Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Хеликобактерийн оношлуур” зохион бүтээж, СТАРТ-АП компани нээлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 1 сарын 20
iKon.MN
 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль дээр тус сургуулийг түшиглэсэн гарааны хоёр компанийн нээлт өнөөдөр боллоо.

Ходоодны салстад Хеликобактер пилори нянгийн идэвхтэй халдварыг илрүүлэх оношлуур үйлдвэрлэх “MON-HP” ХХК, Биотехнологийн “Нано мед” ХХК нь эрдэмтэн судлаачдын олон жилийн хөдөлмөрийн үр шимээр босож байгаа юм.

Уг сургуулийг түшиглэж зургаа дахь гарааны бизнес ийнхүү эхэлж байна. Өмнө нь нээгдсэн “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвд л гэхэд 47 эх амжилттай үр суулгуулж, эхний хүүхдээ хавар өлгийдөн авах гэж байгаа тухай баяртай мэдээг АШУҮИС-ийн дэд захирал Б.Амарсайхан дуулгалаа.

"Ашиг орлогыг эргээд компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхэд зарцуулах нь хамгийн зөв"

 

 

Өнөөдрийн үйл ажиллагааг нээж АШУҮИС-ийн Ерөнхий захирал, доктор, профессор Г.Батбаатар “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хөгжил энэ салбарт ажиллах эмч, мэргэжилтний чанартай бэлтгэл юм. Энэ чиглэл рүү бид нэлээн том зүйл хүсч, төлөвлөж явж байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл манай их сургуулийн эрдэмтэн багш нар маань хүнээс дутахгүй сэтгэж, бодож, зохиож чаддаг. Тэдний мэдлэгийг бүтээгдэхүүн болгож зах зээл дээр гаргах ажлыг дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийж болох хууль эрх зүйн үндэс нь нээгдээд ирсэн.

Бид өнөөдрийг хүртэл олон арван жил зөвхөн хэрэглэгч байж, бусад улс орны хийсэн зүйлсийг хэрэглэдэг байж ирлээ. Бид өнөөдөр энд мэдлэг бүтээж чадаж байна гэдэг нь хэрэглэгчдэд их сайн хүрээсэй гэж бодож байна.

Эрүүл мэндийн салбар нь өөрөө хүчирхэг байж, хоёр компани маань улам үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх байх.

Одоо бүтээгдэхүүнээ сайн борлуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийхээ ашиг орлогыг эргээд компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхэд зарцуулах нь хамгийн зөв гэж бодож байна” хэмээв.

"Шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан зөв оношилгоо шаардлагатай байсаар ирсэн"

 

 

“МОН-HP” ХХК-ийг үүсгэн байгуулагч эрдэмтэн Х.Оюунцэцэг “Ходоодны өвчлөл, хорт хавдрын олон шалтгааны нэг Хелико бактерийн оношилгоо, эмчилгээний асуудал тулгамдаж байдаг. Шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан зөв оношилгоо шаардлагатай байсаар ирсэн.

Дэлхийн олон орнууд уреазийн түргэвчилсэн оношлуур өргөн хэрэглэдэг. Манай эрдэмтэн судлаачид энэ оношлуурыг олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээсэн юм.

Энэхүү оношлуурыг дэлхийн зах зээл дээр 15-20 мянган төгрөгөөр зардаг бөгөөд Монголд цөөн хэдэн газар эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг байжээ. Тэгвэл MON-HP ХХК-ийн үйлдвэрлэсэн оношлуур 5,000 төгрөгийн үнэтэй зарагдана.

Түргэвчилсэн оношлуурын мэдрэг чанарыг шинжлүүлэхэд 94.3 хувь, өвөрмөц чанар 98.2 хувьтай байсан нь их сайн үзүүлэлт” гэдгийг онцолсон юм.

“Хеликобактерийн түргэвчилсэн оношлуур”-ыг эмнэлгүүд түгээмэл хэрэглэх нь Монгол хүмүүст ходоодны хеликобактери пилори нянгийн халдварыг богино хугацаанд, хялбар, хямд аргаар оношлох, нян устгах эмчилгээний үр дүнг хянах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх өндөр ач холбогдолтой юм.

“MOН-HP” үйлдвэрийн зургууд
 
 
 
 
 
 
 

 

"НАНО МЕД" ЭМНЭЛЭГ

Мөн өнөөдөр “Нано Мед” биотехнологийн компани нээгдлээ. Энэхүү компани нь өдөр тутмын бүтээгдэхүүн болох биологийн идэвхт бодис агуулсан тараг, цай, элэг хамгаалагч зэрэг нано технологи ашигласан олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм.

Мөн лабораторийн тест, DNA чип зэрэг оношилгоо, эмчилгээнд чухал ач холбогдолтой үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

Хоёр компанийн эхлэлийн хөрөнгө нь 80 гаруй сая төгрөг бөгөөд АШУҮИС-ийн хөрөнгө оруулалтаар нээгдэж байгаа нь онцлог юм.

 
 
 
 
 
 
 
 

 

Гэрэл зургийг MPA.mn