Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Тэгшжаргал: Бид эгэл хүмүүсийн түүхээр эгэл биш сэдвүүдийг гаргаж ирэхийг зорьж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ жил нэг редакциас дөрвөн хүн Ц.Балдоржийн нэрэмжит шагнал хүртжээ.

Энэ бол өдгөө 62 дахь дугаараа гаргах гэж буй "Гэрэг" сэтгүүлийн хамт олны амжилт.  Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрх, даацтай сурвалжлага, анализ нийтлэлээрээ ялгардаг “Гэрэг” сэтгүүлийн Орлогч эрхлэгч Ж.Тэгшжаргалыг бид урьсан юм.

Түүнтэй орчин үеийн сэтгүүл зүйн мэдээлэл, цаасан хэвлэлийн чиг хандлага, уншигчдын тухай ярилцсан бөгөөд Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрх болон гарч ирсэн "Гэрэг" сэтгүүлийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авснаа уншигч танд хүргэе.


-Ц.Балдоржийн нэрэмжит шагналын шилдэг аравт шалгарсанд баяр хүргэе. Энэ шагналыг авсан “Хадаас” нэртэй нийтлэлээс яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Ерөнхийдөө цаасан хэвлэл дээр өрнөж байгаа үйл явц, шинэчлэл, өөрчлөлтийг гаргая гэж бодсон. Өдөр тутмын сонин хэдэн зууны турш маш хүчтэй явсан. Гэтэл одоо технологи хөгжиж, сайтууд улам их болох тусам цаасан хэвлэлийн хэвлэгдэх тоо буурч байгаа.

Ялангуяа Нью-Йорк Таймс хэвлэгдэхээ больсноос хойш цаасан хэвлэл, өдөр тутмын сонинууд ажиллах уу, бүр сүйрэх үү гэсэн асуулт гарч ирсэ​н. Энэ асуултын хариуг өгье гэж бодсон юм л даа.

Ингэхийн тулд өдөр тутмын сонин гардан хийдэг хүмүүстэй уулзсан. Тухайлбал “Ардын эрх” сонин өдөрт 80 мянган хувь, “Үнэн” сонин тухайн цаг үедээ 120 мянган хувь хэвлэгдэж байжээ.

Гэтэл одоо өдөр тутмын ямар ч мундаг сонин энэ тоог гүйцээгүй байгаагаас гадна гурав дөрвүүлээ нийлээд ч хүрээгүй. Энэ тухай “Ардын эрх” сонины хүмүүс болон мэдээллийн сайтыг төгөлдөр утгаар нь хийж байгаа хүмүүстэй уулзаж нийтлэлээ бичсэн.

Хоёрдугаарт, би сэтгүүл зүй өөрийгөө сурталчлахгүй байгаа гэж боддог. Улс төрөөс эхлээд эгэл хүний амьдрал хүртэл сайн муу бүхнийг нийтэлдэг хэрнээ өөрсдийнхөө тухай бичдэггүй. Тэнд бас нэг үйл явц өрнөж байгаа шүү дээ. Энэ талыг харуулъя гэж бодсон.

-Яг энэ асуудал дээр таны өөрийн бодлыг сонсмоор байна. Цаашид сонин хэвлэл ер нь яах бол?

-Би өдөр тутмын “Өнөөдөр” сонинд таван жил ажилласан. Тэгээд сэтгүүл миний сонирхлыг татаж, хүсэл мөрөөдлөө дагаад сэтгүүлд ажиллаж эхэлсэн. Цаасан хэвлэл үгүй болох уу? гэдэг дээр би факт хэлж чадахгүй ч гэсэн битгий үгүй болоосой гэж боддог сая сая хүний нэг.

Гэхдээ цаасан хэвлэл яалт ч үгүй урьд нь хэзээ ч байгаагүй маш том, хүчтэй өрсөлдөгчтэй болж байна. Энэ нь нэг биш хоёр.

Цаасан хэвлэл яалт ч үгүй урьд нь хэзээ ч байгаагүй маш том, хүчтэй өрсөлдөгчтэй болж байна

Нэгдүгээрт мэдээллийн сайтууд, хоёрдугаарт сошиал медиа. Мэдээллийн сайтуудын хувьд зурагтнаас дүрсийг нь, радиогоос хоолойг нь, цаасан хэвлэлээс харагдаж үзэгддэг бүх зүйлийг нь шингээсэн.

Сайт ийм интерактив хэрэгсэл болохоор цаасан хэвлэл олон гартай мангастай нүүр тулж байгаа гэсэн үг. Урьд нь ийм хүчтэй өрсөлдөгч байсангүй. Сошиал медиагийн хувьд хэрэглэгч, уншигч, үзэгч, сонсогчдод маш том боломжийг олгож байна. Сайт дээр ч ялгаагүй. Доор нь сэтгэгдэл байдаг нь иргэн, уншигч ямар хүчтэй байгааг илэрхийлж байгаа юм. Редакцийн хяналтаас гадна уншигчийн хяналт хүчтэй болчихсон.

Өөрөөр хэлбэл хэрэглэгч хүртэгч байсан бол оролцогч болсон. Тэгэхээр энэ нь хүмүүс сошиал медиа, сайтад татагдаад байгаагийн үндсэн шалтгаан. Сонин муудаа биш гол нь хэрэгцээтэй бүхнийг нь өгчихөөр хүмүүс тийшээ явахаас өөр аргагүй болж байна л даа.

-Харин сэтгүүлийн хувьд?

-Сэтгүүлийн хувьд орон зай байгаа гэж би боддог. Ялангуяа долоо хоног тутмын сэтгүүл дээр орон зай байгаа. Яагаад гэвэл уншигчид завгүй, дээр нь маш их мэдээлэлтэй болж байна.

Үүнээс гадна маш их мэдээллээ өөрсдөө цэгцлэх нь хүндрэлтэй бөгөөд хэтэрхий их мэдээлэл нь өөрөө асуудал болж хувирсан. Үүнээс болоод юу үнэн юу худлаа вэ гэсэн асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт би юуг унших вэ гэдгээ өөрөө ойлгоно.

Мэдээллийн давалгаанаас өөрийгөө татаж гаргаж байна л даа. Би иймэрхүү юмнууд уншина, бусдыг нь больё гэж боддог болж байгаа юм. Тийм учраас сонин сэтгүүлүүд өөрсдөө бүтээгдэхүүн шиг төрлөөрөө хуваагдаж байна.

-“Гэрэг” сэтгүүлийн ялгарах онцлог яг юу юм бэ. Хэвлэлүүд өрсөлдөх гэхээсээ илүү бие биенээсээ ялгарна, өөр байна гэж та дээр хэлсэн?

 

-Дотоод контентоос манайхтай дүйцэхүйц даацтай сурвалжлагууд гарч байгаа сэтгүүл байхгүй гэж бодож байна. Үүнээс гадна онцгой булангууд бас байна.

Манайд Humans of Ulaanbaatar гээд булан байгаа. Дэлхийн 50 гаруй хотуудаар явж буй аянд манайх хамгийн түрүүнд нэгдсэн. Манай сэтгүүлийн гэрэл зурагчин Ц.Шувуу дугаар болгон дээр Улаанбаатар хотын иргэдийн амьдралыг гэрэл зургаар харуулж яваа. Зүгээр л гудамжинд явж байгаа эгэл хүмүүсийн эгэл биш түүхүүдийг гэрэл зураг болон бяцхан текстийн хамтаар хүргэдэг.

Бидэнд бас “Хөрш” гээд булан бий. Хятад, Орос хоёрын тухай дагнасан мэдээллүүд гардаг. Сонинуудын мэдээллүүдийг харахад АНУ, Аргентин, Венесуэл, Иракт ийм юм боллоо гэдэг. Эдгээр нь дэлхийн том үйл явдал мөн байлаа ч гэсэн Монголд нөлөөлөх нөлөөлөл нь бага.

Гэтэл хоёр хөршид юу ч болсон бидэнд хамаатай. Жишээ нь юаны ханш өслөө буурлаа, Орос нэг бодлого тодорхойллоо гэхэд л маш чухал. Тиймээс бид хоёр хөршөө ойлгож, хоёр хөрштэйгээ хамаатай мэдээллийг алдахгүй гэсэн үүднээс энэ буланг гаргаж байгаа. Мөн өөр нэг онцлох зүйл бол номын шүүмж, кино шүүмж манай сэтгүүл дээр тогтмол явдаг. Кино шүүмжийг Ж.Тэгшзаяа гээд кино найруулагч бүсгүй, номын шүүмжийг У.Бямбаням гээд утга зохиолоор төгссөн залуу бичдэг.

Бид одоо сайн шүүмж бичиж байгаа гэж хэлэхгүй ч тогтмол нийтлэгдэж байгаа нь өөрөө сайн зүйл. Цаашид таван жилийн дараа кино шүүмж дээр Ж.Тэгшзаяа гэдэг нэр гарч ирэх байх. Энэ хүн өөрөө хийсээр байгаад сурна. Монголын киночид ч бас өөрсдөө хардаг болно гэж бодож байна.

Дээр нь бид сурвалжлагын төрлөөр дагнаж байгаа. Дугаар болгон дээр явсан, хөдөлмөрлөсөн, үнэн бодит түүхийг нээхийг хичээсэн дор хаяж нэг хадаас сурвалжлага гарч байгаа. Үүнээс гадна дэлхийн шилдэг нийтлэлийн орчуулгууд бас манай дээр хэвлэгддэг.

-Монголд гадаад дотоодын олон сэтгүүл байна. Өрсөлдөөн цаашид яаж үргэлжлэх бол?

-Гадны сэтгүүлүүдээс гадна дотоодын брэндүүд бий. Бид ч гэсэн нэг брэнд нь болох гээд явж байна. Бидний хооронд өрсөлдөөн бий. Гэхдээ энэ бол бие биенээсээ сурах өрсөлдөөн, бие биенийгээ хурцлах өрсөлдөөн.

-“Гэрэг” сэтгүүлийн авторууд онцлогтой юм шиг санагддаг. Яг сэтгүүлч биш, тухайн салбарынхаа мэргэжлийг эзэмшсэн хүмүүс харагдаад байна. Нийтлэлийн багаа яаж бүрдүүлсэн бэ?

-Манай редакцид байнга суудаг хүн арав дотор л бий. Харин freelancer гэж ярих юм бол бид хорин хэдүүлээ. Freelancer-уудын хүчийг сайн ашиглаж байгаа гэж боддог.

Эрүүл мэнд гэхэд эрүүл мэндийн чиглэлээр сурч байгаа оюутан бичдэг. Тэр хүн зөвхөн эрүүл мэндийнхээ буланг л хийдэг. Сэтгэл судлаач Л.Энхтүшиг гээд залуу тогтмол сэтгэл судлалаараа бичдэг.  

Сонин дээр бид хүссэн хүсээгүй өөр өөр юмны тухай бичих шаардлагатай болдог. Эдийн засгийн талаар биччихээд дараа нь нийгэм, маргааш нь нэг дуучинтай ярилцах ч юм уу. Энэ нь олон талын чадвартай болгох сайн талтай ч гэсэн нэг сэдэв дээрээ төвлөрөх, тэр сэдвээ бүрэн мэдэхэд хэцүү.

Харин Freelancer-уудын хувьд тухайн хийж байгаа ажлаа маш сайн мэддэг хүмүүс. Тухайн сэдэв дээрээ сайн сэтгүүлчийн дайтай бичдэг байхгүй юу. Ихэнх freelancer болон ажиллагсад маань барууны сэтгүүлүүдийг маш сайн уншдаг, тэр чиглэлийг хөдөлгөөнөөс, дэвшлүүдээс нь хоцрохгүй явдаг давуу талтай.  

-Барууны сэтгүүл зүйгээс юуг нь танайх хамгийн голчлон нэвтрүүлэхийг хүсэж байна вэ?

-Хамгийн түрүүнд мэдээлэл үнэн бөгөөд баталгаатай байх. Үүн дээр нэмээд бид энгийн хүмүүсийн түүхээр маш гайхалтай сэдвүүдийг хөндөнө. Ерөнхийдөө барууны нийтлэл, сурвалжлагууд тийм л байдаг. Манайх шиг дандаа дарга нартай уулзаж яваад нийтлэл бичдэггүй.

Жишээлбэл оюутны сургалтын төлбөр нэмэгдлээ гэхэд манай хэвлэлүүд БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс очоод ярилцлага авчихсан эсвэл доод талынх нь дарга нараас яриа авчихсан байгаа шүү дээ. Гэтэл энгийн оюутантай уулзсан хүн байгаа болов уу, мэдэхгүй. 70 мянга өгөх хэрэгтэй гээд байдаг. Тэгвэл 70 мянга яагаад өгөх хэрэгтэй юм, түүнийгээ яаж зарцуулдаг юм гэдгийг судалж явсан хүн байхгүй. Зүгээр л таамгаараа, хуурай, ямар ч баримтгүйгээр бичдэг.

Барууны сэтгүүл зүйн гол онцлог нь баримт, хүний түүх байдаг. Сэтгүүлч нь өөрөө дүгнэлт хийдэггүй, тэр хүмүүсээрээ яриулдаг. Үүнийг л бид маш сайн сурч авахсан гэж хичээж байна.  

"БИДЭНД ШУУРХАЙ МЭДЭЭЛЛЭНЭ ГЭДЭГ ТИЙМ Ч ЧУХАЛ БИШ"

-“Гэрэг” сэтгүүл зун хэсэг завсарлаад аравдугаар сарын 1-нээс гарч эхэлнэ гэсэн. Одоо ямар шинэ зүйлээр уншигчиддаа бэлэг барих вэ?

-Дотор дизайн, дата, болон сэдвүүд дээрээ ажиллаж, нийтлэлүүд ямархуу өнгө аястай байх вэ гэдгийг нэлээн судалсан. Иймэрхүү байх ёстой гэсэн хэв маягтай болж байгаа гэсэн үг. Аравдугаар сарын 1-нээс харагдаад эхлэх болов уу. “Гэрэг” сэтгүүл сурвалжлагын төрлийг маш сайн авч явж, уншигчид өөр сонин, сайт дээр хэзээ ч гарахгүй даацтай сурвалжлагыг олж харна гэдэгт итгэлтэй байгаа.

Хоёрдугаарт, бид анализ нийтлэлүүд хийж байгаа. Мөн уншигчаа залхаахгүйн үүднээс дата оруулж байгаа. Сэтгүүлийнхээ дөрөвний нэг буюу хориод нүүрийг датанд зориулж эхэлсэн.

 

Бидний зорилгоо том нийтлэл том байна, жижиг нь жижиг байна, дундын үлбэгэр юм байхгүй гэж тодорхойлсон . Гэхдээ том гэдэг нь дан ганц хэмжээндээ, нэлийсэн урт байхдаа биш. Чанартай, даацтай нийтлэлүүд 3-4 орно, бусад нь бүгд жижигхэн, хүний анхаарлыг татах, хүнд хэрэгтэй мэдээллүүд байхаар төлөвлөсөн. 

-Сэтгүүл зүйн мэдээлэл хурдтай, шинэлэг байх ёстой ч гэдэг юм уу үндсэн шаардлагууд байдаг л даа. Долоо хоног тутамд гарч байгаа сэтгүүлийн мэдээ энэ “сул” талаа яаж нөхдөг вэ?

-Хурд бол сэтгүүл зүйн мэдээлэлд байх ёстой зүйл мөн боловч өнөөгийн нөхцөлд заримдаа сул тал болдог. Маш их мэдээлэл өрнөж байгаа, хүмүүсийн мэдэх хэрэгцээ ч их байгаа энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагууд юм юмны тухай зах зухаас нь мэдээллээд өнгөрчихдөг. Хурд гэдэг зүйл байхаар тайван бодох хугацаагүй болчихож байгаа юм. Долоо хоног тутмын сэтгүүлийн давуу тал нь шууд хариу үйлдэл үзүүлдэггүй. Бодно, хүмүүстэй уулзана, асууна, нэг хоёр хоног харна. Нэг өдөр шуураад л маргааш нь хэнд ч хэрэггүй болчихсон үйл явдал байдаг шүү дээ.

Мөн бидэнд шуурхай мэдээллэнэ гэдэг тийм ч чухал биш. Шуурхай мэдээллээр сайтыг барах хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй боллоо. Тэгэхээр бид өөрсдийнхөө чадахгүй зүйл дээр анхаарч, хүний зах зээлд оролцоод шуурхай байх гэж хичээх шаардлага байхгүй. Харин уужуу тайван бодсон, даацтай, анализ дүгнэлт хийсэн, чухам үнэн юу вэ гэдгийг харуулсан нийтлэлүүд бичихийг гол зорилгоо болгож байна. Энэ л бидний хувьд давуу тал болно доо.

-Та 2013 онд Ц.Балдоржийн нэрэмжит Гран-При шагнал хүртэж байсан. Өвөрмонголоос бичсэн цуврал нийтлэлээрээ энэ нэр хүндтэй шагналын эзэн болж байсан юм билээ. “Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иднэ” гэсэн үг бий л дээ. Ер нь нийтлэлээ бичих гэж хэр их явж, хэдэн хүнтэй уулздаг вэ?

-Илүү их явах тусам цаашаа бүр их явмаар санагддаг. Хоёр хүнтэй уулзлаа гэхэд гурав дахьтай нь заавал уулзмаар санагддаг ч юм уу. Сонинд байхад одоогийнх шиг маш олон хүнтэй уулзаад явах боломж байсангүй. Гэхдээ яг Ц.Балдоржийн нэрэмжит шагнал авдаг хоёр нийтлэлээ бичих гэж редакциасаа сар гаруй хугацаанд чөлөө авч байлаа. Нэг нь Өвөрмонголоос бичиж байсан цуврал нийтлэл, нөгөө нь Дорнодын Матадаас Улаанбаатар, Истанбул явж бичсэн сурвалжлага. Редакц үнэхээр цаг гаргасан болохоор л бичсэн. Өдөр тутмын сонинд ажиллаж байгаа хүн жилд 12 нийтлэл бичих боломж байхгүй. Сард нэг удаа нийтлэл бичээд байвал би тэр редакцдаа ашиггүй хүн болж таарна шүү дээ.

Харин “Гэрэг” дээр маш сайн цаг гаргаж чадаж байгаа. Жишээ нь “Хадаас” нийтлэлээ бичихийн тулд би бараг 20 гаруй хүнтэй уулзсан. Долоо хоногт нэг удаа гарч байгаа гэдгийн давуу тал нь үүн дээр харагдаж байна. Нийтлэл, сурвалжлага дээрээ суухаас гадна хүмүүстэй уулзах, тэрийгээ бодох цаг зав гарч байгаа.

Энэ жил манай сэтгүүлийн автор У.Бямбаням гээд залуу Ц.Балдоржийн нэрэмжит дэд байрын шагнал авсан. Түүний бичсэн нийтлэлүүдийг харвал маш сайн явсан, сонирхолтой сурвалжлагууд байгаа. Хэрэв Та “Гэрэг”-ийг нэг удаа ч болов унших юм бол энэ бүхэн харагдах байх аа.

КОВЕРЫН САНААГ ГАРГАХАД “САЙН ХҮҮХЭД” БАЙХААСАА ИЛҮҮ “ДҮРСГҮЙ ХҮҮХЭД” БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Уншигчийн зүгээс харахад “Гэрэг” сэтгүүлийн бас нэг онцлог нь ковер зураг юм шиг санагддаг. Тэр сонирхолтой зураг, санаанууд хэрхэн бүтдэг вэ. Гэрэл зурагчин, дизайнерын тухай илүү их мэдмээр санагдаж байна?

-Долоо хоног тутмын сэтгүүл дээр ковер гэдэг зүйл бүх ажлын бараг 50 хувь нь. Бүх редакциараа анхаарлаа хандуулдаг чухал зүйл бол ковер. Бид маш сайн ярилцдаг. Уншигчид коверыг хараад л авах уу үгүй юу гэдгээ шийднэ. Яагаад гэвэл доторх материал мянга сайн байгаад ковер нь муу байвал бүх юм дууслаа л гэсэн үг.

Коверын санааг гаргахад “сайн хүүхэд” байхаасаа илүү “дүрсгүй хүүхэд” байх хэрэгтэй юм шиг санагддаг. Төгрөгийн тухай бичлээ гэхэд дан ганц төгрөгийн зураг тавьчихаар хэн ч тоохгүй. Янз бүрийн аргаар оролдож үзнэ. Төгрөгийг базаж харуулах уу, тасдаж харуулах уу, төгрөг өөрөө байхгүй сүүдэр нь байх уу гэх мэтээр сэтгэх шаардлага гарна.

Сэтгүүлийн ковер сэдвийнхээ гол санаатай уялдах ёстойн дээр хүний анхаарлыг татах хэрэгтэй. Энэ хоёрын заагийг олох амаргүй гэж хэлэхгүй. Гэхдээ ковер хийх, сонгох үйл явц сонирхолтой байдаг. Манайхан бараг арван хэдэн санаа гаргасны нэг нь л уншигчдын харж байгаа ковер юи. Түүний цаана есөн амжилтгүй санаа байгаа.

-Танайх 60 гаруй дугаар гаргасан байна лээ. Таны бодлоор хамгийн шилдэг ковер чинь хэзээ гарч байсан бэ?

 

-62 дахь дугаар маань одоо гарах гэж байна. Эхнээс нь авхуулаад бодъё л доо. Хоёр дахь дугаар дээр гарч байсан ковер бий. Гэрэл зурагчин Ц.Шувуугийн авсан зураг байгаа. Тансаг зэрэглэлийн зах зээлийн тухай бид бичсэн байсан.

Монгол их сонин шүү дээ. Дундаж брэндүүд бараг байдаггүй хэрнээ тансаг зэрэглэлийн бараг ихэнх брэнд ороод ирчихсэн. Тэгэхээр энд их сонин юм харагдаж байгаа. Нэг бол хэт баян, нэг бол хэт ядуу хүмүүс байгаа ч юм шиг. Шууд ингэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ энэ дүр зураг тиймэрхүү юм биш байгаадаа гэж харагдуулна. Үүнийг манай зурагчин гайхалтай мэдэрч зураг дарсан. Тэр зургийг харахад л тэр нийтлэлийг уншихгүй байхад ч болмоор хүчтэй.

Бид зураачдаас бас бүтээл авдаг. Зураач Б.Орхонтуулын нэг ажлыг хөндөлгүйгээр ковер дээрээ тавьж байсан. Санаагаа гайхалтай илэрхийлсэн зураг.

-Танайх уншигчдынхаа эргэх холбоог яаж сайжруулдаг вэ. Жишээ нь, танайх сайт шиг шууд сэтгэгдэл авахгүй шүү дээ?

-Бид нар фэйсбүүкээрээ мэдээлэл түгээхэд уншигчид санаа бодлоо илэрхийлж байдаг. Редакц руу уншигчид заримдаа утасддаг. Одоо аравдугаар сарын 1-нээс уншигчидтай харилцах тусдаа нүүр гаргаж байгаа.

Уншигчид өмнөх дугаарт гарсан нийтлэлүүдээс юу нь таалагдсан, юу нь таалагдаагүй тухай сэтгэгдлээ хэлнэ гэсэн үг. Сэтгэгдлийг нь бид утас, и-мэйл зэрэг боломжтой бүх холбоосоор аваад сэтгүүл дээрээ нийтлэх юм.

Учир нь уншигч гэдэг маш хүчтэй болж байна. Хүчтэйгээс гадна өмнө нь хэзээ ч байгаагүй эрх мэдэлтэй болж байна. Өөрөөр хэлбэл уншигч өөрөө мэдээллийг бүтээлцэж, редакц дараагийн дугаартаа юу бичихэд нь нөлөөлж чаддаг болсон.

-“Гэрэг” гэдэг сэтгүүлээс гадна сайттай болох ч юм уу өргөжих төлөвлөгөө бий юу?

-Долоо хоног тутмын сэтгүүл манайд төгөлдөр утгаараа бий болоогүй байна. “TIME” л гэхэд зуун жилийн түүхтэй байдаг. Гэтэл бид жил гаруй хугацаанд явж байна.

Тийм болохоор эхлээд сэтгүүлээ брэнд болгоход анхаарлаа хандуулна. Зөвхөн “Гэрэг” гэлтгүй хүмүүсийг сэтгүүл уншиж сургах, сэтгүүл уншдаг болгох, тэр гоё юмыг нь мэдрүүлэхийн тулд маш сайн суух хэрэгтэй. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ бид сэтгүүл дээрээ л төвлөрнө дөө.

-Монголд сэтгүүл унших соёл хэр тогтсон байдаг юм бол. Танайд үнэнч уншигчид бий юу?

-Бид гуч, дөчин мянган уншигчидтай болно гэж угаасаа зориогүй. Цаасан хэвлэлээс унших юм олдохгүй гэдэг. Энэ нь хүмүүс цаасан дээрээс унших дургүйдээ биш тэдний хэрэгцээнд нийцсэн мэдээлэл ховор байгаа нь бас нөлөөлдөг байх.

Тиймээс тэдгээр хүмүүст тайван суугаад юм унших хэрэгцээ гарлаа гэхэд тэнд манай сэтгүүл байгаасай. Ийм зүйлийг хайж байгаа уншигчийн сэтгэл ханамжтай үлдвэл болно.

-Та бүхэн нийтлэлийнхээ үр дүнг юугаар хэмждэг вэ?

-Бид хүмүүст зааж, сургахыг хүсэхгүй. Ийм байдаг юм гэж тулгахгүй. Харин тэр хүмүүсийн оюун дүгнэлтээ хийхэд хэрэгцээтэй бүхий л мэдлэг, мэдээллийг дэлгэхийг илүүд үзнэ.

Жишээ нь “Хадаас” нийтлэл дээр би сэтгүүлчийн үүднээс дүгнэлт хийгээгүй. Харин энэ сэдэвт хамаатай байж болох бараг бүх хүний байр суурийг оруулсан. Тэрийг уншсан хүн цаасан хэвлэл сүйрэх үү үгүй юу гэдэг дүгнэлтээ өөрөө хийнэ. Өөрөө хийх бүх юмыг нь бэлдэж өгөхийг хичээсэн.

“Сонин мөхөх юм байна”, эсвэл “Сонин мөхөх мөдгүй” гээд л биччих юм бол болохгүй. Сэтгэгдэл бүтээнэ гэдэг нь уур амьсгал бий болгоно гэсэн үг. Тэр нийтлэлийг уншсаны дараа өдөр тутмын сонин захиалахаа больчихсон байсан хүн захиалбал гоё юм байна гэх, эсвэл сонин ийм юм чинь захиалаад хэрэггүй юм байна гэж бодож байгаа нь хоёулаа л үр дүн шүү дээ.