Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Макро эдийн засгийн тойм

ikon.mn
2015 оны 12 сарын 14
iKon.MN

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.


Өмнөх оны эцэст жилийн 8 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт 2015 оны гуравдугаар улиралд 2.5 хувь болж саарав.

Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралтаас үүдэн голлох эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт, гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан зэргээс эдийн засгийн өсөлт тасралтгүй буурч байна. Сүүлийн 5 жилд дунджаар экспортын 90 гаруй хувь, цэвэр гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь уул уурхайн салбарт ногдож байв. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн үнийн оргил үе дуусгавар болсоноор манай улсын гадаад худалдааны нөхцөл муудах, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурах, экспортын орлого буурч эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлсэн.

Импорт төгрөгийн ханшийн сулралт, иргэдийн худалдан авалтаас шалтгаалан буурч байгаа, экспортын дүн өмнөх жилээс бага зэрэг өндөр байгаа нь худалдааны тэнцэл сайжирч эерэг гарахад нөлөөлж байгаа ч эдийн засгийн идэвх сул байна.

1. Дотоодын нийт бүтээгдэхүүн

Монгол улсын бодит ДНБ 12 тэрбум ам.долларт болж 1 хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар давсан нь Гүрж, Индонези, Тайланд зэрэг улсуудтай ойролцоо түвшинд байгаа бөгөөд Азийн улсуудын дундаж үзүүлэлт 6,000 ам.доллар байна.

2013 онд 11.6 хувь, 2015 онд 7.8 хувь байсан эдийн засгийн өсөлт 2015 оны гуравдугаар улиралд 2.5 хувь болж саарчээ. Эдийн засгийн өсөлт уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын өсөлтөөр голлон тайлбарлагдаж байна. Нэг талаас дэлхийн зах зээл дээр түүхий эдийн супер мөчлөг дуусч уналт эхэлсэн нь уул уурхайн салбараас хамааралтай манай орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж дотоод компаниудын орлого муудаж, төсвийн орлого багасахад нөлөөлөв.

Нөгөө талаас эдийн засагт чухал үүрэгтэй оролцогч гадаад хөрөнгө оруулалт оргил үед 4.6 тэрбум ам.доллар хүрдэг байсан бол одоогийн байдлаар 15.9 сая$ хүрч хэд дахин буурсан нь эдийн засгийн үзүүлэлтүүд муу гарах үндсэн нөхцөл болж дараагийн эдийн засгийн хямралын нөхцөл бий боллоо. Өмнөх 2009 оны хямралын үед уул уурхай, барилгын салбарын өсөлт саарч дараа нь үйлчилгээний салбар муудсан бол одоогийн байдлаар үйлчилгээ, уул уурхайн салбар уналттай байна.

Барилгын салбарт үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэнээр уналтыг удаашруулж чадсан. Үйлчилгээний салбарын хүчтэй уналт нь худалдан авах чадвар эрс буурсныг илтгэнэ. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний өсөлт нь үндсэндээ Оюу толгойн ил уурхайн зэсийн баяжмалын үйлдвэрлэл, боловсруулаагүй газрын тосны үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой.

Худалдааны салбар -7.6 хувь буурсан нь эдийн засгийн идэвхжил багасч худалдан авах чадвар эрс саарсныг илэрхийлэх бөгөөд энэ байдал нь барилгын салбарт нөлөөлж илүүдэл нийлүүлэлтийг бий болгож зогсонги байдалд оржээ. Энэ жил зун гантай байсаны улмаас ХАА салбарын өсөлт өмнөх жилүүдээс бууралттай гарчээ. Цаашид худалдаа үйлчилгээний салбарын өсөлтийн удаашрал даамжрах төлөвтэй байна.

Эдийн засгийн бүтцийг салбараар нь авч үзвэл уул уурхай, худалдаа, хөдөө аж ахуйн салбар дийлэнх хувийг бүрдүүлдэг. 2011 оныг 2014 онтой харьцуулж үзвэл уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, боловсруулах салбарын хувь бага байгаа нь нэмүү өртөг бага шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засагтай орны тоонд орж эрсдэлийг дагуулж байна.

Мөн ДНБ-ний 22%-г уул уурхайн салбар эзэлж байгаа нь нэг салбараас хэт хамаарч эдийн засгийн тогтворгүй байдлыг байнга бий болдогийг илэрхийлнэ. Хөдөө аж ахуйн салбарын хувь нэмэгдэж байгаа нь сайшаалтай дүр зураг бөгөөд мал аж ахуй, газар тариалангийн салбар ирээдүйд эдийн засгийн томоохон бүрэлдэхүүн болох нөхцөл бүрдэж байна. Сүүлийн 3 жилд мөнгө, санхүүгийн тэлэх бодлогын хүрээнд уналтын хурдыг сааруулж чадсан хэдий ч уул уурхайн салбараас хэт хамааралтай орны хувьд тогтвортой урт хугацааны эерэг нөлөөг бий болгож чадсангүй.

Иймээс 2015 оны эцэс болон 2016 онд эдийн засгийн хувьд хүнд жилүүдэд болох төлөвтэй байна. Олон улсын байгууллагууд болох Дэлхийн банк, АХБ, ОУВС-н болон МБ, Сангийн яамны төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2015 оны эцэст дунджаар 3%, 2016 онд 4.3% байх тооцоололтой байна. Үүнд худалдаа үйлчилгээ, барилгын салбарын агшилт, боловсруулах, мэдээлэл холбоо, санхүү болон даатгалын салбарын өсөлтийн удаашрал нөлөөлөхөөр байна.

Ирэх онд эрсдэл өндөртэй салбар нь барилгын салбарын илүүдэл нийлүүлэлтээс үүдсэн уналт даамжирч магадгүй тул банкны салбар болон бусад холбоотой салбаруудад эрсдэл үүсэх магадлалтай. Мөн уул уурхайн салбарын үнийн уналтаас шалтгаалан орлого тасалдах эрсдэл бодитоор бий болж байна.

 

2. Мөнгөний нийлүүлэлт

Зээлийн өсөлт саарч, мөнгөний нийлүүлэлт буурч байна.

Мөнгөний нийлүүлэлт 10-р сард 9.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 52.8 тэрбум төг буюу 0.5 хувиар буурчээ. Үүнээс гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 8.6 хувь, харилцах хадгаламж өмнөх оны мөн үеэс 23.5 хувь буурчээ.

Гадаад валютын орох урсгал багассан, хөрөнгө оруулалт буурснаар гадаад актив бууралттай байгаа. 2013-2014 онд Монголбанкны зүгээс мөнгөний уламжлалт бус бодлогын хүрээнд мөнгөний нийлүүлэлт огцом өссөн хэдий ч төсөл хөтөлбөрийн санхүүжилт буурсан, банкны салбарын зээлийн эрэлт нийлүүлэлт хумигдсан нь мөнгөний нийлүүлэлтийн буурахад нөлөөлжээ. Монголбанкны зүгээс зээл олголт үргэлжлэн хумигдаж оны эцэст 9.8 их наяд, 2016 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл зээл олголт өссөнөөр M2 10.9 их наяд хүрнэ гэсэн төсөөлөл хийсэн.

Мөнгөний үржүүлэгч1 2011 оны 2-р сард 5.7 нэгж болж 2000 оноос хойш хамгийн өндөр түвшиндээ хүрч байсан бол 2015 оны 10 сард 4.5 нэгж байна.

 

3. Инфляци 

Инфляцийн түвшин өнгөрсөн оны 10 сард 12.1 хувь байсан бол энэ оны 10 сард 3.4 хувь болж огцом буурлаа. 3.4 хувиар өсөхөд 1.4 нэгж нь хувцас бөс бараа, 1.4 нэгж нь боловсрол, 0.4 нэгж нь орон сууц ус цахилгаан бүлгээс бүрджээ.

Дотоод эрэлт хумигдаж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт багассан, импортын хэмжээ буурсан зэрэг нь бууралтад нөлөөлжээ. Хүнсний барааны бүлгийн инфляци оны эхнээс 1.5 нэгжээр буурсан бөгөөд энэ жилийн тухайд малчид хүнд өвөл тохиож зуд болно гэж таамаглаж байгаагаас махны нийлүүлэлт нэмэгдэж махны үнэ буурахад нөлөөлсөн. Төгрөгийн ханшийн сулралтаас шалтгаалан эдийн засгийн идэвхжил багассан нь иргэдийн худалдан авах чадварыг багасгаж инфляци буурахад түлхэц болж байна.

Ирэх оны инфляцийн түвшинг Монголбанк, Азийн хөгжлийн банк дунджаар 7 хувь байхаар таамаглал гаргасан.

 

4. Гадаад худалдаа

Засгийн газрын хэрэглээ болон хувийн хэрэглээ буурч эдийн засгийн идэвхжил багассанаас импортын хэмжээ буурч гадаад худалдааны тэнцэл тогтворжиж байна.

Өмнөх оны 10-р сард 130 сая ам.долларын ашигтай гарч байсан гадаа худалдааны тэнцэл энэ оны 10-р сард 763 сая ам.долларын ашигтай гарав. Нийт экспорт 2015 оны 10-р сард өмнөх оны мөн үеэс 14.7 хувь буурсан бөгөөд 80%-г бүрдүүлдэг гол нэрийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл зэсийн баяжмал 2.2%, төмрийн хүдэр 48%, бохир ноолуур 14%, нүүрс 31%, газрын тос 40% буурсан дүнтэй байна.

Экспортын дийлэнх хэсэг нь үндсэндээ Оюу толгойн зэсийн баяжмалын экспортоор бий болсон бөгөөд Оюу толгойг хасч тооцвол зэсийн баяжмалын эзлэх дүн багасч гарна. Өнгөрсөн сард эрдэс бүтээгдэхүүний импорт импорт 36 хувь, хүнд даацын машин, механизм, тоног төхөөрөмжийн импорт 25%-р буурсан нь нийт импортын бууралтын 50%-г тайлбарлаж байна.

Хэдийгээр гадаад худалдаа тэнцвэржиж ашигтай гарч байгаа хэдий ч нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 21 хувь агшсан нь төсвийн орлого, эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөө үзүүлж байна. 5.

 

5. Төсөв

2015 оны 10-р сарын байдлаар төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр тэнцвэржүүлсэн нийт орлого 75.2 хувийн гүйцэтгэлтэй буюу 4.5 их наяд төгрөг, зарлага 75.6 хувийн гүйцэтгэлтэй 5.4 их наяд төгрөг болсноор тэнцвэржүүлсэн тэнцэл 915 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Төсвийн орлогын тасралтад орлогын татварын бүрэлдэхүүнд багтах ХХОАТ 44.6 тэр.төг, нийгмийн даатгалын орлого 25 тэр.төг, татварын бус орлого 109 тэр.төг тус тус тасарсан нь голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 86.3 хувийг татварын орлого, 13.7 хувийг татварын бус орлого бүрдүүлж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төслийг 2015 оны төсвийн тодотголоор төсөвт нэмж суулгасан.

Төсвийн зардал өмнөх оны мөн үеэс 355.9 тэр.төг нэмэгдсэн бөгөөд үүнд татаас 24.8 тэр.төг, хөрөнгийн зардал 19.2 тэр.төг, ажил үйлчилгээний зардал 148.2 тэр.төг, урсгал шилжүүлэг 122, хүүгийн зардал 114 тэр.төг нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Засгийн газрын зүгээс шинээр гаргасан Засгийн газрын бонд, зээлийн багагүй хэсгийг үндсэн төлбөрт төлж байгаа нь Засгийн газар шинэ өр үүсгэх замаар хуучин өр төлбөрөө төлж буйг харуулж байна. Мөн төсвийн алдагдалтай уялдан ЗГҮЦ-ны үлдэгдэл өсч байгаа нь бодит секторт гарах бололцоотой зээлийн эх үүсвэрийг бууруулж, эдийн засгийн идэвхжилтэнд сөргөөр нөлөөлж байгаа юм.

 

6. Төлбөрийн тэнцэл

Гадаад шууд хөрөнгө оруулалтын бууралт нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг бий болгож 9-р сарын байдлаар 172.4 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Урсгал данс 412 сая ам.долларын алдагдалтай гарсан бөгөөд барааны бүлэг гадаад худалдааны ашигтай байдлаас 950 сая ам.доллар, үйлчилгээний бүлэг -632 сая ам.доллар орлогын бүрдэл -849 сая ам.доллар, урсгал шилжүүлэг 119 сая ам.доллар болсон нь нөлөөлөв.

Ирэх онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бууралт үргэлжилж экспортын дүн буурах эрсдэл байгаа учраас урсгал тэнцлийн алдагдал үргэлжлэх төлөвтэй байна. Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 345 сая ам.доллар ашигтай гарахад шууд хөрөнгө оруулалт эерэг, багцын хөрөнгө оруулалт эерэг гарсаар байгаа нь нөлөөлжээ.

Төлбөрийн тэнцлийн алдагдалтай байдал нь гадаад валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлж 8-р сард 1.7 тэрбум ам.доллар байсан нөөц 9-р сард 1.4 тэрбум ам.доллар хүрч буурав. Хөрөнгө оруулалт буурснаас үүдэн төлбөрийн тэнцлийн хүндрэлийн эсрэг Засгийн газар, Төвбанк 2012 оноос хойш гадаад зээллэгийн бодлогыг хэрэгжүүлсэн.

Тухайлбал Чингис бонд, Хөгжлийн банк 462 сая ам.доллар, Төвбанкны Хятадын талтай хийсэн 482 сая ам.долларын своп хэлцэл зэрэг нь Монгол улсын гадаад өрийг нэмэгдүүлж эдийн засгийн эмзэг байдлыг бий болгов.

 

7. Валютын ханш

Төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаагаас шалтгаалан төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 2013 оноос одоог хүртэл 40 гаруй хувиар суларсан.

Төгрөгийн ханшийн сулралт эерэг тал нь импортын бүтээгдэхүүн бус дотоодын бараа үйлчилгээг хэрэглэхэд түлхэц үзүүлж, экспортын орлогыг нэмэгдүүлэх хүчин зүйл болсон. Гэвч эдийн засгийн идэвхжилийг багасгах, гадаад худалдааны орчинг муутгах үр дагаврыг бий болгож байна.

Монголбанкны зүгээс хийж буй интервенц нь ам.долларын ханшийн өсөлтийг хазаарлахад тус болж чадахгүй байгаа бөгөөд харин ч гадаад секторын хүндрэлтэй орчинд валютын нөөцийг бууруулж валютын ханшинд ирэх дарамтыг улам хуримтлуулах эрсдэл байсаар байна. 2014 онд Монголбанк нийт 1.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютыг зах зээлд нийлүүлсэн хэдий ч валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зорилгодоо бүрэн хүрч чадсангүй.

Харин гадаад валютын нөөц буурч одоогоор 1.4 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь импортын 3 сарын хэрэгцээнээс бага түвшинд байна. 2015 оны 10-р сард ам.долларын дундаж ханш 1993.35 төг байгаа бөгөөд сүүлийн гурван сарын хугацаанд тогтвортой түвшинд байлаа. Оюу толгойн хоѐрдугаар шатны бүтээн байгуулалтын гэрээ зурагдсан нь зах зээлд эерэг хүлээлт бий болж, ирэх оны хөрөнгө оруулалтын түвшинг нэмэгдэх дохио болсон.

Энэ он эцэст ам.долларын ханш одоогийн түвшиндээ тогтвортой байх хандлагатай байгаа бөгөөд ирэх онд төслийн хоѐрдугаар шат эхэлбэл ханш өсөлтийн дарамт буурах төлөвтэй байна.