. Монголын нэр төр болох болтугай гэж ерөөе. Зөвхөн монголчуудын баяр биш, цаашдаа олон улсын баяр болох болтугай гэж ерөөе.

Энд манай урлаачдын хийсэн мөсөн баримлууд үнэхээр гайхамшигтай байна. Мөсөн баримал хийдэг газруудад манай залуучууд очиж баримал барьсан. Саяхан Хятадын Харбин хотод болсон мөсөн урлаач, уран бүтээлчдийн урланд манайхан очсон. БНХАУ гэдэг хэчнээн том улс билээ.  Хэчнээн олон уран бүтээлчтэй билээ. Олон улсын маш орлон урчууд оролцоход Монголын мөсөн урлаачид алт, мөнгө, хүрэл медаль бүгдийг түүсэн, авсан. Тэнд оролцож урлагийнхаа бүтээлийг толилуулсан урлаачдадаа, уран бүтээлчдэдээ туйлын их баярлалаа.Та бүхний маань ажил үйлс, уран бүтээл улам өөдрөг байх болтугай гэж хүсэн ерөөе гэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хатгал тосгон дахь Хөвсгөл далайн Доод модот буланд болсон Мөсний баярын нээлтэд ийнхүү оролцоод аймгийн төв Мөрөн хотын иргэдтэй уулзсан юм.

ФОТО
Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8