Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

МАЛАЛА: Миний тэмцлээ үргэлжлүүлэх хүч бол ХҮМҮҮСИЙН ХАЙР

ikon.mn
2016 оны 2 сарын 8
iKon.MN
 

Нобелийн энх тайвны хамгийн залуу шагналтан Малала Юсуфзайн залуу уншигчдад зориулан гаргасан Малала номыг Залуучуудын Боловсрол Хөгжлийн Төв ТББ-аас албан ёсны орчуулгын эрхтэйгээр уншигчдын гарт хүргээд удаагүй байна. Номын төгсгөл хэсгээс та бүхэндээ хүргэж байна.

.....Энэ ном анх удаа хэвлэгдэн гарснаас хойш нэг жил, сургуулиасаа гэртээ харих замдаа Талибуудад буудуулснаас даруй гурван жил өнгөрч гэр бүлийнхэн маань олон ч өөрчлөлтийг даван туулжээ. Бид Пакистан дахь Сватын уулын тосгоноосоо гарч Их Британийн хоёр дахь том хот болох Бирмингамд амьдрах болсон. Би дэлхийн удирдагчидтай уулзаж, шинэ сургуульдаа найз нөхөдтэй болсон. Манай гэр бүлийн тухай баримтат кино хүртэл гарч би Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн билээ. Заримдаа энэ бүхэн зүүд шиг санагдахад өөрийгөө чимхэж үзмээр болдог юм.

Би одоо 18 хүрсэн ч өөрчлөгдөөгүй нэг зүйл байгаа нь өглөө эрт босох. Хамгийн гайхалтай нь би аавынхаа дуугаар сэрдэг болсон. Тэрээр өглөө хамгийн түрүүнд босоод, надад, ээжид мөн миний дүү нар болох Атал, Кушал нарт өглөөний цай бэлддэг. Аав өөрийн бэлдсэн өглөөний цайгаа бусдад анзаарагдалгүй өнгөрөөнө гэж байхгүй шүү. Хэрхэн жимсний шүүс шахсан, өндөг, талх шарж, зөгийн бал шүүгээнээс гаргасан гээд бүгдийг ярихад нь “Энэ чинь зүгээр л өглөөний цай шүү дээ. Сүртэй гэдэг нь” гээд би инээд алддаг юм.

Өглөөний цайны дараа бид гурав өөр өөрсдийн сургууль руугаа явцгаана. Энэ дундаас хамгийн том өөрчлөлт нь миний ээж Тоор Пекай сургуульд сурах болсон явдал юм. Ээж англиар уншиж, бичиж, ярьж сурахаар долоо хоногийн таван өдөр нь хэлний төвд суралцах болсон. Тэрээр ямар нэгэн боловсрол эзэмшээгүй бөгөөд биднийг сургуульд сурахыг үргэлж дэмждэг байсан нь үүнтэй холбоотой байх.  “Ээж шигээ дараа нь харамсах зүйл битгий хийгээрэй” гэж бидэнд захидаг юм. Ээж минь Англид ирснээсээ хойш дэлгүүр хэсэх, эмчид үзүүлэх, банк орох зэрэгт өдөр тутамдаа хэлний бэрхшээлтэй тулгарах болсон билээ. Харин хэлний сургалтад суух болсноос хойш ээж өөртөө илүү итгэлтэй болж, ингэснээр зөвхөн бидэнтэй харьцах биш гэрээс гарч хүмүүстэй уулзаж учрах боломжтой болсон юм.

Бид эхэндээ энд хэзээ ч дасахгүй байхдаа гэж боддог байсан ч Бирмингам удалгүй бидний төрсөн гэр шиг санагдах болсон. Өдөр бүр санагалздаг Сватыг хэзээ ч гүйцэхгүй боловч өөр газруудаар аялаад эндээ буцаж ирэхэд гэртээ ирсэн мэт сайхан мэдрэмж төрдөг болжээ. Энд байнга ордог борооны талаар би бүр бодохоо ч больсон, гэхдээ эндхийн найзууд минь +25 градусыг  халуун  байна гэхэд миний инээд хүрдэг юм. Гэтэл миний хувьд энэ бол ердөө хаврын сэрүүн өдөр л гэсэн үг.

 

 

 Бирмингамд гэр бүлээрээ

Би шинэ сургуульдаа найзуудтай болсон ч Мониба одоо ч гэсэн миний хамгийн сайн найз хэвээрээ бөгөөд бид хэдэн цагаар ч хамаагүй скайп ашиглан сонин сайхан хуучилдаг юм. Түүнийг Сватад байх найзуудын минь тухай ярихад би өөрийгөө тэнд байсан ч болоосой хэмээн хүсдэг. Миний адил автобусанд буудуулсан охид болох Шазиа, Кайнат хоёртой би байнга холбоотой байдаг бөгөөд тэд одоо Уэллс дахь Атлантик коллежид суралцаж байгаа билээ. Тэдний хувьд төрсөн гэрээсээ хол, огт өөр зан заншилтай оронд байх нь хэцүү байдаг ч энэ нь эх орондоо хувь нэмрээ оруулах гэсэн мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах том боломж гэдгийг сайтар ойлгодог юм.

Эндхийн сургуулийн систем Пакистаны сургуулиудаас нэлээд өөр. Пакистанд байхад намайг “онц сурагч” гэж үнэлдэг байсан. Тиймээс ч би хэзээд хамгийн ухаантай нь байж, хичээсэн хичээгээгүй хамаагүй нэгд байх болно гэдэгтээ итгэлтэй байдаг байсан билээ. Харин Их Британид багш нар сурагчдаасаа илүү ихийг хүлээж байдаг. Пакистанд бид урт хариулт өгөхийг сайн гэж үздэг байсан бөгөөд хүссэн бүхнээ бичиж болно. Заримдаа шалгалт авсан багш нар энэ бүхнийг уншихаас төвөгшөөж орхидог ч өндөр оноо өгөх тохиолдол гардаг. Харин Их Британид асуулт нь хариултаасаа урт байх нь олонтаа. Зүгээр л хичээлдээ ирэх нь өөрөө томоохон сорилт байдаг тул Пакистанд үнэлгээний шалгуур доогуур байдаг байх. Бидэнд шинжлэх ухааны сайн лаборатори, компьютер эсвэл номын сан байсангүй. Бидэнд байсан зүйлс гэвэл самбарын өмнө зогсох багш, сурагч, мөн сурах бичиг юм.

 Нутагтаа байхад намайг найм, есөн ном уншихад л ном их уншдаг охин гэж хэлдэг байсан ч энд ирээд хэдэн зуун ном уншсан охинтой танилцаад өөрийгөө юу ч биш юм байна гэдгээ ухаарсан. Тиймээс би энэ олон номыг бүгдийг нь унших зорилго тавиад байгаа билээ. Би бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан бөгөөд энэ нь олон тооны шалгалт шүүлэг өгсөн гэсэн үг. Над шиг үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэ шалгалтууд ихээхэн чухалд тооцогддог. Шалгалтаа амжилттай өгсөн гэдгээ дуулсан тэр өдөр миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байсан билээ. Би ерөнхий боловсролын гэрчилгээгээ авна гэдэгтээ итгэлтэй байгаа (дахин олон шалгалт өгнө) бөгөөд сургуулиа төгсмөгцөө их сургуульд улс төр, гүн ухааны чиглэлээр суралцах болно.

Би одоо ч гэсэн Сват руугаа буцаж, найз нөхөд, багш нартайгаа уулзаж, сургуульдаа болон гэртээ очно хэмээн итгэж найдсаар байна. Цаг хугацаа шаардагдах нь тодорхой ч миний энэ хүсэл хэзээ нэгэн өдөр биелнэ гэдэгт би бат итгэдэг. Эх орондоо буцаж очоод нөлөө бүхий улс төрч болж ард олондоо үйлчлэх нь миний мөрөөдөл билээ. Харамсалтай нь Сват дахь Талибаны тэргүүн байх үедээ намайг буудах тушаал өгсөн Маулана Фазлулла Пакистан дахь Талибуудыг толгойлох болсон юм. Энэ бүхэн намайг буцахад улам эрсдэлтэй болгож байгаа ч би боловсрол эзэмшиж, түүхийг илүү гүнзгийрүүлэн судалж, олон сонирхолтой хүмүүстэй уулзаж тэдний санаа бодлыг сонсож, харанхуй бүдүүлэг байдал болон терроризмын эсрэг зогсох болно.

Бирмингамын гайхалтай эмч нарын ачаар би эрүүл саруул болсон. Эмнэлгээс анх гарахдаа хурдан тэнхрэхийн тулд долоо хоногтоо нэг удаа нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаг байсан бөгөөд надад тусламж дэмжлэг их хэрэгтэй байдаг байсан. Эмч нар хэлэхдээ миний нүүрний мэдрэлийн 96 хувь нь сэргэсэн гэсэн. Кохлерийн суулгац миний сонсголд ихээхэн нэмэр болсон бөгөөд эмч нар ирээдүйд илүү шинэ соргог, илүү сайн технологитой болох байх гэсэн. Миний толгой өвдөхөө больж, би спортоор хичээллэх болсон ч хүмүүс миний толгой руу бөмбөг шидэхгүй байхыг хичээсэн хэвээрээ л байгаа. Крикет болон гутек матакыг би давгүй тоглочихдог ч дүү нар минь үүнтэй санал нийлдэггүй юм.

Дүү нар шинэ амьдралдаа төвхнөсөн ч Кушалтай урдын адил муудалцсан хэвээрээ л байгаа. Атал жүжигчилсэн маягаар ярьж биднийг хөгжөөж эрч хүчээр дүүрэн байдаг ч заримдаа биднийг бүр ядрааж орхидог гээч.  “Намайг Малала хэмээн нэрлэсэн  миний тухай кино олон улсад нээлтээ хийхэд дүү минь олны анхаарлыг ихээр татаж урмын үг их сонссон. Бид ч мөн адил. Гэхдээ Атал яг л бяцхан хэрэм шиг болохыг олон хүн харсан байх.

Манай гэр бүлийн тухай гарах киног үзэх нь эхэндээ надад их хачин санагдаж байлаа. Би өөрийн түүхийг өгүүлсэн ном гаргасан боловч энэ их өөр мэдрэмж төрүүлж байв. Надад жаахан ичмээр санагдаж байсан ч миний түүхийг аль болох олон хүн үзнэ төдий чинээ олон хүн миний үгийг сонссоноор хүн бүрийг боловсролтой болгох зорилгодоо хүрэх илүү боломжтой болох юм. Киноны АНУ дахь нээлт НҮБ-ын ерөнхий асамблей болох өдөртэй ойролцоо болсон билээ. Нью Йорк хотноо өөрийнхөө тухай киноны нээлтэд оролцсон долоо хоногтоо би НҮБ-ын индэр дээр дахин үг хэлэх болсон бөгөөд энэ удаа Тогтвортой хөгжлийн зорилт дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцсон дэлхийн удирдагчдыг хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлэх үйл хэргийг дэмжихийг уриалсан билээ. Би Төв цэцэрлэгт хүрээлэнд болсон Дэлхийн иргэн фестивальд (Шазиа, Кайнат хоёртой нийлээд дөрвөн найзтайгаа оролцон) хүртэл үг хэлсэн. Анх удаагаа ийм олон хүний өмнө үг хэлсэн минь энэ бөгөөд 60 000 гаруй хүн цугласан байсан юм. Эд Ширан, Бейонсе, Колдплей зэрэг алдартай хамтлаг дуучид НҮБ-ын тэгш бус байдалтай тэмцэх болон ядуурлыг таслан зогсоох дэлхийн зорилт хөтөлбөрийг дэмжин дуу хоолойгоо өргөхөөр ирсэн байсан. Тайзан дээр гарах ээлж болоход би дэлхийн өнцөг булан бүрт буй боловсрол эзэмших эрхээ хасуулсан 66 сая охид болон хүн бүр амар амгалан амьдарч, боловсрол эзэмших явдлыг хамгийн чухалд тооцдог болгох юмсан гэж хүсдэг тухайгаа ярьсан юм. Ийм олон хүн боловсрол эзэмших эрхээ хасуулсан байхад бид тэгш бус байдал болон ядууралтай хэрхэн тэмцэх билээ дээ?

Өнгөрсөн хэдэн жилийн турш уулзаж учирсан бүх хүмүүс болон зочилж байсан улс орнуудын тухай бодох бүртээ өөрийгөө үүнээс ч илүүг хийж чадна гэдгээ мэдэрдэг юм. Би Малала сангаараа дамжуулан Сирийн дүрвэгчдийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа явуулахаар шийдсэн билээ. Би Сирийн хил дээр очин Иордан руу дүрвэн гарч байгаа хүмүүсийг өөрийн биеэр харсан юм. Тэд энд ирэхийн тулд өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй элсэн цөлийг гатлан ирсэн байв. Хөл нүцгэн хүүхэд ямар их байсан гэж санана. Тэдний зовлонг би өөрийн нүдээр хараад тэсэлгүй уйлсан билээ. Дүрвэгчдэд зориулсан сууринд сургуульд явдаггүй хүүхдүүд олон байв. Сургууль ч байдаггүй байлаа. Заримдаа сургууль руу явах нь аюултай байдаг байв. Аав нь нас барсан  хүүхдүүд  сургуульд явахын оронд ажил хийдэг байв.

Сэтгэл минь тэсэхийн аргагүй өвдөж байлаа. Энэ бүх хүмүүс ямар гэм хийсэн болоод дүрвэн зугтахаас өөр аргагүй болов оо? Яагаад энэ гэм зэмгүй балчир хүүхдүүд ингэж зовох ёстой юм бэ? Тэд яагаад энх тайван орчинд амьдарч  басхүү сургуульд ч явж чадахгүй байна вэ?

 

 

Аав болон Шиза Шахидын хамтаар Сирийн дүрвэгч хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл тарааж байна.

Би тэнд байхдаа өөрийнхөө үеийн Мизүнэ хэмээх охинтой танилцсан юм. Тэр охин өдөр бүр майхнаас майхан руу явж хүмүүсийг хүүхдүүдээ сургуульд явуулахыг ухуулдаг байв. Тэрээр хүмүүст юу болж буйг ойлгуулахыг хүсдэг тул сэтгүүлч болохыг мөрөөддөг гэсэн юм. “Чи ямар нэгэн зүйл хийж чадах байсан бол юу хийх байсан бэ?” гэж асуухад тэрээр “Би гэртээ харьж, энэ бүх дайныг зогсоох байсан” гэж хариулсан билээ.

Би 17 насны төрсөн өдрөө буюу 2014 оны 4 сард Нигерт байсан бөгөөд энд Боко Харамын бүлэглэл шөнө дунд сурагч охидыг дотуур байрнаас нь хулгайлсныг эсэргүүцэх ажиллагаанд оролцож байсан юм. Эдгээр охид миний үеийнхэн байсан бөгөөд бүгд эмч эсвэл багш эсвэл эрдэмтэн болох мөрөөдөлтэй охид байв. Тэд үнэхээр зоригтой, онцгой охид байсан бөгөөд Хойд Нигерт охидын дөрөвхөн хувь нь л сургуулиа дүүргэдэг байна. Дэлхий дахин нэг мэдээнээс нөгөө рүү хурдан шилждэг боловч энэ бүхнийг хүмүүс битгий мартаасай хэмээн  би хүсдэг юм.

Тэр жилийнхээ 10 сард буюу халдлагад өртсөнөөс бараг хоёр жилийн дараа маш том шагнал хүлээн авсан нь: Би Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн хамгийн залуу хүн болсон явдал юм. Би үүнд бүр итгэж ядаж байсан. Энэ тухай анх дуулахдаа сургууль дээрээ химийн хичээлд сууж байв. Хичээлийн эрхлэгч ангид орж ирээд намайг өрөөндөө дуудлаа. “Юу болсон юм бол? Би ямар нэгэн буруу зүйл хийсэн билүү?” хэмээн учрыг нь олж ядан байсан билээ. Эрхлэгч багш намайг хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатиартигийн хамтаар Нобелийн энх тайвны шагналыг хүртэх болсоныг дуулгахад би бүр гайхширч орхисон юм. Би их л хөшүүнээр талархал илэрхийлж энэ шагналыг авах нь нэр төрийн хэрэг гэж хэлэв. Харин надад баяр хүргэж байгаа багш нарынхаа баярын нулимсыг харахдаа л яг юу болж байгааг ухаарсан даа. Хүн бүр миний өмнөөс баяртай байсан бөгөөд миний амьдралын нэгэн хэсэг болсон энэ үйлс ингэж өндрөөр үнэлэгдсэнд  би маш их баярлаж байсан юм.

Багш нар сургуулийн хурал зарлаж, намайг сургуулийн бүх хүмүүсийн өмнө үг хэлэхийг хүсэхэд би маш их сандарсан билээ. Өөрийн багш болон хамт олныхоо өмнө үг хэлнэ гэдэг НҮБ-д үг хэлэхээс ч хэцүү санагдсан гээч. Би юу гэж хэлснээ бараг л санахгүй байна. Боловсрол, эмэгтэйчүүдийн эрх болон энх тайвны тухай л байсан болов уу. Үгээ хэлж дууссаныхаа дараа шуудхан л физикийн хичээлдээ суусан бөгөөд хичээлийн нэг өдөр дуустал хариагүй билээ.

Хүүхдийн эрхийн төлөөх үйл хэргийг Нобелийн энх тайвны шагналаар урамшуулсанд би үнэхээр их талархсан. Кайлаштай илүү ойр танилцах тусам түүнтэй энэ шагналыг хамт авсныгаа нэр төрийн хэрэг гэж бодох болсон. Би энэхүү сайхан сэтгэлтэй, зорьсон хэргийнхээ төлөө хувиршгүй зогсож чаддаг хүнтэй уулзаад өөрийгөө их л чамласан юм. Тэрээр хүүхдүүдийг хамгаалж, тэдний эрхийн төлөө тэмцэх нь томчуудын хүлээх үүрэг хариуцлага юм гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлдэг хүн байв. Тэрээр хайр оршсоор байгааг болон бидний бусдыг гэсэн сайхан сэтгэл, хайр халамж томоохон өөрчлөлт  хийж болохыг харуулсан хүн билээ. Тэрээр уйгагүй хөдөлмөрлөж, хүүхдүүдийг боолчлол болон хүнд хөдөлмөр эрхлэлтээс авардаг хүн юм.

Шагнал гардуулах ёслол өөрөө гайхалтай басхүү урам зориг хайрлам байв. Би Шазиа, Кайнат, Мизүнэ зэрэг Пакистан, Нигер болон Сирийн зоригт эгч дүүстэйгээ энд дахин уулзсандаа баяртай байлаа. Тэд ч мөн өөрсдийн эрхийн төлөө тэмцэж байгаа билээ. Бид хамтдаа Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцсон нь миний хувьд үнэхээр нандин дурсамж болон үлдсэн юм.

Өнгөрсөн жил би Малала сангаараа дамжуулан боловсролыг дэмжих үйл хэрэгт идэвхийлэн оролцсон билээ. Би зөрчилдөөнт бүс нутгуудад очиж хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж буй талаар ойлголт, мэдлэг түгээсэн юм. Мөн Иордан, Пакистан, Кени болон Нигерт төслүүд хэрэгжүүлж эхлээд байна. 18 насныхаа төрсөн өдрөөр би дүрвэгчдийн хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулахаар Сирт буцаж ирсэн бөгөөд дэлхийн удирдагчдыг суманд биш номонд хөрөнгө оруулахыг уриалсан билээ. Би дүрвэгчдэд үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх үүднээс тэдний талаар ойлголт бий болгохыг хичээж байгаа юм. Би дэлхийн удирдагчидтай уулзан тэднийг өөрийн улсын боловсролын салбарт зарцуулах төсвөө нэмэгдүүлэхийг дэмжин, хөгжингүй улс орнуудыг хөгжиж буй улсуудад боловсролын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалж байгаа.

Малала сангийн үйл ажиллагаа өдөр ирэх тусам өргөжин тэлж байгаа ч цаашид хийх зүйл маш их бий. Надад энэ бүх боломжийг олгосон бурханд талархая. Энэ бол миний амьдралаа зориулах үүрэг, үйл хэрэг мөн мөрөөдөл минь билээ.

Өнгөрсөн жилүүдэд өөрчлөгдсөн зүйлс олон хэдий ч би Сватын сургуульд сурдаг байсан хуучны Малала хэвээрээ л байгаа. Амьдрал минь өөрчлөгдсөн ч би өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн билээ. Хэрэв та миний тухай ээжээс минь асуувал “Малала ухаан суусан байж болох ч цамц нь тэнд, өмд нь тэнд хаа хамаагүй явж байдаг, дандаа л ‘Яанаа би гэрийн даалгавраа хийгээгүй шүү дээ’ гэж гонгинож байдаг нөгөө л төвөгтэй охин хэвээрээ байгаа” гэж хариулах байсан. Зарим зүйл хэдий жижиг байсан ч өөрчлөгдөлгүй үлддэг ажээ.

Пакистанд байх олон найзууд минь биднийг Англид сайхан байр сууцанд амьдарч, сайн сургуульд сурдаг азтай хүмүүс гэж боддог. Аав Пакистаны консулын газрын боловсролын атташе,  НҮБ-ын дэлхийн боловсролын зөвлөхийн алба хашдаг. Энэ бүхэн өсөж дэвжихийг хүссэн залуу Пакистан хүмүүсийн хувьд хүсэл мөрөөдлийн амьдрал юм.

 

НҮБ-ын Ерөнхий ассамблей  

Гэхдээ өвөг дээдсийнхээ үе улиран амьдарч ирсэн, олон зууны түүхтэй төрсөн нутгаасаа цөллөгдсөн мэт амьдарна гэдэг маш хэцүү. Та нутгийнхаа хөрс шороонд хүрч, тунгалаг гол горхины хоржигнохыг сонсож чадахгүй. Тансаг зочид буудал, хурал цуглаан хэзээ ч төрсөн гэрийг тань орлож чадахгүй.

Бид бүгдийг дэлхий даяараа халуун дулаанаар хүлээн авсанд бид ихээр талархаж байгаа бөгөөд бидний тухай ном, кино хүмүүс бидний түүхийг илүү сайн ойлгоход түлхэц болсон билээ. Би ямар нэгэн шагнал авах юм бол мөнгийг нь хүүхдүүдийг сургуульд явахад нь нэмэр болгох юм уу эсвэл дэлгүүр нээх, таксинд явах зэргээр гэр бүлээ тэжээхэд нь туслах зорилгоор хүмүүсийг жижиг, дунд бизнес эхлүүлэхэд нь нэмэр болох үүднээс Сват руу илгээдэг юм. Надад олон захиа ирдэг бөгөөд нэгэн Япон өвөөгөөс  “Би настай, хөрөнгө мөнгө муутай хүн боловч туслахыг хүсэж байна” гэсэн захиа 10 000 ам долларын хамт ирсэн байсан бөгөөд талархал илэрхийлэх хэрэггүй хэмээн ямар нэгэн буцах хаяггүй илгээсэн байсан билээ.

Хүмүүсийн энэ их хайр, урам зориг надад тэмцлээ үгэлжлүүлэх эрч хүч хайрладаг юм. Би энх тайван болон боловсролын төлөөх үйл хэргээ хэзээ ч зогсоохгүй. Би аль болох олон газар сургууль барьж, чадварлаг багштай байх тал дээр нь санаа тавих болно. Надаас өөрчлөгдөлгүй үлдсэн бас нэгэн зүйл нь: Би бууж өгөхөө мэддэггүй өнөө зөрүүд охин хэвээрээ л байгаа. 

Англи улс, Бирмингам хот, 2015 оны 10-р сар

Бэлтгэсэн: Д. Гэрэлмаа,  “Залуучуудын Боловсрол Хөгжлийн Төв” ТББ 


 

 

Дэлхийн удирдагчдыг суманд биш номонд хөрөнгө оруулахыг уриалсан, бага наснаасаа дэлхийг өөрчлөхийг хүсэж түүндээ ч хүрсэн нэгэн охины гайхалтай түүхийг залуу уншигчдад зориулсан Малала номоос та дэлгэрүүлэн уншаарай.