Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКС: Монгол Улс 104 дүгээрт эрэмбэлэгдэв

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эдийн Засгийн Форум жил бүр эрхлэн гаргадаг "Өрсөлдөх чадварын тайлан"-гийн 2015-2016 оны дүнгээ есдүгээр сарын 30-нд дэлхий даяар танилцуулсан билээ.

Тэгвэл тус байгууллагын албан ёсны түншээр ажилладаг Нээлттэй Нийгэм Форумаас өнөөдөр Дэлхийн өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайлан дахь Монгол Улсын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Манай орон энэ тайланд 11 дэх жилдээ оролцож, өрсөлдөх чадвараа үнэлүүлэв.

Өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 гаруй орныг өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур хүчин зүйл дээр үндэслэн эрэмбэлдэг. Уг индекс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байна.

МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЗЭРЭГЛЭЛ, 2005-2015 ОН

Энэ жилийн тайлан судалгаагаар Монгол Улсын өрсөлдөх чадварын түвшинд ахиц гараагүй байна. Манай улс авбал зохих 7 онооноос 3.8 оноо авснаар судалгаанд хамрагдсан 140 орноос 104-рт эрэмбэлэгджээ.

Судалгаанд хамрагдсанаас хойшхи хугацаанд манай улс 3.2-3.9 оноо авсан нь өрсөлдөх чадварын хувьд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг харуулжээ.

МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ОНОО, 2015-2016 ОН /12 ТУЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР/

Өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс Монгол улсын хувьд 2015 онд ТАВАН үзүүлэлтийн хувьд ахиц гарсан байна. Өмнөх онтой харьцуулахад: 

  • Технологийн бэлэн байдлын үзүүлэлт 0.5 оноогоор,
  • Зах зээлийн хэмжээ 0.3 оноогоор,
  • Институциудын чанар болон иноваци тус бүр 0.2 оноогоор,
  • Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт 0.1 оноогоор өссөн байна.
Технологийн бэлэн байдлын үзүүлэлтийн түвшний өсөлтөд үүрэн телефон утас хэрэглэгчдийн тоо, интернэтийн хурд болон хэрэглэгчийн тоо өссөн нь нааштай нөлөө үзүүлжээ. Институциудын чанарын түвшний өсөлтөд оюуны өмчийн хамгаалалт, улсын хөрөнгийн ашиглалт, шүүхийн хараат бус байдал, төр, засгийн зохицуулалтын талаар гомдол гаргах хууль эрх зүйн орчны үр ашигтай байдал зэрэг үзүүлэлтүүдэд бага зэрэг ахиц гарсан нь нөлөөлсөн гэдгийг Нээлттэй Нийгэм Форумаас онцлов.

Харин өрсөлдөх чадварын ГУРВАН үзүүлэлтийн түвшин буурчээ. Эдгээрээс

  • Макро эдийн засгийн тогтвортой байдал хамгийн их буюу 0.6 оноогоор,
  • Санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал 0,2 оноогоор,
  • Эрүүл мэнд, бага боловсрол 0.1 оноогоор буурчээ. 

Макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин буурахад улсын төсвийн алдагдал 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 11%-д хүрсэн, ДНБ-д эзлэх үндэсний хуримтлалын хэмжээ 24.3% болж буурсан, ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 75.5% болсон, инфляци өссөн, улсын зээлийн үнэлгээ буурсан нь нөлөөлсөн гэв.

Эдгээр 12 үзүүлэлтээс макро эдийн засгийн тогтвортой байдал, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, инноваци зэрэг таван үзүүлэлтээр авбал зохих онооны 50 хувьд ч хүрч чадаагүй байна.

МОНГОЛД БИЗНЕС ЭРХЛЭХЭД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?

Анхаарал хандуулах ёстой өөр нэг үзүүлэлт бол тухайн оронд бизнес эрхлэхэд саад болж буй хүчин зүйлс юм. Монгол орны хувьд Засгийн газрын тогтворгүй байдал, төрийн хүнд суртал зэрэг нь бизнеэс эрхлэгчдэд хамгийн их саад болдог гэсэн үр дүн харагдаж байна.

Өндөр хөгжилтэй орнууд болох Швейцар, Сингапур, АНУ, Герман, Нидерланд, Япон зэрэг улсууд өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж байна. Эдгээр орнуудын хувьд төрийн институциудын үр ашигтай, ил тод байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, боловсролын чанар, бизнесийн төгөлдөршил, инноваци гаргах чадвар өндөр байна.

Харин манай урд хөрш Хятад улс 4.89 оноогоор 28-рт, хойд хөрш Орос улс 4.44 оноогоор 45-рт эрэмблэгдсэн хэмээн Нээлттэй Нийгэм Форумаас танилцууллаа.