Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон зээлийн сан ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ болох нь

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
 

Монголын Банкны Холбооноос зохион байгуулж буй “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015” өнөөдөр Бэст Вэстэрн зочид буудалд боллоо.

Энэ удаагийн форум нь “Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” нэрийн дор явагдаж байгаагаараа онцлогтой юм.

Форумд Монголын банкны салбарын төлөөлөл, БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн илгээмжийг танилцуулахаар Ерөнхийлөгчийн Зөвлөх О.Чулуунбилэг зэрэг төлөөлөгчид зочид оролцсон юм.

Монголын Улсын Тогтвортой санхүүжилт буюу ТоС-ийн хөтөлбөрийг банкууд сайн дураар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийг цааш хөгжүүлэхэд зөвхөн банкууд биш, төрийн байгууллагууд, бүхий л бизнесийн салбарууд, харилцагч, иргэд, хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэгтэй ажээ.

ТоС хөтөлбөрийн тухай:

ТоС хөтөлбөрийн хүрээнд нийт банкууд хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх эсэхийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргахаар болж “Тогтвортой санхүүжилтийн зарчмууд”-ыг баталж, улмаар 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаанууддаа нэвтрүүлж эхэлсэн юм.

Энэ жилийн форумаар банкууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт банкууд ТоС хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, ажлуудаа олон нийтэд тайлагнах, цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд хийгдэх шаардлагатай байгаа зарим ажлуудыг хэлэлцэх зорилготой байв.

 

Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч О.Орхон өнөөдрийн форумыг нээж хэлсэн үгэндээ “Өнөө үед дэлхий нийтэд Тогтвортой хөгжлийн зорилт гэдэг юм дан ганц байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй улс орнуудын өөрчлөлтийн гарц бус даян дэлхийн хөгжлийн чухал зорилт болоод байгааг бид мэдэх билээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эдийн засгийн өндөр хөгжилд хүрэхийн тулд аж үйлдвэржилтийн зууныг даван туулах явцдаа байгальтай зүй зохистой харьцах, нийгмийн давхаргуудын тулгамдсан асуудал зэргийг зарим талаар орхигдуулсан гашуун туршлагуудыг та бид бэлхнээ сайн мэднэ.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын энэхүү туршлагыг дахин давтахгүй байх, тогтвортой хөгжилд суурилсан сайн туршлагуудаас суралцсаны үндсэн дээр хөгжлийн зөв гарцыг хамтдаа хайх нь та бидний ойрын зорилт юм.

Энэхүү асуудалд Монголын банк санхүүгийн салбарынхан анхаарлаа ихээр хандуулж 2015 оны нэгдүгээр сараас албан ёсоор Монгол Улсын Тогтвортой санхүүжилт буюу ТоС хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. ТоС хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн 11 сарын хугацаанд Монголын банкууд нэг банк шиг нэг хүн шиг нэгдэж ажиллаж чадсан.

Банк санхүүгийн байгууллагууд нийгэмд чиглэсэн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадсан байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, жирэмсэн эхчүүдэд дараалалгүй үйлчилж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ярьдаг бэлэн мөнгөний машинтай болсон, банкны вэб сайтаас хүссэн мэдээллээ авах боломжтой болсноос гадна банк бүр ТоС хөтөлбөртэй холбогдуулан тодорхой төсөл хөтөлбөрүүдийг энэхүү богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ” хэмээн онцлов.

ФОРУМД ИЛГЭЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГ:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрийн форумд оролцогчдод явуулсан илгээмжийг түүний зөвлөх О.Чулуунбилэг уншиж танилцууллаа.

Үүнд “Монгол Улс үндэсний өв соёл ахуй уламжлалаа хамгаалахын сацуу эдийн засаг, нийгэм, байгальд ээлтэй тогтвортой хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг 2014 онд баталсан бөгөөд НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдэн ороод байгаа билээ.

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож байгаа банкны салбар, байгаль орчин нийгмийн асуудлыг үйл ажиллагаандаа харгалзан үзэж, Ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан шат дараатай хэрэгжүүлж иргэд, иргэний нийгмийн байгууллага, төр засаг, олон улсын байгуулллагууд идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаагаараа дэмжиж байгаад талархалтай байна.

Бизнесийн аливаа шийдвэр гаргалтдаа байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөг тооцож байх, ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх гол хөшүүргийг гадаадын улс орнуудад "ногоон татвар", "ногоон хөрөнгө оруулалтын банк", "ногоон бонд" зэрэг санхүүгийн олон хэлбэрээр хэрэгжүүлж байна.

Монгол Улс дэлхийн улс орнуудтай зэрэгцэн Ногоон зээлийн санг байгуулснаар энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд гол хөшүүрэг болж, иргэд байгаль орчин, нийгэм, эко байдалд ач холбогдол үзүүлэх хандлага өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Барилга, уул уурхай, эрчим хүчний салбаруудад энэ санаачлагыг өргөжүүлэн хэрэгжүүлээсэй хэмээн хүсэж байна” гэв.

 
 

Форусын үеэр ТоС-ын зарчмуудын хэрэгжилт, сорилт болон банкны томоохон харилцагчдын туршлага, санхүүжилт болон бусад асуудлаар олон талын оролцогчид нэгдсэн юм.

Тухайлбал Ариг банкны Гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү энэ талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан бол НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөрийн судалгаа, Хамтын ажиллагааны нэгжийн дарга Фулай Шэнг “Ногоон санхүүжилтийн механизм, санаачилгын олон улсын туршлага”, Хаан банкны Гүйцэтгэх захирлын орлогч Н.Оюунханд “Монгол Улсад ногоон эдийн засгийн тогтвортой санхүүжилтээр бүтээх нь” сэдвээр танилцуулга хийлээ.

Харин нийт оролцогчдын дунд “ТоС хөтөлбөр ба Ногоон зээлийн сан-Хамтын ажиллагаагаар Монгол Улсад Ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтийн хөшүүргийг бий болгох нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn